Энэ жил Монголын цахим спортын салбар амжилтаар арвин байлаа. Монгол баг, тамирчид болон дасгалжуулагчид гадаадын багуудад уригдан, олон улсын түвшинд тоглохоос эхлээд улс, тивээ төлөөлөн дэлхийн тавцанд гялалзав. Амжилт ололт дүүрэн жилийн төгсгөлд монголын цахим спортын салбарын шилдгүүдийг тодруулан алдаршуулах “Mongolian E-Sports Awards” шагнал гардуулах ёслол боллоо. Энэхүү нийтлэлийг “Mongolian E-Sports Awards”-ын ерөнхий ивээн тэтгэгч, цахим спортыг дэмжигч Юнител групптэй хамтран бэлтгэв.

Цахим спортын баг тамирчид, дасгалжуулагчид, мөн салбарын контент бүтээгчид хуран цугласан тус үдшийг “Анир Поп Оркестр” нээсэн бөгөөд Mobile Legends, CSGO, PUBG зэрэг тоглоомуудын хөгжмийг анх удаа оркестр хөгжмийн найруулгаар эгшиглүүлсэн юм. Өнгөрсөн жил “Mongolian E-Sports Awards” видео контент хэлбэрээр олонд хүрч байсан бол энэ жил илүү өргөн цар хүрээнд, албан ёсны арга хэмжээ болж зохион байгуулагдсан нь салбарын хурдацтай өсөлт, амжилтыг харуулсан томоохон дэвшил боллоо. Нийт 12 төрөлд ESN болон үзэгч олон нийтийн саналаар салбарын шилдгүүд ийн тодорлоо.

PC Esports team of the year- The MongolZ
Энэ жилийн шилдэг багаар /компьютерийн/ ямар ч маргаангүйгээр CS2-ийн The MongolZ баг шалгарлаа. Тэд BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд финалд шалгарч, Азийн багуудаас Major-ын финалд хүрсэн цөөн багийн нэг болж чадсан бол үүний дараа Esports World Cup 2025-ийн CS2 төрөлд аваргаар шалгарч, дэлхийн S-tier түвшний томоохон тэмцээнээс анх удаа цом хүртэн Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.

Энэ жил The MongolZ багийн үзүүлсэн амжилтууд дунд “IEM Chengdu 2025” тэмцээний ширүүхэн өрсөлдөөнөөс 5-6-р байр эзэлж, өндөр түвшний гүйцэтгэл үзүүлсэн нь дэлхийн шилдэг багуудтай ана мана өрсөлдөхүйц баг гэдгийг батлах амжилт байв. "Senzu"-г орлож, багийн бүрэлдэхүүнд нэгдээд удаагүй байгаа "controlez"-ийг хэрхэн тоглох вэ гэдэг олны анхаарлыг татаж байв. Тэр ч хүлээлтийг давж, эхний хоёр мап дээр 1.89 үзүүлэлттэйгээр багийнхаа шилдэг тоглогч нь байлаа.

“Монголын цахим спортынхны баяр гэж болохуйц ийм гоё арга хэмжээ зохион байгуулагдаж, оролцож байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. 2017 оноос хойш 8 жилийн турш и-спортын мэргэжлийн түвшинд тоглосноос хойш энэ жилийн зургаадугаар сард анхны дэлхийн аваргадаа, сая хоёр дахь удаагаа оролцсон. Дэлхийн аваргад оролцоно гэдэг миний хувьд бараг л хүрч чадахгүй оргил мэт, мөрөөдөл байсан ч дахиад хичээгээд үзье, хамаг бүхнээ дайчлъя гэж зорьсноос хойш чамгүй өндөр амжилтуудыг үзүүллээ. Тамирчны хувьд арвин их ахиц дэвшил, ололт амжилттай сайхан жил болж өнгөрсөн учраас дараа жил ч улам их хичээх урам зориг авсан. Надад итгэл хүлээлгэж, намайг сонгосон The MongolZ багийнхандаа маш их баярлалаа.”
Mobile Esports team of the year- Alpha Gaming

Дэлхийн шилдэг 40 баг оролцсон, гурван сая ам.долларын шагналын сантай ‘’PUBG Mobile Global Championship’’ тэмцээнд Alpha Gaming баг гуравдугаар байр эзэлж, багийн тамирчин А.Бүрэнбаяр /TOP/ тус тэмцээний MVP-ээр тодорч, дэлхийн тайзнаа Монголын нэрийг өндөрт өргөсөн билээ.
PC player of the year- Senzu

