UBLife Logo
Спорт

А.Петросян ОХУ-ын уран гулгалтын АШТ-д 3 дараалан түрүүллээ

А.Петросян ОХУ-ын уран гулгалтын АШТ-д 3 дараалан түрүүллээ

Дэлхийн уран гулгалтын спортод тэргүүлэх байр эзэлдэг ОХУ-ын уран гулгалтын 2026 оны АШТ энэ сарын 17-22-нд Санкт-Петербург хотноо боллоо. Олон улсын уралдаан тэмцээнд оролцох хоригт ороод хэдэн жилийг үзсэн Оросын уран гулгалтын тамирчид ирэх хоёрдугаар сард Италид болох Өвлийн олимпийн XXV наадамд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцохоор болоод байгаа үед болж буй тэмцээн болохоор улам ч их анхаарал татлаа, спорт сонирхогчдын.

Италийг зорих эрхээ авсан Аделия Петросян , Петр Гуменник нар улсынхаа аваргад ямар амжилт үзүүлэх бол гэсэн хүлээлт ч их байлаа. Олимп, дэлхийн аварга болохоос Оросын аварга болох нь хэцүү гэсэн  яриа ч уран гулгалтынхны дунд байдаг.

Олимпийн эрхээ өвөртөлсөн хоёр гулгагч аль аль нь  улсынхаа аваргаар итгэл төгс түрүүллээ.

Петр Гуменник эрэгтэй ганцаарчилсан төрөлд анх удаагаа улсынхаа аваргаар тодорлоо. Түүний итгэлтэй, тайван байдал гайхалтай байв. Тэгвэл эмэгтэй ганцаарчилсан төрөлд 18 настай Аделия Петросян төгс гүйцэтгэл, өчүүхэн ч алдаагүй үсрэлт, техник үнэхээр супер байж, 235,95 оноогоор алтан медаль хүртэв.

Аделия ийнхүү гурван жил дараалан улсынхаа аваргад түрүүллээ.

Алдарт Этери Тутберизигийн шавь нар ОХУ-ын АШТ-ий эмэгтэй ганцаарчилсан төрөлд сүүлийн 11 жил дараалан (Е.Медведева 2016,2017 онд, А.Загитова 2018 онд, А.Щербакова 2019,2020,2021 онуудад, А.Трусова 2022 онд, С.Акатева 2023 онд, А.Петросян 204,2025,2026 онд) алтан медалийг тасралтгүй хүртэж буй нь энэ. Гайхалтай гэхээс өөр юу гэхэв.

Мөн бүжгийн хосод Александра Степанова / Иван Букин, спорт хосод Александра Бойкова / Дмитрий Козловский нар 2026 оны ОХУ-ын аваргаар тодорлоо.

"Милан -Кортина 2026" өвлийн олимпийн уран гулгалтын тэмцээн 2026 оны хоёрдугаар сарын 6-19 -нд Италийн Милан хотын "Milano Ice Skate arena" -д болох бөгөөд 35 орны 142 тамирчин таван төрөлд (багийн, спортын болон бүжгийн хос, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан) медалийн төлөө өрсөлдөх юм.

Ц.Энхтүвшин  Таван цагариг сонин

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.