Одоогоос яг 15 жилийн өмнө Лондонд нэгэн хурим болсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Тэр үед хаан ширээ залгамжлагчдын жагсаалтын 2-т бичигдэж байсан ханхүү Принц Уильям Кэтрин Миддлтонтой гэрлэсэн. Залуус найман жил үерхээд харилцаагаа баталгаажуулсан. Тэдний үерхэл өгсөж уруудан янз бүрээр өрнөсөн ч гэрлэнэ гэдэгт бүгд итгэлтэй байлаа. Одоо тэд 3 хүүхэдтэй бөгөөд Их Британийн иргэд тэднийг ирээдүйн Эзэн Хаан, Хатан хаан гэж хүндэтгэдэг билээ. Энэ гайхалтай хуримын ёслолын 15 жилийн ойг тохиолдуулан, сүүлийн үед дэлхийд болсон хаан удмынхны хуримыг танилцуулж байна.
Шведийн угсаа залгамжлах гүнж Виктория, Даниэль Вестлинг (2010 оны 6-р сарын 19)

Шведийн угсаа залгамжлах гүнж Виктория хувийн дасгалжуулагчтайгаа гэрлэсэн. Тэдний хурим 1981 онд ханхүү Чарльз, Дианна гүнж нарын хуримаас хойш болсон хамгийн том ёслол байлаа. Хурим Викториягийн аав ээжийн хуримын 34 жилийн ойн өдөр Стокхольм хотын Гэгээн Николайн сүмд явагдсан. Ёслолын өмнө сүмийг засварлахад 12,4 сая швед крон, ёслолдоо 20 сая крон зарлцуулжээ. 1100 зочин ирж, Густав Сьёрквистын хөгжмийг сонссон. Густав 1976 онд аав, ээжийнх нь ёслол дээр мөн тоглож байсан түүхтэй. Эзэн хаан Карл XVI Густав, Хатан хаан Сильвия нар охиноо ийнхүү нөхөрт гаргаж байлаа.
Ханхүү Уильям, Кейт Миддлтон (2011 оны дөрөвдүгээр сарын 29)

Энэ ёслолыг YouTube сувгаар шууд дамжуулахад 72 сая хүн үзсэн байна. Ёслолын нийт зардал 23,7 сая фунт стерлинг болсныг Виндзор болон Миддлтоны гэр бүл хариуцсан. Харин аюулгүй байдл, тээврийг улсаас даасан байна. Ёслолын өмнө Букингемийн ордон зочдын гурван жагсаалт гаргасан байлаа. Нэгдүгээрт, сүмийн ёслолд оролцох 1900 хүн, хоёрдугаарт үдийн зоогт уригдсан 600 эрхэм, гуравт нь оройн зоогт ирэх 300 зочин байлаа. Хүмүүсийн анхаарлыг сүйт бүсгүйн даашинз хамгийн их татсан. Кейт Миддлтоны хуримын гоёлыг Их Британийн “Alexander McQueen”-ий захирал Сара Бертон урласан юм.
Монакогийн ван Альбер II, Шарлен Уиттсток (2011 оны 7-р сарын 1)

Монакогийн тэргүүн Альбер, 2000 оны олимпын усанд сэлэлтийн тэмцээнд оролцож байсан ӨАБНУ-ын Шарлен Уиттсток нарын хурим цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 30-нд “The Eagles” хамтлагийн тоглолтоор эхлэж, 15 мянган хүн оролцож байлаа. Ордонд 20 минут гэр бүлээ батлуулсны дараа тэд тагтан дээр гарч, ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн. Ордны гадна талбайд Монако, Өмнөд Африкийн шилдэг тогооч нар хоол хийж, орой нь Эркюль боомтод Жан-Мишель Жаррын үнэгүй тоглолт болж байлаа.
Бутаны Эзэн хаан Жигме Кхесар Намгьял Вангчу, Жецун Пема (2011 оны 10-р сарын 13)

