UBLife Logo
Спорт

Милан Кортина 2026: Хонконгийн олимпын аварга $770 мянгын шагналтай

Милан Кортина 2026: Хонконгийн олимпын аварга $770 мянгын шагналтай

Олимпын хөдөлгөөн үүсэн хөгжиж байх тэр цагт тамирчид олимпын медаль хүртэж, эх орныхоо сүлд дууллыг сонсож, далбааг мандуулах зорилготой талбайд гардаг байлаа. Шигшээ багт дуудагдан, олимпод оролцсон мэргэжлийн тамирчныг цалин хөлс ярьсных нь төлөө ад үздэг байв. Гэвч өнгөрсөн зууны 1970-аад оны үеэс байдал өөрчлөгдөж, капиталист, социалист нийгмийн өрсөлдөөнд олимпын өрсөлдөөн ч оролцож эхэлсэн юм. Хэдий хүйтэн дайн өндөрлөсөн ч медалийн тоогоор нэгнийхээ дээр гарах гэж хичээсэн орнууд байсаар байна. “Милан, Кортина-д'Ампеццо-2026” наадам ч өөрцгүй, шагналын хэмжээгээр өрсөлдөх талбар болно.

Олимпын бонус гэж юу вэ?

Олимпын аваргуудад мөнгөн шагнал олгохгүй гэсэн ОУОХ-ны зарчим 130 жил өөрчлөгдөөгүй хэвээр байна. Олимпын наадамд мэргэжлийн тамирчид оролцдог болоод удсан, ямар ч сонирхогч тамирчин мөнгөн шагнал авдаг болсон ч Олимпын наадам зохион байгуулагчид нь тамирчдаа шагнадаггүй цорын ганц спортын наадам болон үлджээ. Тиймээс Үндэсний олимпын хороод, тухайн улсын Засгийн газар, спорт холбоо, хувийн ивээн тэтгэгч нар шагналыг хариуцдаг, амалдаг билээ. Энэ шагналын хэмжээ нь улс орон бүрд өөр байдаг нь тухайн улс спортын салбарт хэрхэн ханддагийг харуулдаг гэхэд зарим талаар болно. Өвлийн олимпын наадам нь хэмжээгээр зуны наадмын хэмжээнд хүрэхгүй ч орчин үед өвөл зун, паралимпийн тамирчдад ялгавартай хандах нэг ч холбоо байхгүй болжээ.

2024 оны олимпын наадамд олимпын алтан медальд хамгийн их шагналыг буюу 770 мянган ам.долларыг Хонконг, 737 мянган ам.долларыг Сингапур улс олгож байлаа. Тэдний араас Индонез (346 мянга), Израил (315 мянга), Казахстан (250 мянга) орсон. Казахстанд мөнгөнөөс гадна орон сууц авсан байна. Өмнөд Солонгост олимпын аваргууд нэг удаагийн шагнал болгож 55 мянган ам.доллароос гадна насан туршдаа тэтгэвэр авдаг.

АНУ-д олимпын алтан медалийг 37,5 мянгаар үнэлдэг бөгөөд Засгийн газар биш олон нийтийн байгууллагаас төлдөг байна. Италийн 295 мянган ам.долларын хажууд тун даруухан сонсогдож байгаа биз. Гэхдээ тухайн жилийн валютын ханш, зарим улсад дасгалжуулагчид өгдөг шагнал, багийн төрөл гээд ялгаа янз бүрээр гарна.

БНХАУ бол шагналын хэмжээгээ мэдээлдэггүй. Норвег, Швед, Исланд, Их Британи зэрэг улс олимпын медальтнууддаа юу ч өгдөггүй. Тийм улсад тамирчид хувийн ивээн тэтгэгчдээс л шагнал авдаг. Өвлийн спортын их гүрэн Норвегт од тамирчид нь энэ системээс болоод байнга маргаан гаргадаг, зарим нь иргэншлээ хүртэл сольдог болоод байгаа. Норвегийн уулын цанын од Лукас Бротен 2026 оны олимпод ээжийнхээ төрсөн нутаг Бразилын өмнөөс уралдана.

Шинэ хандлага

2026 оны Өвлийн олимпын наадмын өмнөхөн Германы парламентаас олимпын тамирчдын шагналын талаар хэлэлцсэн. Герман бол медалийн тоогоор дээд байранд өрсөлдөх орны нэг. Бундесрат буюу дээд танхимаас тамирчдын олимпын медальд татвар оноохгүй байхаар шийдвэрлэлээ. Өмнө нь олимпын медаль авсан герман тамирчин 50 хувийг нь улсад өгөх ёстой байв. Мөн парламентаас тамирчдын шагналын хэмжээг нэмсэн. Италийн олимпод германчууд алтан медальд 30 мянган евро өгөх болсон нь өнгөрсөн олимпоос 5000 еврогоор нэмэгджээ.

Шинэ Зеландын засгийн газар урьд өмнө олимпын медальтнуудаа мялааж байсан түүх байхгүй. 2026 оны нэгдүгээр сарын 16-нд тус улсын хувийн нэгэн брэнд мөнгөн шагнал амласан. Хэдий их биш ч гэсэн Шинэ Зеландын олимпын аваргууд 3000 ам.доллар авна. Тамирчид олон нийтийн сүлжээгээр замын зардлаа хайдаг тус улсад том тусламж. Мөн Шинэ Зеландад олимпын аваргууд дараагийн олимп хүртэл жилд 40 мянган ам.долларын тэтгэлэг авдаг байна. Энэ бүхний дэргэд Монгол Улсын шагнал тун өндөрт тооцогдож байна.

“Милан Кортина 2026” олимпын аваргад өгөх шагнал

Хонконг – 770 мянган ам.доллар

Сингапур – 737 мянга

Индонез – 336 мянга

Казахстан – 250 мянга + орон сууц

Израил – 315 мянга

Итали – 295 мянга

Чех – 100 мянга

Украин – 125 мянга

Франц – 87 мянга

Финланд – 60 мянга

Бразил – 49 мянга

Өмнөд Солонгос – 55 мянга + насан туршийн тэтгэвэр

АНУ – 37500

Япон – 32 мянга

Польш – 25 мянга

Канад – 14500

Австрали – 13 мянган ам.доллар

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.