“Глоб Интернэшнл” төв нь 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаас хойш жил бүрийн “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцад "Үнэний төлөө" хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгодог уламжлалтай юм. Энэ жилийн "Үнэний төлөө" шагналыг “Eagle news” телевизийн тоймч Г.Улсболд хүртлээ.
Тэрбээр “Глоб Интернэшнл бол Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө байгуулагдсан цагаасаа хойш хувь нэмрээ оруулж байгаа манай салбарын хүндтэй байгууллага. “Хэвлэлийн хүрээлэн” бол сэтгүүл зүйн салбарт маш олон боловсон хүчин бүтээж буй том институци. Ойн баяр нь тохиож буй та бүхэндээ баярын мэнд хүргэе.
Мөн манай “Ийгл” телевизийн 30 жилийн ой энэ жил болж байгаа. “Ийгл” телевизээс “Үнэний төлөө” гэж эрхэм хүндтэй шагналыг авч байгаа 4 дэх сэтгүүлч нь би болж байна. “Тусгай сурвалжилга” нэвтрүүлгийн сэдвийн сонголтын хувьд нийгэмд тулгарч буй асуудлыг гэрэл цохиулъя, илүү шийдлийн сэтгүүл зүйг хийе гэж зорьдог. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлийн талаар сурвалжилга бэлтгэхээс илүү Монголын тал нутгийн хөрсөн дээр ургаж байгаа хорт ургамлуудыг тасдаж дийлэхгүй ч гол хөрсөнд ямар асуудал байна, яаж шийдэх вэ гэдэгт төвлөрч нэвтрүүлгээ хийдэг. Энэхүү нэр хүндтэй шагналыг манай байгууллагыг дэмжиж олгосонд баярлалаа” гэлээ.