UBLife Logo
Сурвалжлага

Ulaanbaatar Blockchain Week: Олон улсын стандарт руу тэмүүлсэн блокчэйн судалгааны эхлэл

Ulaanbaatar Blockchain Week: Олон улсын стандарт руу тэмүүлсэн блокчэйн судалгааны эхлэл

Монгол улсад блокчэйн технологийн бодит хэрэглээ, боломж, тэргүүлэх туршлагуудын талаар нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх “Ulaanbaatar Blockchain Week”-ийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Академик хэсэгт нийт 17 эрдэм шинжилгээний өгүүлэл ирж, 4 үндсэн шалгуураар 6 бүтээлийг сонгон шалгаруулжээ. Шалгаруулалтыг “Double Blind” хэлбэрээр явуулсан бөгөөд аюулгүй байдал, токенжуулсан хөрөнгө, "Web3" хэрэглээний шийдэлд онцгой хувь нэмэр үзүүлэхүйц төслүүдийг сонгосон аж.

Блокчэйн технологи нь энгийнээр мэдээллийн гинжин хэлхээ юм. Энэ гинжин хэлхээнд орсон мэдээллийг устгаж, өөрчилж болдоггүй давуу талтай. Тиймээс энэхүү технологи нь олон улсад зөвхөн технологийн салбар төдийгүй санхүү, бизнес, засаглал, боловсролын салбарт шинэ боломжуудыг нээж байна.

Тус эрдэм шинжилгээний хурлаар Блокчэйн технологийг санхүүгийн салбартай хослуулах шинэ боломжуудын талаар СЭЗИС, МУИС, Шихихутаг, Идэр их сургуулийн оюутнууд танилцуулав. Судалгааны ажлын сэдвүүдийг танилцуулбал:

  • Иргэдийн сонгох эрхийг хамгаалахад Блокчэйн технологийн гүйцэтгэх үүрэг сэдвээр Шихихутаг Их Сургуулийн оюутнууд н.Халиун, н.Отгонтөгс нар

  • Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн мэдээллийн системийн магистрант Т.Ууганбаяр “Монгол Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог блокчэйн технологиор төгөлдөржүүлэх нь” сэдвээр

  • Идэр Их Сургуулийн оюутан Г.Золбообаяр “Блокчэйнд суурилсан төвлөрсөн бус eSIM-ийн худалдааны платформ” сэдвээр

  • “Блокчэйн технологийг ашиглан автомашин хэрэглэгчийн алдагдлыг бууруулах боломжийн шинжилгээ” сэдвээр Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн хөтөлбөрийн оюутнууд Д.Анхтөр, Г.Эрхэмбаяр, Ц.Эрдэм-Ундрах нар

  • “Үл хөдлөх хөрөнгийн гүйлгээнд блокчэйн технологийг ашиглах нь: Аюулгүй байдал ба үр ашгийг нэмэгдүүлэх боломж” сэдвээр Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутан Б.Майдархүү

  • “Төрийн худалдан авалтын ил тод байдал ба блокчэйн” сэдвээр Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн оюутан М.Нармандах нар тус тус өөрсдийн судалгааг танилцуулав.

Эрдэм шинжилгээний өгүүллийн танилцуулгыг "NomadDAO" компанийн хамтран үүсгэн байгуулагч Ц.Золбоо, Санхүүгийн боловсролын зангилаа ГҮТББ, Гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, "AIGroup - Blockchain Consultant" Д.Чадраабал нар шүүв. Тэд судалгааны ажлын бодитоор хэрэгжих боломж, олон улсын туршлага, судлагдсан байдал, сэдвийн шинэлэг байдал зэрэг шалгуураар шүүлтээ хийжээ. Ийнхүү 20,8 оноогоор тэргүүн байранд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мэдээллийн системийн хоёрдугаар дамжааны оюутан М.Нармандах, дэд байранд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мэдээллийн системийн магистрант Т.Ууганбаяр шалгарав.

“Ulaanbaatar Blockchain Week” -ийн зохион байгуулагчид дараа дараагийн жилээс эрдэм шинжилгээний хурлыг илүү өргөн хүрээтэйгээр зохион байгуулахаар зорьж байна.

