Цав цагаан ханатай, орчин үеийн шийдэл бүхий галерейн танхимд Хөвсгөлийн тайга, дархад ахуйн эгэл өдрүүд зочлон иржээ. Үүдээр ормогц л "HOMEWARD" буюу "Нутгийн зүг" хэмээх тод бичиг угтах бөгөөд танхимын голд байрлах дэлгэцнээ тайгын амьдралыг харуулсан видео бичлэг харагдах нь, үзэгчдийг алс холын Рэнчинлхүмбэ рүү хөтөлнө. Энэ бол гэрэл зурагчин Б.Заяажаргалын нэг жилийн турш эх нутгаараа аялж, сэтгэлээ шингээн буулгасан гэрэл зургийн тайлан, түүний анхны бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн нэр болох "Нутгийн зүг" нь зөвхөн газар зүйн чиг зааг биш, харин уран бүтээлчийн дотоод сэтгэлийн дуудлага, өв соёл руугаа тэмүүлэх луужин гэлтэй. Уран бүтээлч Б.Заяажаргал энэхүү нэрийнхээ утга учрыг тайлбарлахдаа "Би төрж өссөн нутаг руугаа зорин очиж, бүтэн жилийн хугацаанд сэтгэлээ шингээн авсан зургуудаараа энэхүү үзэсгэлэнгээ гаргасан учраас ийнхүү нэрлэсэн. Энэ нэр миний хувьд өнгөрсөн цаг хугацаа, одоогийн мэдрэмж, ирээдүйд үлдэх дурсамжийн нэгдэл юм" хэмээн тодотгосон юм. Түүний бүтээлүүдээс нутгаа гэх халуун сэтгэл, алс холын тайга дахь амьдралын хэмнэл, өв соёлын гүн холбоос тодхон мэдрэгдэнэ.

Танхимын хананд зөвхөн цас мөсөнд хучигдсан өвлийн дүр төрх бус, зуны дэлгэр цагийн ногоон тал, уулын бэлд амарч буй хүмүүс, морин аялал гээд амьдралын олон өнгө алаглана. Б.Заяажаргалын дуранд дархад зон олны өвөрмөц шинж байдал, тэдний өөрийнхөөрөө байгаа төрх хамгийн үнэ цэнтэйгээр буужээ.
Баримтат гэрэл зургийн хамгийн чухал, басхүү хамгийн хэцүү хэсэг нь тухайн орчин болон зураг авч буй объектын хоорондох "амьд" харилцааг үүсгэх байдаг. Б.Заяажаргал дархад түмний, тэр дундаа рэнчинлхүмбэчүүдийн амьдралын өвөрмөц шинж чанарыг буулгахдаа ямар нэгэн хиймэл найруулгаас татгалзаж, ердөө л байгаагаар нь, мэдрэмжээрээ барьж авахыг хичээжээ. Тэрээр "Би нутгийн зон олныхоо амьдралын давтагдашгүй шинж байдлыг камертаа буулгахыг хамгийн их эрмэлзсэн. Нутгийнхан маань миний дэргэд яг л өөрийнхөөрөө байдаг. Тэрхүү хүлээлтгүй, чөлөөтэй байдал нь зургуудыг маань илүү амьд, сонирхолтой болгож өгдөг болов уу. Олон жилийн турш очиж зураг авсан болохоор тэд намайг мэддэг болсон, магадгүй намайг зураг авч байхад ойшоохоо ч больчихсон байдаг нь тэрхүү натурал төрхийг буулгахад хамгийн том давуу тал болсон" хэмээн тэрээр хэлэв. Үнэхээр ч галерейн ханыг амьдруулсан гэр дээрээ гарч бүрээс татаж буй бүсгүй, хээр талд тухлан хэвтэх залуу, хүмүүсийн нүдэнд гэрэлтэх итгэл, амьдралын хатуу хөтүүг ажралгүй давах тэсвэр хатуужлыг харуулсан зургууд нь ямар нэгэн хиймэл зүйлгүй, амьдралын үнэн мэдрэмжийг өгч байв.

Энэхүү үзэсгэлэнгийн бас нэгэн гол чимэг нь "HOMEWARD" хэмээх гэрэл зургийн ном юм. Үзэсгэлэнгийн танхимын төв хэсэгт байрлах цагаан ширээн дээр номын дээжүүд өрөөстэй харагдана. Зургийг галерейн хананд томоор хэвлэж өлгөх, ном болгон хэвлэх хоёрын ялгааг Б.Заяажаргал тодорхойлохдоо "Чанарын хувьд адилхан биет хувилбарууд боловч зургаа томоор нь хэвлээд хананд байрлуулчхаад харах нь уран бүтээлч хүний хувьд илүү их үнэ цэн, бахархлын мэдрэмжийг төрүүлдэг юм билээ. Ном бол хүний гар дээр очиж, насан туршдаа хадгалагдах түүх” гэсэн юм.

Сурвалжилгын төгсгөлд түүнээс залуу гэрэл зурагчдад, ялангуяа ахуйн болон баримтат зураг сонирхож буй хүмүүст өгөх зөвлөгөөг нь асуулаа. Тэрээр "Зүгээр аваад л, аваад л байх хэрэгтэй. Авах бүртээ өөрийгөө сайжруулж, зохиомжлоод, яг өөрийнхөө санаанд хүртэл авах нь чухал. Тэгж байж л нэг өдөр өөрийн гэсэн өнцөг олддог. Бас нэг зүйлийг анзаарахад, сошиал орчинд хамгийн сайн гэсэн бүтээлүүдээ шууд хуваалцаад байх нь тийм ч оновчтой биш санагддаг. Сайн бүтээл цаг хугацааг туулж, биет хэлбэрээр үзэгчдэд хүрэх нь илүү үнэ цэнтэй" хэмээн зөвлөсөн.
Галерейн танхимд зочлох үзэгчид Б.Заяажаргалын дуранд мөнхөрсөн Хөвсгөлийн байгаль, дархад түмний ахуйг хараад зогсохгүй, өөрийн дотоод "Нутгийн зүг"-ээ эргэн харах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байна. Тайван, дулаахан атлаа хүчирхэг мэдрэмж төрүүлэх "Нутгийн зүг" үзэсгэлэн “Улаан гэр” галерейд тавдугаар сарын 7-ыг хүртэл үүд хаалгаа нээлттэй байлгасаар байна.
Бэлтгэсэн: Х.Энхзул