Хайх зүйлээ бичнэ үү

20 мин

Он оны эрхмүүд: 1983, С.Жалан-Аажав


Нэн шинэ үеийн түүхийг, тэр тусмаа улс төрийн түүхийг бичих нэг бодлын амар, нөгөө бодлын хэцүү. Яагаад гэвэл ихэнхи гэрчүүд нь амьд, түүх нь алсраагүй байна. Тиймээс цаг үеийн өнгө аяс, хүмүүсийн сэтгэгдлийн нөлөөлөлд яалт ч үгүй автчихаад байдаг. Гэхдээ энэ нь бодит үнэнийг бичихэд нэгэнт алсран холдсон үйл явдлаас илүү давуу тал болох нь бий.          

Орчин үеийн Монголын улс төрийн нөхцөл байдал, улмаар үр дагавар нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа эгзэгтэй сонголт, шийдвэрүүдийг хийхэд хүргэсэн уг сурвалж хийгээд учир шалтгааныг тодруулах нь бидний “ой санамж” байх болно. Ялангуяа, хоёр нийгмийн шилжилтийг туулж яваа Монгол зэрэг пост-коммунист орнуудын хувьд өмнөх нийгмийн алдаа, оноо нь өнөөгийн нийгмийн асуудлын учир шалтгаан байдаг.

Хүмүүс түүхийг бүтээдэг. “Time” сэтгүүл 1923 оноос одоог хүртэл бараг 100 жил тухайн долоо хоногийн гол үйл явдалтай холбогдуулж, Онцлох хүнийг тодруулсаар ирсэн. Социалист Монголын улс төрийн уймраан үймээний үүдэл цэг болсон 1983 оноос эхлээд ардчилсан нийгэмд шилжсэн хагас жаран 2021 он хүртэлх 38 жилийн улс төрийн түүхийг тухайн жилд болсон онцлох үйл явдалтай нь холбогдуулж, гол дүр болсон эзнийг нь тодруулан, он оноор нь уншигч Та бүхэнд хүргэж байна.


1983 он: Жалан-Аажав

ОЙЛГОМЖГҮЙ ЛОГИК

1983 оны тэсгим өвлийн тэр нэгэн өдөр МАХН-ын дээд удирдлагын гишүүдийн нэг С.Жалан-Аажавыг «намын гол дайсан» хэмээн гэнэт зарлаад албан тушаалаас нь зайлуулж, алс хязгаар нутагт цөллөгт илгээснээр 1964 оноос хойш Монголын улс төрийн амьдралд хориод жил үргэлжилсэн «тайван цаг» эцэс болжээ.

Саяхан болтол хамгийн ойрын хүрээлэлдээ багтааж, тэр ч байтугай өөрийнхөө оронд Ерөнхий сайд болохыг шөнөжин ятгаж байсан Ю.Цэдэнбал гэнэт хүлээн авахаа больж, нэг зиндаанд олон жил хамтран ажилласан Улс төрийн Товчооны гишүүд нь нүүр буруулж, түүнийг тэртээ 1964 онд бут цохигдсон «Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын МАХН-ын эсрэг бүлэглэлээс нуугдаж үлдсэн этгээд» гэж ялласан нь олон хүнд тэр тусмаа өөрт нь ч ойлгомжгүй санагдаж байв.

МАХН, Засгийн газрын дээд удирдлага: Г.Адьяа, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, Д.Гомбожав, Д.Майдар, Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх, Ю.Цэдэнбал, Д.Моломжамц, С.Жалан-Аажав, Т.Рагчаа, П.Дамдин, АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий хэлтсийн эрхлэгч Ц.Намсрай, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга Б.Бадарч. 1982 он. Ю.Цэдэнбалын албан өрөөний их танхим.

1964 оны 12 дугаар сарын өвлийн жавар тачигнасан өдрүүдэд Төрийн ордны Их танхимд чуулсан, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг «бут ниргэх» халуухан Бүгд хурлын индэрт С.Жалан-Аажав тэднийг «намаас хөө» гэж шаардаж, Ю.Цэдэнбалыг хамгаалж байсан бус уу? Гэтэл хорин жилийн дараа өөрөө намаас хөөгдөж, чичилж яллаад байсан сөрөг хүчнийхээ толгойлогчоор тодрох нь тэр.  