Тэдний ёслол Пунакха хотын сүмд болж, буддын заншлаар тэмдэглэсэн. Ёслолын үеэр Эзэн хаан эхнэрийнхээ толгой дээр титэм тавиад Хатан хаан болсныг нь зарлаж байлаа. Аравдугаар сарын 13-15-нд Бутанд наадам болсон. Зочдыг төмс, өндөг, будаатай үндэсний хоолоор дайлж байв. 15-ны өдөр тэд цэнгэлдэх хүрээлэнд ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн.
Люксембургийн агуу герцог Гийом V, Стефания де Ланнуа (2012 оны 10-р сарын 19, 20)

Тэр үед хаан ширээ залгамжлагч байсан Гийом хоёр хоног тэмдэглэсэн. Эхний өдөр иргэний ёслол хийж, маргааш нь сүмд очсон. Стефания де Ланнуа бол Бельгийн сурвалжит гэр бүлээс гаралтай бүсгүй. Хурим хийхийн тулд иргэншлээ сольж байв. Энэ үеэр Норвегийн гүнж Метте-Марит АНУ-ын санхүүч Эпштинд “Их уйтгартай байна” гэж бичиж байсан нь Эпштиний файлаас ил болсон.
Шведийн ханхүү Карл Филипп, София Хелльквист (2015 оны 6-р сарын 13)

Шведийн ханхүү модель бүсгүйтэй болзож байгаа нь 2010 онд ил болсон. 4 жил үерхсэний эцэст тэд Стокхольмд хуримаа хийсэн. Карл армийн дүрэмт хувцастай байлаа.
Ханхүү Харри, Меган Маркл (2018 оны 5-р сарын19)

2017 оны 11 дүгээр сарын 27-нд ханхүү Харри АНУ-ын жүжигчин Меган Марклтай сүй тавьсан мэдээ гарсны дараа бүгд хуримыг хүлээж байв. Виндзор цамхгийн Гэгээн Георгийн сүмд болсон энэ ёслол дэлхий нийтийн анхаарлын төвд байсан билээ. Ёслолыг англи маягаар хийсэн. Хоёр удаа хүндэтгэлийн зоог болсны нэгийг Хатан хаан, нөгөөг нь Уэльсийн ханхүү зохион байгуулж байлаа. Сүйт бүсгүйн хувцсыг Givenchy брэндийн захирал Клэр Уэйт Келлер урлаж, 53 цэцгэн хатгамал байсан нь тэр үед Их Британийн эзэмшилд байсан орнуудын тоотой тэнцүү байв. Хатгамалчид 500 цаг ажиллаж бүтээснээс гадна хагас цаг тутам гараа сайтар угаах тушаалтай байлаа.
Георгий Михайлович Романов, Ребекка Беттарини (2021 оны 10-р сарын 1)

Оросын сүүлийн хаан Романовын гэр бүлийн нэг гишүүн Георгий Михайлович Италийн дипломатын охинтой Санкт-Петербург хотын Исаакиевск сүмд гэрлэсэн. Ёслолд залуугийн ээж гүнтэн Мария Владимировна оролцож байлаа. 1000 гаруй зочин уригдсан.
Иорданы угсаа залгамжлах ханхүү Хусейн Ибн Абдалла, Ражва Аль-Саиф (2023 оны 6-р сарын 1)

Амман хотын Захран ордонд болсон ёслолд 1700 зочин уригдсан. Сүйт бүсгүйн даашинзыг “Elie Saab” урласан байдаг.
Брунейн ханхүү Абдул Матин Болкиах, Аниша Росна (2024 оны 1-р сар 7-16)

Ханхүүгийн сүйт бүсгүй нь Пехин султаны зөвлөхийн зээ охин байлаа. Ес хоног ард түмэн баярлаж, наадаж өнгөрүүлсэн. Ёслолын ажиллагааг телевиз шууд дамжуулан үзүүлж байв.
