Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Нэгдүгээр сарын тэмцээний шинэ банцүкэг зарлалаа. Украины анхны озэки төрсөн онцлогтой башё ч ихэнх мэргэжилтний анхаарлыг хуучин Миягино буюу их аварга Хакүхогийн дэвжээний бөхчүүдийн нэрс татсан юм. Миягино дэвжээ хаагдсанаар бөхчүүд нь өнгөрсөн оны 4-р сард Исэгахама дэвжээнд шилжсэн. Шинэ банцүкэд Исэгахама дэвжээ есөн бөхийн нэрийг өөрчилсний найм нь хуучин Миягино дэвжээний бөхчүүд. Миягиногоос ганцхан Энхо л хуучин нэртэйгээ үлджээ.

Маэгаширагийн барууны 3-т жагссан Хакүоохо бол Хакүхогийн орон нутгаас олж ирсэн “Рэйва эриний мангас” хочит бөх. Түүний нэрийг Хакүнофүжи болгон өөрчилжээ.
Исэгахама дэвжээнийхэн ояката байсан ёкозүна Асахифүжиг дагаад Фүжитэй нэр авдаг уламжлалтай.

Харин Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Дэмиджамц Миягино дэвжээнд орохдоо Сэйхакүхо гэсэн нэр авч байсан. Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай. Хакүхо нь мэдээж их аварга Хакүхогийн нэр. Тэгвэл тэр ирэх тэмцээнээс Тошинофүжи нэртэй барилдана.
Тэншёохог Миэнофүжи, Мацүиг Арашифүжи, Сэншёохог Изүмифүжи, Чюраг Чюрафүжи, Оонокүраг Күранофүжи, Кавазоэг Хананофүжи, Казүнофүжиг Сүйгафүжи болгон сольсон байна.

Ийнхүү Исэгахама дэвжээний 31 бөхийн 29 нь ФҮЖИ нэртэй боллоо. Нөгөө талаас Миягино дэвжээ шийтгэл нь дуусаад дахин нээгдэнэ гэсэн итгэл найдвар талаар болох нь тодорхой болов уу даа.