Түүнийг МАХН-аас хөөж, цөллөгт илгээн шийтгэсэн тухай мэдээг улс даяар зарлахад МАХН-ын удирдлагын шийдвэрт хэн ч эргэлзэж зүрхлэхээ хэдийн больсон үе байлаа. Илэн далангуй яриа осолтой болохыг улс орныг доргиосон саяхны олон үйл явдлуудад ажил амьдралын хувь заяагаа золиосолсон олон хүний сургамж нотлоод өгсөн учраас хүмүүс дотроо л гайхаад өнгөрчээ.
Гэхдээ энэ бүх түүх анх ингэж эхэлсэн юм.

ЖАЛАН-ААЖАВ

1970-1980-аад онд дээд удирдлагад онцгой нэр төртэй хүн бол С.Жалан-Аажав байв. Ханагар өргөн цээжтэй боловч намхан нуруутай, дугуйвтар шар царайтай тэр хүний харцнаас үзэж туулсан амьдралыг нь олж төсөөлөх аргагүй.

С.Жалан-Аажав. 1980 он

1950-иад онд Эрхүү хотод Улсын Их Сургуулийг дүүргэж, Монголдоо анхны эрх зүйч мэргэжил эзэмшсэн С.Жалан-Аажав эргэж ирээд Намын шинэ хүчний дээд сургуульд багшилж байхдаа эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, Монголын уламжлалт хууль цааз, байцаан шийтгэх үйл ажиллагааны хөгжлийг үндэсний сэхээтний ёсоор сонирхон судалжээ.

Дээд сургуульд хамт багшилж байхдаа С.Жалан-Аажавыг авьяаслаг эрдэмтэн гэж үнэлдэг байсан Д.Төмөр-Очир 1958 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга болмогцоо түүнийг ятгаж, судалгааныхаа ажлыг түр хойш тавиад өөрийнх нь удирдлага-дор МАХН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн эрхлэгч болох саналыг тавьснаар тэрээр Монголын улс төрд анх хөл тавьжээ.

ЗХУ-д гурван дээд сургууль төгсч, философийн ухааны докторын зэрэг хамгаалсан, хурц шулуун авирладаг Д.Төмөр-Очир хэн нэгэнд ингэж анхаарал хандуулах нь ховор. Үнэхээр онцгой мэдлэг, боловсролтой, ажилсаг, хичээнгүй хүмүүс л түүнээс магтаал, дэмжлэг хүртэнэ. Тэрээр сайд, дарга нарыг өрөөндөө дуудаж, «Чи хөгжлийн хурдтай хөл нийлүүлж чадахгүй байна шүү. Улс орны хөгжилд саад болж байхын оронд хурдхан шиг энэ ажлаасаа гарах өргөдлөө өгөх хэрэгтэй байна», эсхүл «Та нар ийм байж, яаж энэ улс орныг авч явах юм бэ? Та нар наад бөндгөрүүдээ жаахан ажиллуулж бай л даа!» гэж загнаж, голж, өөчлөнө.

МАХН-ын Төв Хороо 6 хэлтэстэй байсан тухайн үед С.Жалан-Аажавын толгойлох болсон Суртал ухуулгын хэлтэс нь соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарын ажил эрхэлдэг 14 байгууллагыг хянаж, үйл ажиллагааг нь чиглүүлж байв.

Гэвч тэр МАХН-ын Төв Хорооны аппаратад удсангүй. Анхны мэргэжсэн хуульчийн хувьд дараа жил нь Улсын Ерөнхий Прокурорын албан тушаалд томилогдож, удалгүй Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хуулийн хорооны дарга болж, 1960 онд батлагдсан «Үндсэн хууль» боловсруулах, түүний дагуу эрүү, иргэний бүх хуулийг шинэчилсэн найруулгыг батлуулах нүсэр ажлыг удирджээ. Шүүх яамыг татан буулгахад эрх, үүргийг нь орлон гүйцэтгэх болсон Хуулийн хороо ердөө 8 ажилтантай боловч төрийн хууль, эрх зүйн бодлогыг зангидах гол институц болж байлаа.

Оюутан байх үеэс нь сайтар мэдэх Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир хоёр С.Жалан-Аажавыг ямагт дэмжин ивээж байжээ. 1962 онд Д.Төмөр-Очирыг Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг санаачилсанд буруутгаж, МАХН-аас хөөгөөд албан тушаалаас нь зайлуулж, Улаанбаатар хотод ирэхийг нь хориглож, түүний ойрын хүрээлэгчдийг хоморголон шийтгэсэн хэдий ч Ю.Цэдэнбал С.Жалан-Аажавт хандах хандлагаа огт өөрчлөөгүй билээ.

1971 оны дөрөвдүгээр сарын 16-нд Ю.Цэдэнбал С.Жалан-Аажавыг Улс төрийн Товчооны гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга болгож, гурван жилийн дараа төрийн эрх барих дээд байгууллага болох БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга буюу парламентын дэд даргаар сонгуулжээ. Тэрээр улс орны хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, асар их эрх мэдэлд хүрсэн нэгэн.

Ажил үүргийн хуваарь ёсоор С.Жалан-Аажав МАХН-ын дотоод ажил хэрэг, Улаанбаатар хот, барилгын салбар, хууль хяналт болон олон нийтийн бүх албыг удирдана. Түүний мэдэлд МАХН-ын Төв Хорооны 3 хүчирхэг хэлтэс орж байв. Үүнд, Намын байгууллагын хэлтэс (18 аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын намын хороо, МХЗЭ, Пионерийн төв зөвлөл, Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүдийн байгууллагыг хариуцдаг), Захиргааны байгууллагын хэлтэс (Батлан хамгаалах яам, НАХЯ, Шүүх яам, Улсын дээд шүүх, Улсын прокурорын газрыг хянадаг), Барилгын хэлтэс (Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам, Барилга-архитектур, техник хяналтын улсын хороог эрхэлдэг) багтаж байв. Ялангуяа, Намын байгууллагын хэлтсээр дамжиж, улс орныг захирах «араг яс» болсон орон нутгийн удирдлага түүний гарт орж иржээ. Хууль хүчний бүх байгууллагууд, барилгын салбар, орон нутгийн удирдах ажилтнуудын албан тушаалын хувь заяа чухам түүнээс хамаарч байлаа.


УУР АМЬСГАЛ ХҮЙТРЭВ

1983 оны зургаадугаар сарын 19-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга С.Жалан-Аажавын 60 насны төрсөн өдөр тохиожээ.

Улс төрийн Товчооны гишүүдийн насны тэгш ой болоход энгэрийг нь Сүхбаатарын одонгоор мялааж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал одонг зүүж өгдөг “уламжлал” дээр үеэс тогтсон боловч энэ удаа С.Жалан-Аажавт шагнасан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг намын хоёрдахь хүн Д.Моломжамц гардуулав. Тэр үеэр С.Жалан-Аажавын туслах Ш.Хавтгай нэгэн зүйлийг гайхан ажиглажээ. «...тэр ёслолд Улс төрийн Товчооны гишүүд, нарийн бичгийн дарга нар нэг эгнээ болон зогсч, эсрэг талд нь би даргын хэлэх үгийг барин зогсч байв. Моломжамц даргыг одон гардуулах үед Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Намын Хянан Шалгах Хорооны дарга Дэжид...заналхийлсэн, аймшигтай муухай харцаар нэг хүний цаана зогсч байсан Жалан-Аажав даргыг хяламхийн харснаа түүнтэй гар барих агшинд тал засан, бялдууч харцаар инээмсэглэв. Хүний нүүрний илэрхийлэл ганцхан агшны дотор ингэж эсрэг тэсрэгийн хоёр туйл болон хувирахыг анх удаа би харж билээ».

Одон гардуулж, баяр хүргэхэд дурсгалын зураг заавал татуулдаг хэдий ч энэ удаа тэрхүү “уламжлал” бас зөрчигдөв. Шагнал гардуулах ёслолд оролцож байсан МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Г.Адьяа, П.Дамдин хоёр МАХН-ын Төв Хорооны Ерөнхий хэлтсийн орлогч эрхлэгч Я.Лосолсүрэнг дуудаж, «Яагаад зургийг нь авахгүй байгаа юм?» гэж гайхан асуухад «Дээрээс авч болохгүй гэж үүрэгдсэн» хэмээн хариулжээ. Нам-төрийн удирдагчдын зургийг авах, сонинд хэвлэгдэх тэдний хөргийг бэлдэх бол Ерөнхий хэлтсийн хариуцдаг олон чиг үүргүүдийн нэг нь юм. Харин нийгэмд Улс төрийн Товчооноос давамгай эрхтэй институц байхгүй атал «дээрээс» хэн үүрэгдсэн нь ойлгомжгүй хэвээр хоцорчээ.

С.Жалан-Аажавын 60 насны ой ерөнхийдөө «хүйтэн хөндий» болж өнгөрлөө. Тэрээр инээж хөхрөн тайван дүр эсгэж байсан ч дотроо чухам юу болсоныг ойлгож ядаж байлаа.

Дээд удирдлагын гишүүдийг шагнасан тухай мэдээ МАХН-ын төв хэвлэл «Үнэн» сонинд хөрөг зурагтайгаа нийтлэгддэг хэдий ч маргаашийнх нь дугаарт С.Жалан-Аажавын тухай юу ч хэвлэгдсэнгүй. Түүний байр суурь ганхаж байгааг мэдэрсэн зарим сайд, дарга нар хэрдхийн цочиж, өөрсдийнхөө улс төрийн хувь заяаг золиослохоос эмээж, түүнтэй хэт ойртохоос цэрвэх болжээ.

Уур амьсгал огцом хувирч буйг С.Жалан-Аажав мэдэрч байлаа. Харин уур амьсгал яагаад өөрчлөгдөөд байгааг ойлгосонгүй.

ГЭНЭТИЙН ЦОХИЛТ

60 насны төрсөн өдрөөс нь хойш төдий л удалгүй МАХН-ын Төв Хорооны Бүгд хурал удахгүй чуулах тухай цуурхал С.Жалан-Аажавын сонорт хүрчээ. Бүгд хурлыг хэзээ зарлаж, ямар асуудал хэлэлцэхийг С.Жалан-Аажав хариуцаж, зохион байгуулдаг атал түүнд хэн ч хэлээгүй аж. Тэр ч байтугай түүний удирдлагад харьяалагддаг МАХН-ын Төв Хорооны Намын байгууллагын хэлтэс ч энэ тухай огт мэдээгүй байлаа.
Тэрээр түгшүүртэй зовнилд автаж, бүх зүйл өөрт нь хамаагүй мэт бодогдох болов. Ажлаа танилцуулахаар орсон албатууд нь урьдын эрч хүчтэй, шийдэмгий дарга нь огт өөр, үлбэгэр нэгэн болсоныг хараад гайхширна. Хямарч шаналсан С.Жалан-Аажав удахгүй ямар цохилт ирэхийг төсөөлж ядаж байсан биз ээ. Ийм нөхцөлд зөвхөн албан тушаалаас нь чөлөөлөөд зогсохгүй, улам хүчтэй «цохилт» ирдэг болохыг туршлагатай улс төрч тэрээр андахгүй мэдэх билээ.

 Ю.Цэдэнбал, С.Жалан-Аажав хоёр. 1983 он

Бүгд хурлын өмнөх өдөр Ю.Цэдэнбал С.Жалан-Аажавыг дуудав. Ерөнхий нарийн бичгийн дарга хөндий хүйтэн угтсанд тэрээр мэл гайхжээ. Урьдын элэгсэг дотно зан нь ор тас арилж, суу гэж урьсан ч үгүй.
-Бид чамайг тэтгэвэрт чинь гаргахаар ярьж байна. Энэ асуудлыг удахгүй Бүгд хуралд оруулна.
-Тэтгэвэрт гарч болох юм. Ер нь би тэтгэвэрт гарья, эрдэм шинжилгээний ажил хийе гэж танд хэлдэг л байсан шүү дээ. Гэхдээ одоо тэтгэвэрт гаргаж буй шалтгааныг сонсмоор байна, Дарга аа? гэж цочирдож гутарсан С.Жалан-Аажав гайхан асуув.

Өмнөө дэлгэж тавьсан бичиг цаасыг сурсан зангаараа эрээн цоохор болтол засварлах Ю.Цэдэнбал түүнийг анзаарч хайхарсангүй, харандаагаа сольж, уншиж буй зүйлээ тодотгож зуржээ.
Улс төр гэдэг угаасаа ийм байдгийг туршлагаараа мэддэг боловч удтал дотно явсан журмын нөхөр, өөрийг нь Засгийн газрыг тэргүүлэх санал тавьж, шөнөжин ятгаж байсан Дарга нь гэнэт нүүр буруулсанд С.Жалан-Аажав гутарчээ. Энэ бүхэн сэжигтэй санагдаж, хэн нэгэн Ерөнхий нарийн бичгийн даргыг ятгаад байгаа нь мэдрэгдэж байж.

БҮГД ХУРАЛ

Бүгд хурлын өмнөхөн нэгэн явдал болсон юмсанж. МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Г.Адьяагийн бие муудаж, Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтжээ. Эмч нар «бид оношилж чадахгүй байна, та хойшоо явж эмчлүүлсэн нь дээр байх» гэж зөвлөжээ. Тийнхүү Г.Адьяа сэтгэл зовсон ар гэрийнхнээрээ үдүүлэн Москваг зорьж, Кремлийн эмнэлэгт хэвтэв. Түүнд бүх төрлийн шинжилгээ хийсэн ч ямар ч өвчний шинж илэрсэнгүй. «...Тэнд тариа хийгээгүй, эм өгөөгүй. Хорин хэд хонолоо. Урьд нь эмнэлэгт ийм удаан байж үзээгүй учраас уйдаж, явмаар санагдаж байв. Өдөрт эмнэлгийн хашаагаар тойрч алхана, эмчилгээний цай ууна, биеийн тамир хийнэ. Нэгэн өдөр “та шүдээ үзүүлээгүй юм байна, таны агт араа хөдөлчихөж, авахуулах хэрэгтэй” гэж хэлсэн ёсоор нэгэнт ирсэнийх зөв ч юм уу даа гэж бодоод агт араагаа авахуулчихлаа. Ахиж шүд хийхэд арав гаруй хоног болж, үндсэндээ сар гаруй тэнд байлаа» гэж Г.Адьяа дурсаж билээ. Түүнийг Москвад зориуд саатуулж буй мэт сэтгэгдэл төрсөн ажээ.

 МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Г.Адьяа

Г.Адьяаг С.Жалан-Аажавын ойрын хүрээлэлд ордог болохыг бүгд мэднэ. 1971 онд дээд удирдлагад ормогцоо С.Жалан-Аажав 1960-аад онд Мэдээлэл радио, телевизийн улсын хороог толгойлж байхдаа хамтран ажиллаж байсан чадварлаг сэтгүүлч Г.Адьяаг намын төв аппаратад татсан юм. Тэрээр С.Жалан-Аажавын баруун гар болон шадарлаж, Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, улмаар МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга хүртэл дэвшсэн нэгэн.

1983 оны долдугаар сарын 19-нд, наадмын дараахан МАХН-ын Төв Хорооны VI Бүгд хурал чууллаа. Хурлаар хэлэлцэх үндсэн асуудал дуусахад Улс төрийн Товчооны гишүүн, МАХН-ын хоёрдахь хүн Д.Моломжамц босч,

-Тус Бүгд хуралд урилгаар сууж байгаа хүмүүс одоо явж болно. Бүгд хурлын гишүүд, орлогчид, Намын төв шалган байцаах комиссын гишүүд эндээ үлдэнэ гэж хэлэхэд урилгаар оролцсон яам, тусгай газрын ажилтнууд танхимыг орхин гарлаа.

-Одоо Бүгд хурлаар хэлэлцэх асуудлын дагуу зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэх болно. Энэ асуудлыг нөхөр Цэдэнбал хэлэлцүүлнэ гэж мэдэгдээд Ю.Цэдэнбалыг индэрт урьжээ. Тэрээр:

-Тус Бүгд хурлаар хэлэлцэх хэргийн төлөвлөгөө ёсоор хоёрдугаар асуудалдаа орьё. Энэ бол зохион байгуулалтын асуудал юм. Нөхөр Жалан-Аажавын эрхэлсэн ажил хангалттай биш байна. Өөрөө ч ажлаасаа чөлөөлж өгөхийг хүссэн юм. Нөхөр Жалан-Аажавыг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг Улс төрийн Товчооноос оруулж байна» гэхчлэн ярив.

Бүгд хуралд оролцсон Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны гадаад харилцаа, гадаад худалдааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Гомбожав дурсахдаа «...Цэдэнбалын хэлснээс үзэхэд түүнийг тэтгэвэрт гаргах цорын ганц шалтгаан бол 60 нас хүрсэнтэй холбоотой аж. Ийм үл ойлгогдох шалтгаанаар удирдах ажилтан хүнийг ажлаас халж буйг сонсоод би гайхаж суусан». Сэлэнгэ аймгийн намын хороог толгойлдог Ш.Гунгаадорж «Цэдэнбал дарга үг хэлэхдээ сандарч, нэг үгээ олон давтаж, гацсан. Хүмүүсийн царайд гайхширсан, самгардсан төрх илэрч байсан» болохыг анзаарчээ.

Тухайн үед Ю.Цэдэнбал өөрөө 67 нас хүрч байсан бөгөөд танхимын голд бусдыг ажин суух Улс төрийн Товчооны есөн гишүүний тав нь тэтгэврийн нас хэтэрчихсэн байлаа. Тэд яагаад С.Жалан-Аажавыг чөлөөлөх болсоны учрыг ойлгохгүй байв. Тэргүүлэгчдийн ширээнд мөн л өөдөөс нь гайхан харах хүмүүсийг ширтэж суусан Д.Моломжамцын дурссанаар, «хурал дээр Цэдэнбалыг ярьж байхад Жалан-Аажав өөдөөс нь харж чадахгүй толгойгоо унжуулан сууж байсан».

Бүгд хурал дээр Ю.Цэдэнбалыг үг хэлж байхад С.Жалан-Аажав «Дарга аа, би хоёр үг хэлье» гэж хүсчээ. Өчигдөр орой нь тэрээр Ю.Цэдэнбалд хандаж, «Маргааш хуралдах Бүгд хуралд би үг хэлнэ» гэсэн ч «Чи үг хэлээд хэрэггүй. Чамайг  харж үзнэ. Зөвхөн талархлын л үг хэлэх хэрэгтэй» гэж тулгажээ. «Уг нь надад хэлэх үг их байсан л даа. Гэхдээ элдэв юм ярьж, намынхаа нэгдэл, нягтралыг бусниулаад хэрэггүй гэж л бодсон юм» гэж хожим дурсчээ.

-За тэг! гэж Ю.Цэдэнбал зөвшөөрөв. С.Жалан-Аажав босч,

-Би хоёр гуравхан товчхон зүйлийг хэлнэ. Би одоо юм нуршиж ярихгүй. Надад яриад байх юм ерөөсөө байхгүй. Би 12, 13 жил та нөхдийн дэмжлэгтэйгээр, Улс төрийн Товчоо, Цэдэнбал даргын дэмжлэгтэйгээр чадах ядахаараа явж ирлээ. Би одоо 60 гарч байна. Жар гарах нь яахав. Би [Улс төрийн] Товчоон дээр хоёр кармандаа баахан эм авч орж, хэлж ярьж байсныг манай дарга нар бас санаж байгаа болов уу гэж зарим нөхдүүдийг санаж байна. Би Бүгд хурал дээр ч тэр учраа хэлж байна. Нойрны эм хорь гаран жил ууна гэдэг бол биеийн эрүүл мэнд их сулардаг юм байна. Сүүлдээ нойрны эмний нөлөөлөл их мууддаг байна. Энэ бол ажлын чадварыг их муутгадаг.

Би нам-засгийн бодлого шугаманд үнэнч явж ирсэн. Цаашид ч үнэнч байх болно гэдгийг энд Намын Төв Хорооны гишүүд, манай Намын Төв Хорооны Улс төрийн Товчоо, Цэдэнбал даргын өмнө би батлан хэлэх байна.

Надад ямар хэмжээний, ямар хугацааны нас үлдсэн байдаг юм, хэзээ ч гэсэн энэ дээр би өөрөө ч тийм байна. Би, хүн чинь амьдардаг шүү дээ. Миний гэр бүлийн хүмүүс ч тэгж ойлгоно, намайг тэгж үзэж байх болно. Энийг би та нөхдөд баталж хэлэх байна.

Би ер нь энэ ажлыг, жишээлбэл, намын ажил, хуулийн байгууллагуудын ажил, олон нийтийн байгууллагуудын ажил, түүний дотор барилгын ажил, жишээлбэл би мэргэжил байхгүй хүн. Энэ бүгдэд би өөрийн, даргын хэлсэн ёсоор ажлыг Намын Төв Хорооноос надад даалгасан ажлыг би хангалттай хийж байсан, би сайн хийж байсан гэж би хэзээ ч хэлэхгүй, хэзээ ч бодохгүй гэдгийг та нөхдөд би батлан хэлэхийг хүсч байна.

Миний ажилд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн бүх нөхдөд, Намын Төв Хорооны гишүүдэд, Улс төрийн Товчоонд, Цэдэнбал даргад би чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
Би өнөөдөр Улс төрийн Товчоон дээр хэлсэн. Даргад байдлаа хэлсэн. Яг гэрт суугаад байвал өдөр өнгөрөхгүй явдал нэг, хоёр жилдээ байх болов уу гэж. Надад зохих ёсны тэтгэврийг хууль ёсоор тогтоож өгнө гэсэн, Дарга. Надад өшөө ганц нэг хүсэх юм бий. Би Товчоонд хүснэ. Би Даргад хүснэ. Тэгэхдээ би хууль бус юм хүсэхгүй. Хуулиас гадна хууль бус юм хүсэхгүй. Тэн дээр харгалзаж үзэх байх гэж бодож байна» гэж ярив.

Ю.Цэдэнбал хурлыг удирдаж, «Нөхөр Жалан-Аажавыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаас чөлөөлөх саналтай Бүгд хурлын гишүүд гараа өргөе!» гэв. Бүгд гараа өргөлөө.

-Татгалзаж, түдгэлзсэн хүн байна уу?

-Байхгүй байна. Санал нэгтэй баталлаа.

С.Жалан-Аажав тэргүүлэгчдийн ширээнээс бууж, танхимын хоёрдугаар эгнээнд Төв Хорооны бусад гишүүдтэй нийлж суув. Тийнхүү С.Жалан-Аажав албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.
Бүгд хурал өндөрлөхөд С.Жалан-Аажав Ю.Цэдэнбалын өрөөнд орж, «Одоо би гэртээ харья даа. Би академид очно, эрдэм шинжилгээний ажлаа хийнэ. Халх журмын судалгааг үргэлжлүүлэх санаа байна» гэхэд

-Үгүй ээ, үгүй. Чи тэгж явж болохгүй. Чи миний орлогч шүү дээ, чи [Ардын] Их хурлын орлогч дарга шүү дээ. Сонгуульт ажлаа хаяад явж болохгүй» гэж ятгав.

С.Жалан-Аажав өөрийг нь тэтгэвэрт бүрмөсөн гаргалаа гэж ойлгосон ч Ю.Цэдэнбалын ятгалгаар бодлоо өөрчилж, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч даргын ажлаа хийхээр болжээ. Шударга журам медаль шагнахаас эхлээд Засгийн газрын гишүүдийг томилох хүртэл бүх зөвшөөрлийг МАХН-ын Төв Хорооноос авдаг байсан нөхцөлд Ардын Их Хурал нь ямар ч эрх мэдэлгүй газар болоод байв.