Senzu BLAST.tv Austin Major 2025 тэмцээний шийдвэрлэх тоглолтуудад өндөр гүйцэтгэл, клач тоглолтоороо онцгойрч, улирлын турш Senzu HLTV-ийн статистик үзүүлэлтээр багийн хамгийн тогтвортой rifler-уудын нэг байж, Esports World Cup 2025 тэмцээнд тогтвортой үзүүлэлтээрээ аваргын цом өргөхөд том нөлөө үзүүлсэн юм. Түүнчлэн, S-tier тэмцээнүүдэд дэлхийн шилдэг тоглогчидтой эн тэнцүү өрсөлдөх чадвараа баталсан нь түүнийг жилийн шилдэг тоглогч /компьютерийн/ болгож байна.
IGL of the year- bLitz

Цахим спортын багийг хүний бие гэж төсөөлбөл In Game Leader-ийг багийн тархи гэж хэлж болно. Тоглолтын турш тэдний гаргасан ухаалаг шийдвэрүүд багаа хожил эсвэл ялагдлын алинд хүргэхийг шийддэг билээ. Энэ жил багаа хамгийн сайн манлайлж, түүхэн амжилтуудад хөтөлсөн тул CS2-ийн The MongolZ багийн "IGL" bLitz шилдгээр тодорлоо.
“Өмнө нь ийм шагнал гардуулах ёслолд оролцож байгаагүй болохоор хамгийн гоё хувцсаа өмсөөд, ганган дээрээ тавиад ирлээ. Шагнал авч магадгүй гэсэн горьдлого байсан тул тайзан дээр гараад хэлэх үг бэлдсэн ч сандрал догдлол зэрэгцээд бэлдсэн үгээ мартчихлаа. Тайзан дээр гараад тоглох нэг өөр, шагнал авах бас нэг өөр юм байна. Энэ шагналыг авахад тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд, The MongolZ-ын арын албаныхандаа бүгдэд нь маш их баярлалаа. Ирэх жил Монголчуудыгаа дахин төв талбайд хонуулахыг хичээх болно оо.”
Цахим спорт бол технологийн дэвшлийг хамгийн идэвхтэй, бүтээлч хэлбэрээр ашиглаж буй спортын төрөл билээ. ICT салбарт тэргүүлэгч Юнител групп PUBG, MLBB National Championship зэрэг тэмцээнүүдээс эхлээд оны төгсгөлд тус шагнал гардуулах арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Юнител групп хамтран ажиллаж буй. Тэд байлдан дагуулах эхний алхмаас эцсийн цэг хүртэл цахим спортын баг тамирчид, үзэгч сонирхогчидтой хамт байж, дэмжсээр байгаа юм. Түүнчлэн энэхүү хамтралын хүрээнд цахим спортын салбарт хайртай хүүхэд залууст зориулж, mxrningstar хамтлагтай хамтран “Түрүүлж алхана” нэртэй дууг олны хүртээл болгосон билээ.

Mobile player of the year- TOP

“Энэ жил миний хувьд үнэхээр аз од гийсэн, гайхалтай жил болж өнгөрлөө. Энэ жил хоёр цомыг атгаад алдсан ч ирэх жил оролцох бүхий л тэмцээнүүддээ аваргын цомыг авахын төлөө бүхнээ дайчилна гэж зорьж байна. Цахим спортоор хичээллэж эхэлснээс хойш олон ч зүйл сурсан, амьдралд маань ч сайхан зүйлс, ололт амжилтууд баялаг байлаа. Хамгийн гоё нь дуртай зүйлээ хийгээд, ямар ч стресс бухимдал, ялархах мэдрэмжгүй мөнгө олж байгаа маань юм уу даа. Гадаадад цахим спортын нэгдсэн арга хэмжээ, шагнал гардуулах ёслолууд нижгэр болдог шиг Монголд ч бас зохион байгуулагдаасай гэж их хүсдэг байсан. Энэ шагнал гардуулах ёслол ийм өргөн цар хүрээтэй, албан ёсных болж зохион байгуулагдсанд, шилдгүүдийн нэгээр тодорсонд сэтгэгдэл маш өндөр байна. Багийнхандаа болон ESN-ийн хамт олонд маш их баярлалаа.”
Fan favorite player of the year- Techno4k
Тэрээр BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд плей-оффын шатанд utility ашиглалт, trade авах чадвараараа тогтмол өндөр гүйцэтгэл үзүүлж, Esports World Cup 2025 тэмцээний аваргын цомын төлөөх тоглолтын чухал раундуудад ч мөн алдаа мадаггүй тоглолтоор онцгойрсон билээ. Techno4k энэ жилийн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тоглогчоор шалгарлаа.
Coach of the year- Maaraa

Цахим спортод багийн гишүүд цөм нэг хүсэл, зорилго дор сэтгэл зүрхээрээ нэгдэж байж амжилт гаргадаг нь илэрхий. Дасгалжуулагч Маараа багийн гишүүдээ атгасан гар шиг зангидаж, зөв залж чиглүүлснээр The MongolZ баг энэ жил цахим спортын түүхэнд томоохон амжилтууд үзүүллээ. Түүнгүйгээр The MongolZ багийн амжилтыг төсөөлөх боломжгүй.
Hightlight of the Year- 910

Догдлол, айдас зэрэг төрүүлж, үзэгч болон тоглогчдын сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэдэг, цахим тоглоомын салшгүй нэг хэсэг бол тоглолтын онцлох мөчүүд. Энэ жил монгол баг, тамирчид тив, дэлхийн тэмцээнүүдэд олон гайхалтай тоглолтууд хийсний дотроос CS2-ийн The MongolZ багийн 910-ын Vitality-тай хийсэн тоглолтын үеэрх мөч шилдгээр тодорлоо.

Шилдгүүд тодорсон, амжилт бүтээлээ хуваалцсан энэ орой “Chingis Warriors” баг CS2-ийн Ази тивийн аварга шалгаруулах гэж болохуйц eXTREMESLAND 2025 тэмцээний аваргын цомыг өргөсөн гайхалтай мэдээг хүргэсэн билээ. “Chingis Warriors” багийн хувьд финалын шатанд Хятадын “JiJieHao” багийн эсрэг тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгуулан, олон улсын тэмцээнээс анхны цомоо өргөж буй нь энэ юм.
Gaming streamer of the year- MIO

“Арван жилийн сурагч байхаасаа өсвөр насны хөвгүүд ямар байдаг билээ, тэдний адил найзуудтайгаа хичээлээ тасалж PC тоглоод л яван, явсаар цахим спорттой ийнхүү амьдралаараа холбогдсон байна даа. Warcraft, Dota 2 анх сонирхож тоглодог байлаа. Тоглож үзээгүй, сонирхож байгаагүй тоглоом байхгүй гэхэд хилсдэхгүй. Энэ шагналыг хүртэнэ гэсэн ямар ч төсөөлөлгүй байсан ч 2023 оноос хойш гурав дахь жилдээ шилдгээр шалгарсанд маш их баяртай байна. Дэлхийн бусад улс орнуудын адил ийм арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь Монголын цахим спортын салбарт яг л дутуу байсан орон зайг дүүргэж байгаа мэт сайхан байна.”
Talent of the year- KEI

Бүхий л спорт, баг тамирчдыг үзэгч, сонирхогчдод ойртуулж өгдөг нэвтэрхий толь бол мэдээж тайлбарлагч билээ. Энэ жилийн шилдэг кастер буюу тайлбарлагчаар кастер KEI тодорлоо.
“Хоёр дахь жилдээ энэ хүндтэй шагналыг авч байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Энэ жил цахим спортын салбарын хувьд ар араасаа дараалсан олон ч тэмцээн боллоо, баг тамирчид маань ч гайхалтай амжилтуудыг үзүүллээ. Цахим спортын эх орон гэж хэлж болохуйц бахархам амжилтуудыг гэрчилж, тайлбарлаж, нэг хэсэг нь болсондоо баяртай байна. “Esports World Cup 2025” тэмцээнд The MongolZ баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, аваргын цомыг хүртсэн түүхэн мөчийн шууд дамжуулалтыг нийт 164,000 хүн үзсэн нь бидний хувьд ч том амжилт, шинэ рекорд байлаа. Энэхүү түүхэн мөчийг хамтдаа гэрчилсэн, бидэнтэй цуг байсан нийт үзэгчдэдээ маш их баярлалаа”
MVP by ESN PC sports player- 910

Энэ жилийн хамгийн онцлох амжилтууд, уран тоглолт, үзүүлэлтээрээ CS2-ийн The MongolZ багийн 910-ыг ESN-ийн зүгээс жилийн хамгийн үнэ цэнтэй тоглогч /компьютерийн/ буюу MVP-ээр шалгаруулав.
MVP by ESN Mobile sports player- DOK

‘’PUBG Mobile Global Championship’’ тэмцээний Grand Finals-ийн MVP шагналыг хүртсэн бөгөөд DOK энэ тэмцээнд 31 kill, 33 knock, нийт 7 237 damage гаргаж, survival time-аа 20 минут 13 секунд хүртэл тогтоосон өндөр гүйцэтгэл нь багтаа гуравдугаар байрын шагналыг хүртэхэд томоохон түлхэц болсон юм.

Ийнхүү Монголын цахим спортын салбарт амжилтаар арвин нэгэн жил өнгөрлөө. Ирж буй ондоо улам их амжилт дэвшилттэй 2026 оны “Mongolian E-Sports Awards’’-аар уулзацгаая.