Ц.Номин-Эрдэнэ: “Ulaanbaatar Blockchain Week” зохион байгуулагч, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн багш, “ТэнГэр” телевизийн эдийн засгийн шинжээч

“Ulaanbaatar Blockchain Week”-д эрдэм шинжилгээний хурлыг оруулсан нь олон талын ач холбогдолтой байлаа. Блокчэйн бол зөвхөн трейд, крипто биш технологи, бодлого, эдийн засгийн олон чиглэл огтлолцдог шинжлэх ухаан технологийн салбар. Тиймээс томоохон “Blockchain Week”-үүдэд зайлшгүй “academic conference” эсвэл “research task” хэсгүүдийг багтаасан байдаг. Монголд блокчэйн хэлэлцүүлэг ихэвчлэн арилжаа, токен, үнэт цаас гэх мэт ойлголт дээр суурилдаг. Эрдэм шинжилгээний хурал нэмэгдсэнээр блокчэйн технологийн талаарх зөв ойлголт нийгэмд сууж, салбарын итгэлцэл, нэр хүнд өсөх учиртай. Тэгж байж зохицуулалт, хөрөнгө оруулалт, технологийн хөгжлийн цикл бүрэн хөгжих боломж бүрдэж байгаа юм. Мөн эрдэм шинжилгээний хурлаар оюутнууд шинэ технологи судлах, шинэ стартап санаа олох, гадаадын конференцуудад илтгэлээ илгээхэд тусламж болж өгнө гэж төсөөлж байна. Товчхондоо, эрдэм шинжилгээний хурал нь “Ulaanbaatar Blockchain Week”-ийг зөвхөн крипто арга хэмжээ биш, харин технологи, бодлого, эдийн засгийн огтлолцол дээр тулгуурласан үндэсний түвшний инновацын платформ болгох суурь гэж ойлгож болно. Зохион байгуулагчдын зүгээс шинэлэг арга хэмжээ болсон гэж дүгнэж байгаа шүү. “Ulaanbaatar Blockchain Week”-ийн академик хурал нь Монголд блокчэйн судалгааны соёлыг хөгжүүлэх, олон улсын түвшний стандарттай танилцах боломжийг нээсэн том алхам боллоо.

М.Нармандах: Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хоёрдугаар түвшний оюутан

Эрдэм шинжилгээний хурал эхлэхэд судалгааны 8 сэдвийн жагсаалт гарсан байсан. “Төрийн худалдан авалтын ил тод байдал ба блокчэйн” миний сонирхлыг хамгийн их татсан. Тийм учраас энэ сэдвээр долоо хоногийн турш судалгаа хийсэн. Тэнцсэн гэсэн цахим шуудангаа авснаас хойш хоёр хоног унтах ч завгүй илтгэлээ бэлдсэн. Одоо ч гэсэн нойргүй явж байна. Анхны эрдэм шинжилгээний хурал байсан болохоор үнэхээр их сандарлаа. Түрүүлнэ гэж төсөөлсөнгүй. Миний нэрийг зарлахад нулимс гарах шахсан. Үнэхээр баяртай байна.

Т.Ууганбаяр: Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн мэдээллийн системийн магистрант

Блокчэйний талаар 5 жилийн өмнөөс л судалж эхэлсэн. Койны халуурлаас болоод нийтээрээ блокчэйнийг буруу ойлгох, жигших хандлагатай болоод судалгаагаа түр зогсоосон байсан ч эргээд энэ талаар ярьж эхэлж байгаад баяртай байна. Маш богино хугацаанд хуучин судалгааны ажлаа сэргээгээд, шинэ технологиор баяжуулан өнөөдөр танилцуулаад байна. “Ulaanbaatar Blockchain Week” өвлийн дараа хавар цаг ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Доткомын хөөсрөлт хагарсны дараа шинэ технологиуд илүү хурдацтай хөгжсөн шүү дээ. Тэрэнтэй адил койны хөөсрөлт хагарч, блокчэйн технологи хурдацтай хөгжиж эхлэх эхлэл дээрээ байна гэж харж байна.

“Ulaanbaatar Blockchain Week”-ийн хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал нь Блокчэйн технологийг санхүүгийн салбарт нэвтрүүлэх бүрэн боломжтойг харууллаа. Мөн Блокчэйн салбарыг судлах, Монголд блокчэйн технологийг бүрэн нэвтрүүлэх боломжийг эрэлхийлсэн үр эрдэм шинжилгээний хурал байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.