Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрч Нарны хороолол хүртэл 680 метр авто зам барьж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 67 хувьтай үргэлжилж байна. Уг авто замыг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм.

Энэ талаар НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор 2024-2025 онд газар чөлөөлөлтийг хийж, шугам сүлжээг угсарснаас гадна эхний ээлжийн 300 метр авто замыг барьсан. Харин энэ онд үлдсэн хоёр эгнээ бүхий 380 метр авто замын ажлыг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлыг хийх юм” гэв.
Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ.