UBLife Logo
Спорт

Бухтай тулалдаж, бясалгал хийсэн Масүтацү Ояма сэнсэй

Бухтай тулалдаж, бясалгал хийсэн Масүтацү Ояма сэнсэй

Кёкүшинкай каратэг үүсгэн байгуулагч, алдарт сэнсэй,  Масүтацү Оямагийн нэр тулааны урлагийн түүхэнд домог болон тэмдэглэгдсэн билээ.

Масүтацү Ояма 1923 оны зургаадугаар сарын 4-нд Солонгосын Чолла-Пукто мужийн Кимжа хотод төржээ. Сөүлийн ойролцоо орших тус хот тэр үед Японы мэдэлд байлаа. Масүтацү солонгос хүн бөгөөд жинхэнэ нэр нь Чхве Ёнъи.

Түүний анхны тулааны багш нь Юи хэмээх хятад ажилчин байв. Юи түүнд хоёр жилийн  турш Шаолиний гарын 18 хөдөлгөөн төрлийг заасан юм. Удалгүй Чхве бие даан хичээллэж эхэллээ. Шинэ цохилт, дасгал сураад тэрийгээ төгс болтол нь хэдэн өдөржингөө давтдаг байв. Багадаа тэр түргэн ууртай хүүхэд байсан тул ахлах ангийнхан ч тулаанч хүүгээс холхон явахыг хичээдэг байжээ.

1938 онд Чхве Ёнъи нисэхийн сургуульд элслээ. 15 настай хүү офицер болохыг мөрөөдөж байв. Эцэг эх нь ч дэмжлээ. Тэд хүүд нь амьдралаа дээшлүүлэх сайхан боломж гарсныг ойлгож байлаа. Ийнхүү ааваасаа замын мөнгө аваад сургуульдаа очлоо. Солонгос гаралтай залуусыг техник үйлчилгээний албанд л авдаг байсан ч тэр тоосонгүй. Энд тэрээр Японы жүдо бөхтэй анх танилцлаа.

Нэг удаа тэр зарим сонсогч каратэгийн хичээлд явдаг гэж сонсов. Сонирхолтой санагдсан тул Фүнакоши Гитин мастерын хичээлд сууж үзлээ. Шётокан каратэ ажээ. Чхве Ёнъи каратэ түүний амьдралыг өөрчилнө, ирээдүйд тэр их мастер болно гэж огт төсөөлсөнгүй. Энд 17 настайдаа Чхве хоёрдугаар дан авлаа.

1941 онд Чхве сургуулиа төгсөөд Хуурай замын цэргийн академид элсэхээр эрчтэй бэлтгэж байлаа. Гэвч хэт хичээснээс алдаж, хэрэгцээтэй оноогоо авч чадсангүй. Сэтгэлээр унасангүй, Токүшёкү их сургуульд элсэхээр болов. Энд Японы эзэмшил нутгуудад ажиллах түшмэлүүдийг бэлтгэж байлаа. Хэрэв дайн эхлээгүй бол тэр зэгсэн сайн төрийн албан хаагч болж мэдэх байлаа.

Их сургуульд тэр каратэгаар хичээллэсээр байв. Аз таарч сургуулийн гуанзад цэвэрлэгч болж чадлаа. Азаар гэдэг нь тэнд үнэгүй хоолноос гадна бага ч гэсэн цалинтай байв. Маш их эрч хүч зардаг бэлтгэлийн дараа залуу хүүд энэ хамгийн чухал нь байсан юм.  

1943 онд цэрэгт татагдлаа. Нисэх ангийн техникчээр албаа эхлүүлжээ. Хэдий солонгос хүн ч Чхве Ёнъи Япон орны жинхэнэ үндэсний үзэлтэн байлаа. Ихээхэн хохирол амссан тулалдааны дараа тэр хамгийн түрүүнд цэргийн нисгэгч болох өргөдлөө өгч байв. Тэр үед цэргийн хуарангийн өглөө хоосон ор тоолохоос эхэлдэг байсан гэж дурссан байдаг. Хувь заяа түүнийг өршөөжээ. Түүнийг камиказэ нисгэгчдийн эгнээнд оруулсангүй. 1943 онд тэр шётокан каратэгийн хар бүс авсан юм.

Японы ялагдлыг тэр хувийн эмгэнэл мэтээр хүлээн авсан. Ирээдүйд юу хийхээ ч мэдэхгүй болоод байв. Японы якүзатай холбогдож, боссынх нь бие хамгаалагчаар ажиллав. Шөнө нь Токиогийн гудамжаар анд гарч, америк цэргүүдийг үхтэл нь зодно. Түүнийг эрэн сурвалжилж байгаа зураг хаа сайгүй. Чхве шоронд орох нь гарцаагүй болжээ. Гожюү-рюү каратэгийн солонгос мастер Со Нэйттэй танилцсанаар шоронгоос мултарч чадав. Мөн алдарт самүрай Миямото Мүсашигийн намтрыг бичсэн зохиолч Ёожи Ёчикаватай танилцсан нь түүний хувь заяаг өөрчиллөө. 1946 оны сүүлээр Чхве Чиба мужийн Минобү ууланд гарч, бясалгал хийв. Миямото Мүсашигийн амьдарч байсан тэр ууланд гүн ухаан судалж, тулааны дасгал хийж, цор ганцаараа хэдэн жил болсон юм. Цаг нь болж, уулнаас буух боллоо. Энэ үед тэр Масүтацү Ояма гэдэг нэр авсан байна. Энэ нэрийг тохиолдлоор авсангүй. Нэрнийх нь утга “Өндөр уул мэт амжилтад хүрэх”.

Токиод түүнийг шорон хүлээж байлаа. Харин нөлөө бүхий андууд нь тусалснаар удалгүй эрх чөлөөтэй болжээ. 1947 онд болсон анхны нээлттэй ДАШТ Оямагийн хувьд од нь гийсэн тэмцээн байлаа. Тэр бүх тулаанаа илт давамгай байдлаар дуусгаж байв. 1948 оны дөрөвдүгээр сард Ояма Чибагийн Күёосүми ууланд гарч, дахин ганцаараа бэлтгэлээ үргэлжлүүлсэн байна.  

1963 онд Токиод Масүтацү Ояма 4 давхар доожё нээж, Кёкүшинкай гэдэг шинэ стиль гаргаснаа зарлалаа. 1964 онд түүний сургууль албан ёсоор Кёкүшин кайкан нэр авав. Шинэ тулааны урлаг богино хугацаанд маш олон хүнийг татаж, Ояма багшийн алдар дэлхий даяар цуурайтаж эхэлсэн юм. Кёкүшинкай каратэчид маш хүнд туршилт, сорилт давах ёстой байв. Үүний нэг нь, 100 хүнтэй тус бүр 2 минут гар зөрүүлэх хякунин-күмитэ. Бүрэн контакттай тулаан хийх үед тулааныхаа тал хувьд нь ялж байж, тэнцдэг байлаа. Ояма гурван өдөрт гурван удаа 100 хүнтэй тулаан хийж байсан удаатай. Агуу сэнсэй каратэг спорт биш амьдралын зам гэж үздэг байв.

Оямагийн бухтай хийдэг тулаан маш их нэр хүнд авчирсан. Тэрээр хэд цохиод л эврийг нь хугалж чаддаг байв. Нийт 52 бухыг ялахдаа 48-ынх нь эврийг хугалж байжээ: Үүнээс гурван бухыг ердөө ганц цохиод алсан тул Оямаг “Бухны алуурчин” гэж нэрлэв.

Ояма Үндэсний телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Би бухнаас гадна арслан, бар, баавгайтай тулалдахад бэлэн байсан ч Амьтан хамгаалах нийгэмлэгээс хориглосон. Хориглох нь зөв л дөө, хүч чадлаа харуулах гэж амьтан алж таарахгүй” гэж хэлж байлаа. 1957 онд нэг бух түүнийг мөргөж, хүнд гэмтээж чадсан. Ояма бухыг өөрөөсөө зайлуулж, эврийг нь хугалан ялсан ч хагас жил эмнэлэгт хэвтсэн юм.

Оямагийн нударгын талаар олон домог яриа байдаг. Хөлийг тэр кёкүшинкай каратэгийн хувьд хоёр дахь зүйл гэж үздэг байв. Ояма ялагдашгүй дайчин ч үнэндээ 170 см өндөр, 77 кг жинтэй, жижигхэн хүн байлаа. АНУ-д Ояма аварга биетэй бөх Дик Риптай тулалдаж, ердөө хоёр цохилтоор нам унагааж байв.

Нэгэн нэвтрүүлэгт орохдоо Ояма “Хүн хоосон гартай төрж, хоосон гартай үхдэг. Каратэд хоосон гар зэвсэг болон хувирдаг. Гэхдээ хамгийн чухал нь биеийн хүч биш сэтгэлийн хүч гэдгийг ойлгоорой. Бид “Өөртөө хатуу, өрөөлд зөөлөн ханд” гэж байнга хэлдэг” гэж байв.

Оямагийн бэлтгэл нь онолтой салшгүй холбоотой. Бясалгал, гүн ухаан энэ бүгдийг хатуу ширүүн бэлтгэлтэй хослуулна. Эзгүй байгальд даяанчилж явсан тэр үед Ояма өөрийгөө газар дэлхийн эд эс болсон мэт мэдэрдэг байлаа. Шувууны жиргээн, амьтдын чимээнд тайвширч, дасгалаа хийнэ. Хүйтэн хүрхрээний усан доор зогсон, бясалгана. Том том хад асга зөөж, бяр чадлаа сэргээнэ. Сэрээд тэр заавал хоёр цаг гүйдэг байлаа. Өглөөний хоолоо идээд эрчимтэй бэлтгэлдээ орно. Өдөрт доод тал нь таван цаг бэлтгэлтэй.  

Ууланд Ояма ногоо тарьж байлаа. Эргэн тойрны моднуудыг зүлгээр боож, цохилтын  дасгал хийнэ. Заримдаа хэт ачаалал авснаас штанг өргөж чадахгүй болно. Тийм тохиолдолд туслагчаа тэвнээр бөгсийг нь хатгахыг тушаадаг байв. Өвдөн өндийхдөө штангаа өргөж орхино. Даяанчлал хийж байхдаа заримдаа бүхнийг хаяад тав тухтай хот ормоор санагдана. Тийм үед Ояма хөмсгөө хусаж орхидог байв. Учир нь тийм дүртэй хотоор явах нь жигшүүр гэж тооцогддог байлаа.

Масүтацү Ояма 1994 оны дөрөвдүгээр сарын 26-нд Токиод 70 настайдаа нас барсан. Амьсгал хураахынхаа өмнөхөн Ояма “Би үхэн үхтлээ каратэ хэмээх урлагт зүтгэсээр байхыг хүсэж байна. Хэрэв боломжтой бол би орон дээр хэвтэж биш шалан дээр бэлтгэл хийж байгаад үхмээр байна” гэж хэлж байлаа.

Агуу багш Масүтацү Оямагийн тухай маш олон кино бий. Кёкүшинкай төрлийг үүсгэн байгуулахад оруулсан түүний хувь нэмэр агуу. Энди Хуг, Сем Греко, Майк Бернардо, Франциско Филио, Жорж Сен-Пьер нарын агуу тулаанчид энэ төрлөөс л төрөн гарсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.