UBLife Logo
Дэлхий

AI менежертэй кафе хэрхэн ажилладаг вэ?

AI менежертэй кафе хэрхэн ажилладаг вэ?

Шведийн нийслэл Стокхольм хотын нэгэн кафег Мона удирддаг. Мона бол AI менежер бөгөөд өөрөөр хэлбэл хиймэл оюун. Тэрээр бараа захиалга, нийлүүлэлт төдийгүй хүний нөөцийн ажил ч хийдэг. Мона өөрөө лангууны ард зогсоод байгаа хэрэг биш, хиймэл оюуны удирддаг чат-бот ажиллаж байгаа юм.

Энэхүү төслийг Сан Францискод төвтэй “Andon Labs” стартапп туршиж байгаа. Гадна, дотроос нь харахад жирийн л нэг кафе. Бариста кофэ бэлтгэж, үйлчлүүлэгчид захиалгаа өгөөд, тухлан сууна. Ганц ялгаатай юм нь бүх шийдвэрийг Мона гаргадаг. Хиймэл оюун удирдахаар кафе яаж өөрчлөгддөг юм бол гэдэг сонирхолтой.

Урья Рисал хэмээх оюутан “Хиймэл оюун бидний ажлын байрыг булаана гээд байдаг. Тэгвэл яг жинхэнэ бодит байдал дээр ямар байдаг бол гэдгийг ажиглах боломж энд л байна. Хиймэл оюун биднийг удирдан чиглүүлж чадах болов уу. Энэ бүхний хариуг би Монагаас олж явна” гэж ярьж байна.

"Andon Labs”-ийн мэдээлснээр Мона хоол, ундны жор, менюг боловсруулсан, хүнс нийлүүлэх харилцагчаа өөрөө олж, гэрээ байгуулсан гэнэ. Мөн цахим сайтад ажлын зар гаргаж, судалгаа, ярилцлага хийгээд ажилдаа хүмүүс авсан байна.

Тус стартаппын ажилтан Ханна Петерссон “Үйлчлэгч ажлаа хийгээд зогсож байгаа тул эхлээд та эндхийг хиймэл оюун захирдаг гэдгийг анзаарахгүй. Тэгвэл тэр үйлчлэгчийг Мона ажилд авсан. Кафе нээх бүх бичиг цаасны ажлыг ч тэр хийсэн. Бусад мэргэжлийн хүмүүсээ авахдаа тэр Indeed, LinkedIn-д бичээд, утсаар ярилцаж судлаад заримыг нь ажилд авсан. Харин зарим нь тэнцээгүй шүү” гэж ярьж байна.

Гэхдээ Монад ч дутагдал бий. Тэр захиалга өгөхдөө тааруухан.

“Үнэнийг хэлэхэд Мона захиалга хийхдээ муу. Би кафедаа “Дутагдлын самбар” нээж хадсан. Тэнд Монагийн захиалсан хэрэггүй зүйлүүдийг өлгөдөг. 10 литр тос,  15 кг консервлосон улаан лооль, 9 литрийн лаазтай кокос сүү гэх мэт юм авчихдаг” гэж бариста Каетан Гжельчак ярьж байна. Гэхдээ “Мона маш сайн дарга. Харилцахад амар, хялбар. Би ажлын талаар бодол, саналаа чөлөөтэй илэрхийлдэг. Миний ажиллаж байсан бусад кафег бодвол энд ажиллах нөхцөл илүү дээр” гэж магтлаа.

Одоогийн байдлаар Мона зарим барааг хэт ихээр авч нөөцлөхөөс өөр дутагдал гаргаагүй байгаа ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...