Тиймээс намын дээд удирдлагаас чөлөөлөгдсөн дарга нар тэтгэвэртээ гарахын өмнө энэ албан тушаалд очдог «албан бус уламжлал» Зөвлөлтөд ч, манайд ч байсан учраас С.Жалан-Аажав ч зөвшөөрчээ.  

ЭЦСИЙН ЦОХИЛТ

Ердөө хэд хоног өнгөрмөгц Ю.Цэдэнбал дотуур утсаараа түүнийг «Чи түргэн ороод ир!» гэж захирангуй дуудав. Төрийн ордны төв хэсгийн гурван давхарт суудаг С.Жалан-Аажав яаран очиход,

-Манай зарим нөхөд чамайг бүх ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь дээр гээд байна! гэжээ.
Энэ бол тэр хоёрын сүүлчийн уулзалт байв. Олон жилийн дараа С.Жалан-Аажав тэр өдрийг дурсаж, «Цэдэнбалтай би сүүлчийн удаа уулзаж байхад нэр сүр, албан тушаалаас өөр юмгүй, ой ухаан нь муудсанаасаа болоод бие дааж асуудал шийдвэрлэж чадахгүй болсон нь илт мэдэгдээд байсан».
 
Ю.Цэдэнбалын хэлсэн «манай зарим нөхөд» гэж хэн болохыг С.Жалан-Аажав тааж цөхөж байв. С.Жалан-Аажавыг заавал өөрийнхөө орлогчоор үлдээнэ гэж Ю.Цэдэнбал зүтгээд байхаар тэдгээр “зарим нөхөд” түүнийг Хойд Солонгост Элчин сайдаар явуулна гэж хуурсан бололтой. Хожим Ю.Цэдэнбал гэнэт санасан мэт «Жалан-Аажавыг та нар Хойд Солонгост элчингээр явуулна гээд байсан, яасан бэ?» гэж асуужээ. Тэд нэгдүгээр хүний мартамхай болсоныг далимдуулж, хэддэхь удаа ч юм бүү мэд, мөн л аргалаад өнгөрсөн биз ээ.

Есөн хоногийн дараа С.Жалан-Аажавыг хашиж байсан сүүлчийн албан тушаал болох БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч даргаас чөлөөлж, тэтгэвэрт гаргажээ. Тэрээр бүх албан тушаалаасаа хагацаж, зөвхөн МАХН-ын Төв Хорооны гишүүний эрхтэй үлдэж хоцров. Тухайн үед нам-төрийн удирдлагаас чөлөөлөгдсөн хүн МАХН-ын дараачийн их хурал хүртэл Төв Хорооны гишүүнээрээ байдаг журам байсан юм.

"Хэд хоноод Цэдэнбалтай уулзахаар очиход туслах нь оруулдаггүй. Яаж ч гуйгаад хөдөлсөнгүй. Би өдөр бүр түүний өрөөнд чөлөөтэй ордог байсан хүн шүү дээ!" гэж С.Жалан-Аажав гайхширч байв. Төв Хорооны гишүүд Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзах эрхтэй. Гэвч түүнийг Ю.Цэдэнбалтай уулзуулахгүй байх бүх арга хэмжээг хэдийн авсан байлаа.

Хэн ч гэрт нь зорьж ирэхгүй, илт хөндийрч буйг мэдрэх С.Жалан-Аажав гэртээ сууж, залуу багш байхдаа уншиж судалж байсан ном, товхимлуудаа ахин дахин эргүүлж, сатаарахыг хичээж байсан ч сэтгэл нь тогтож өгөхгүй, юунд ч юм санаа зовнисоор өдөр хоногийг арай ядан өнгөрөөв.

Харин тэрээр өөрт нь төсөөлж байгаагүй “цохилт” өгөхөөр төлөвлөж, Саарал ордны баруун жигүүрийн дөрөвдүгээр давхрын албан тасалгаануудад үйл явдал дэс дараатайгаар өрнөж байгааг даанч мэдсэнгүй, олж мэдэх ч аргагүй байлаа...

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Нийтлэлийн үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
3
2023.10.30
Торгоны замын “самурайн илд”
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
2
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.05.19 192.82.87.251

Хуурамч хүмүүс...

0 Хариулах