UBLife Logo
Сэтгэл судлал

Жинхэнээсээ дурласан эрчүүдийн чимээгүй дагадаг 11 дүрэм

Жинхэнээсээ дурласан эрчүүдийн чимээгүй дагадаг 11 дүрэм

Хайр гэдэг зөвхөн “би чамд хайртай” гэж хэлэхээс илүү, өдөр тутмын жижиг үйлдлүүд, шийдвэрүүд, хандлага дээр илэрдэг. Жинхэнэ хайртай хүнтэйгээ учрах үедээ эрчүүд маш их дотоод зөрчлүүдтэй нүүр тулж, өөрчлөгдөж, илүү төлөвшиж, өөр болох хандлагатай байдаг.

1. Хамтрагчаа байхгүй үед ч хүндэтгэн ярьдаг

Жинхэнэ хайртай эр хүн зөвхөн хамтрагчийнхаа өмнө биш, байхгүйд нь ч хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь тухайн хүний ёс зүй, үнэт зүйл ямар түвшинд байгааг илэрхийлдэг. Хэрэв хүн хамтрагчаа байхгүй үед нь ч хамгаалж чаддаг бол тэр харилцаанд үнэхээр үнэнч гэсэн үг.

2. Маргаан, зөрчлөөс зугтдаггүй

Зөрчил бол муу зүйл биш. Харин ч харилцааг илүү ойлголцол руу хөтөлдөг. Тэд асуудал гарвал чимээгүй алга болохгүй, уурлаад алга болохгүй, харин ярилцаж, шийдэл хайдаг. Тэд эгогоо түр хойш тавьж, эмзэг байж чаддаг. Учир нь тэдний хувьд “ялах” биш, харилцаагаа хадгалах нь чухал байдаг.

3. Шийдвэрийг хамтдаа гаргадаг

Амьдралын томоохон шийдвэрүүд (санхүү, ажил, амьдрах газар гэх мэт) болон жижиг сонголтуудад ч хамтрагчийнхаа бодлыг тусгадаг.

Энэ нь “би” биш “бид” гэж сэтгэж байгааг, хамтын ирээдүйг үнэлж байгааг илтгэнэ. Ийм хандлага нь харилцаанд тэгш эрх, итгэлцэл бий болгодог.

4. Жижиг зүйл дээр тогтвортой байдаг

Хайр ихэнхдээ том үйлдлээс биш, жижиг зуршлуудаас бүрддэг. Өглөө мессеж бичих, цагтаа ирэх, анхаарал тавих гэх мэт. Хайртай хүн “заримдаа сайн, заримдаа алга болдог” биш, харин тогтвортой байдаг. Энэ нь хамтрагчид нь аюулгүй, итгэлтэй мэдрэмж төрүүлдэг.

5. Шууд “засах” биш, сонсож ойлгодог

Олон эрчүүд асуудал сонсоод шууд шийдэл санал болгохыг хүсдэг. Гэхдээ анхаардаг нэгэн зөвлөгөө өгөхөөс илүү сонсож, ойлгож, дэмжихийг илүүд үздэг. Заримдаа хүн зүгээр л өөрийг нь ойлгохыг хичээж байна гэдгийг мэдрэхийг хүсдэг. Энэ бол сэтгэлзүйн хувьд маш чухал дэмжлэг.

6. Хэлүүлэхгүйгээр илүүг хийдэг

Халамж гэдэг сануулах, шаардуулах зүйл биш. Тэд хамтрагч нь ядраад байгааг анзаарна, хэлүүлэхгүйгээр тусална, ачааллыг нь хуваалцана. Энэ нь “би чамд анхаарал тавьж байна” гэдгийг үггүйгээр илэрхийлдэг.

7. Бардамналгүйгээр уучлалт гуйдаг

Алдаа гаргасан үед бурууг өөр хүн рүү чихэхгүй, өөрийгөө хамгаалахгүй, шууд хүлээн зөвшөөрч, уучлалт гуйдаг. Жинхэнэ хайр эгоноос илүү байдаг. Ийм хандлага нь харилцааг эвдэхээс хамгаалж, улам ойртуулдаг.

8. Амжилтыг нь чин сэтгэлээсээ тэмдэглэдэг

Хайртай хүний амжилт бол өрсөлдөөн биш. Жинхэнэ хайртай эрчүүд атаархахгүй, харьцуулахгүй, харин бахархаж, баярладаг. Энэ нь харилцааг илүү эерэг, дэмжлэгтэй болгодог.

9. Үгээр биш үйлдлээр баталдаг

Үг хэлэх амархан. Харин цаг гаргах, анхаарал тавих, хамт байхын тулд хүчин чармайлт гаргах, хариу бичих, зүгээр л юу хийж байгааг асуух, хоолоо идсэн эсэхийг нь, дулаан хувцаслаж гарсан эсэхийг анзаарах зэрэг нь жинхэнэ хайр гэдгийг харуулдаг. Үг ба үйлдэл нийцэж байж л итгэл бий болдог.

10. Аливааг “жинлэж“ үздэггүй

“Би ийм зүйл хийсэн, чи юу хийв?” гэх мэт хандлага нь харилцааг наймаа шиг болгодог.

Жинхэнэ хайртай үед өгч байгаа зүйлээ тоолдоггүй, буцааж авахыг шаардахгүй. Учир нь тэдний хувьд хайр бол солилцоо биш, сэтгэл юм.

11. Өөрийн сэтгэл хөдлөлийг өөрөө хариуцдаг

Жинхэнэ эр хүн бүх сэтгэлзүйн ачааллаа хамтрагчдаа үүрүүлэхгүй, харин өөрийгөө ойлгож, удирдахыг хичээдэг. Энэ нь илүү тогтвортой, илүү ухамсартай, илүү эрүүл харилцаа бий болгодог. Мэдрэмжээ хуваалцаж, ойлголцох, хамтдаа шийдэх, хичээх зүйлс чухал. Гэхдээ тэр хүнтэй ч хамааралгүй байсан хамаагүй бүх сөрөг мэдрэмжээ нөгөө хүн рүүгээ цацах нь эрүүл бус. Тэгсэн байлаа ч, араас нь түүнийгээ өөрчлөхийг хичээх нь өөрөө хайрын хэл билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна