UBLife Logo
Спорт

Сүүлчийн Император, КроКоп хоёр боксын дүрмээр тулалдана

Сүүлчийн Император, КроКоп хоёр боксын дүрмээр тулалдана

Орчин үеийн боксын ертөнц тун хачирхалтай үедээ ороод байна гэж хэлэхэд болно. Аль хэдийнэ зодог тайлсан ахмадууд эргэн рингэнд гарч байгаа бол нэг блогчин гарч ирээд нэртэй тамирчдыг цохиод унагаадаг болжээ.

Тэгвэл яагаад холимог тулааны одод боксдож болохгүй гэж. Шүтэн бишрэгчид нь Фёдор Емельяненког боксын рингэнд харахыг тун их хүсэж байсан. Сүүлчийн Император ч холимог тулаанаас зодог тайлаад бокст шилжих талаар үг цухуйлгаж байсан билээ. Харин энэ удаад жирийн цуурхлаас жинхэнэ бодит тулаан болон хувирлаа.

Фёдор 49 настай. Тэрээр боксын дүрмээр тулалдахад өөрт нь таарсан жинхэнэ өрсөлдөгч олж чадлаа гэж зарласан. Урьд өмнө торон дотор өстөн дайсан болтлоо цусаа урсгаж байсан өрсөлдөгч нь. Фёдор “Би Мирко КроКопыг тулаанд урьсан. Тэр зөвшөөрсөн. Эхлээд боксын тулаанаа Японд хийх гэж байсан ч харамсалтай нь болж өгсөнгүй. Манай серби нөхөд зохион байгуулах санал тавьсан. Би дэлхий дахинд самбо бөхийнхөн бокс тоглож чадна гэдгийг харуулмаар байна” гэж мэдэгдлээ.

Тулаан 2026 оны гурав, эсвэл дөрөвдүгээр сард Сербид явагдана. Боксын дүрмээр тулалдах юм. 2000-аад онд дэлхийн тулааны ертөнцийг ноёрхож явсан домгууд.

Тэд яг 20 жилийн өмнө 2005 оны наймдугаар сарын 28-нд Японд “PRIDE Final Conflict — 2005” том тэмцээний оргилд холимог тулааны дүрмээр тулалдсан. Гурван үе харилцан ур чадвараа гайхуулсаар Сүүлчийн Император шүүгчдийн нэгдсэн саналаар ялж байлаа. Энэ тулаанаас өмнө Хорватын Цагдаа Фёдорын ах Александртай таарч, өшиглөж унагаад, унасан хойно нь нидэрч, ухаан алдуулан, Фёдор амандаа П үсгээр эхэлсэн хараал хэлж байсан юм. Ингээд Фёдор ахынхаа хариуг авч чадсан бол энэ удаад КроКоп хариугаа авахыг хүсэж байгаа.  

51 настай Мирко 2019 оноос хойш тулалдаагүй байгаа. Арав дараалан ялж байхдаа буюу ид үедээ зодог тайлсан. Харин Фёдор дараалан ялагдсаар тороо орхиж байлаа. Гэхдээ хоёулаа дасгалжуулагчаар ажиллаж байгаа тул формтой байгаа.

Мэдээж энэ хоёр тамирчнаас Майк Тайсон мэт хэвлэлийн хурал дээрх агсагнахыг хүлээх хэрэггүй. Тэд ийм зүйлээс дээгүүр хүмүүс. Гэхдээ дотор нь 20 жилийн өмнөх өрсөлдөөн буцалж байгаа нь ойлгомжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.