UBLife Logo
Спорт

"Дайчдын" фэнүүддээ барьсан Зул сарын баярын бэлэг буюу "Чэйз центр"-т орсон цас

"Дайчдын" фэнүүддээ барьсан Зул сарын баярын бэлэг буюу "Чэйз центр"-т орсон цас

НБА сагсанбөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигчдэд зориулан Зул сарын баярын өдөр тоглолт хийдэг уламжлал тэртээх 1947 оноос эхтэй. Лигийн хамгийн шилдэг гэсэн 10 баг хоорондоо тоглож, Америк төдийгүй дэлхий даяар эдгээр тоглолтыг сая сая хүн үзэж, баяр дээрээ баяр нэмдэг. "Голден стэйт уорриорз" Зул сарын баярын өдрийн тоглолтод сүүлийн 16 жилд 15 удаа, үүнээс сүүлийн 13 жил дараалан тоглож байгаа юм.

Энэ, 2025 оны Христмасын өдрөөр "Алтан мужийн дайчид" өөрийн талбай "Chase center"-дээ "Даллас"-ыг хүлээн авлаа. Хэдийгээр Сан Франциско болон Бэй Аэриа хавиар ширүүн бороотой, үер уснаас болгоомжил гэсэн мессеж утсаар ирж байсан ч "Чэйз центр"-ийн 18 000 пиг дүүрчээ.

"Алтан мужийн дайчид" -ын өөрийн талбайдаа хийж буй тоглолтын бүх тасалбар 579 тоглолт дараалан бүгд зарагдсан энэ.

Мэдээж "Уорриорз"-т тоглож байхдаа аваргын дөрвөн бөгж зүүсэн, одоо бол "Даллас"-т зүтгэж буй Клэй Томпсон олон олон рекорд тогтоож, аварга цолыг дөрвөн удаа хүртсэн төрөлх багийнхаа ордонд тоглохоор ирэхэд "Dub Nation" ("Дайчдын" фэнүүдийг ийн нэрлэдэг) үргэлж хүндэтгэлтэй угтан авдаг уламжлалаа энэ удаа тасалсангүй ээ.

Клэй , Стеф хоёр тоглолтын өмнөх бие халаалтаа нэн мөчид хийж таарсан төдийгүй "Splash brothers" гар барин мэндчилж, халуун дулаанаар бие биенээ тэвэрсэн нь сэтгэл хөдөлгөм байлаа.

Өмнөх тоглолтын үеэр дасгалжуулагч Стив Керртэй "ам мурийж" , тоглолтыг орхин хувцас солих өрөө рүү одсон Дрэймонд Гринд багийн удирдлагууд шийтгэл болгон долоо хоног тоглуулахгүй гэсэн яриа байсан ч лигийн шилдэг хамгаалагчийн нэг Грин тоглохоор барахгүй гараанд гарсан, бүүр.  Хоорондоо учраа ололцсон бололтой. Дрэймонд энэ өдөр тун даруу, хэл амгүй тоглов.

Энэ өдөр мөн  Стефен Көрри НБА-ийн замналдаа 26000 дахь оноогоо авсан нь бас нэгэн онцлого, тод үйл явдал боллоо. НБА-ийн бүх цаг үеийн түүхэнд 26000 онооны босгыг давсан 22-хон сагсанбөмбөгч байдгийн нэг нь Стеф болж байна. Сонирхолтой нь Стеф 26011 онооныхоо (өнөөдрийн байдлаар) 48%-ийг 3 онооны шидэлтээс авчээ.

"Уорриорз"-ын сэлгээ "Даллас"-ыг хожиход чухал нөлөө үзүүлсэн. Хорфорд, Мелтон, Жэксон-Дэвис , Пожемски нар 10 ба түүнээс дээш оноо авсан. Ялангуяа сүүлийн 12 тоглолтын 11-д нь тоглоогүй 40 настай Хорфорд дөрөв дараалан 3 оноо авч "гайхуулсан". Мэдээж "Дайчдыг" Стеф 23 оноогоор тэргүүлсэн. Көрри сүүлийн зургаан тоглолтод 29.8 оноо дунджилж байна.

"Даллас"-аас Антони Дэвис гэмтлийн улмаас талбайг эрт орхисон тул "шинэ цэрэг" , энэ жилийн НБА-ын драфтын #1 Купер Флагг лидерийн үүргийг гүйцэтгэлээ. Хэдхэн хоногийн (12.21) өмнө 19 нас хүрсэн Флагг  багтаа хэдийнээ голлох тоглогч болжээ. Энэ орой тэрбээр 36 минут талбайд тоглохдоо 27 оноо авлаа. Үнэхээр авьяастай, супер од болох залуу юмаа.

Зул сарын баяраар "Алтан мужийн дайчид" хөгжөөн дэмжигчиддээ өөрсдийн  "бэлгээ" барьж, тоглолтыг үзсэн хүн бүрт багийн логотой ороолт бэлэглэсэн. Дээр нь нэмээд өрсөлдөгчөө 126:116 оноогоор хожиж, давхар бэлэг барилаа. Тоглолтын цаг дуусмагц "Чэйз центр"-ийн "тэнгэрээс" том том нойтон "цас" ширхэглэн бударч, гайхалтай орчинг буй болгож, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бас бэлэглэлээ, үнэхээр гоё!

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.