Кюүшюү башёгийн гол онцлогийн нэг болох шинэ сэкивакэ Аонишики эхний гурав өдөр дараалан ялж, нэг ч өвдөг шороодсонгүй. Дээд зиндаанд орсноосоо хойш анх удаа эхний гурван өдрийг унаагүй давлаа. Макүүчид таван башё дараалан 11 даваад байгаа украин залуугийн хувьд энэ удаад 12 давааг зорилгоо болгож байгаа. 11-12 давж байж, ирэх башёд озэки цолны болзол сонсоно гэгдэж байгаа ч Кюүшюүд сайн барилдвал өгөхөд болно гэж үзэх ояката ч олон байгаа. Одоо байгаа ганц озэки Котозакүра 1 давж, 2 унаад ирэх башёд кадобан болох магадлал өндөр. Тэгэхээр шинэ озэки агаар, ус мэт хэрэгцээтэй байна.

Аонишики доогуур нам бөхийн дайрч, барьц аваад яаж ч түлхэж, сөхсөн, толгой өндийлгөдөггүй барилдаантай. Тэсвэр тэвчээр сайтай, сэтгэл зүйтэй.
Түүний барилдааныг харсан Сүмо холбооны тэргүүн Хаккакү ояката “Маш намхан золгож байгаа тул өрсөлдөгч нь хөдөлгөж чаддаггүй. Нуруу сайтай. Чадалтай. Ер нь яг л Чиёонофүжи аварга шиг байна. Би Чиёонофүжи аваргатай барилдахдаа хөдөлгөж чаддаггүй байлаа. Энэ бол байгалиас заяасан зүйл” гэж магтжээ.

