UBLife Logo
Дэлхий

Дэлхийн хамгийн аймшигтай 7 ой мод

Дэлхийн хамгийн аймшигтай 7 ой мод

Бага байхад ой мод нэг л битүүлэг, нууцлаг орчин санагддаг байлаа. Ийм болохоор л дэлхийн ямар ч улсын ардын зохиолд ойн гүнд дээрэмчид байдаг, харанхуй ойд учирсан чөтгөр шулам гэсэн домог яриа байдаг биз ээ. Өнөөдөр бид домог яриа, түүхэн баримтыг даван гарч, үнэхээр бодит түүхээрээ хүн төрөлхтнийг айлгасан 7 ой модны талаар өгүүлэх гэж байна.

Согтуу ой

ОХУ-ын Рязань мужийн Тырново тосгоноос холгүй Ока голын эрэг дээр Пьяный лес буюу Согтуу ой байдаг. Яагаад ингэж нэрлэсэн учир нь тус ойн шилмүүст моднууд нь бүгд муруй. Хачирхалтай нь навчит моднууд нь жирийн эгц шулуун ургасан байдаг байна. Эрдэмтэд энэ нууцыг тайлах гэж олон жил оролдсон ч бүтсэнгүй, соронзон шуурганы идэвхжилтэй газар гэсэн дүгнэлт л гаргажээ. Ийм муруй модтой ой Литвагийн Куршск хоолойд бас бий. Харин тэнд согтуу биш Бүжиглэж байгаа ой гэж нэрлэдэг гэнэ. Польшийн Нове Царново тосгоны ойролцоох ойд 1930 онд нацистуудын тарьсан шилмүүст моднууд бүгд хойд зүг рүү налан, далийсан байна. Германчууд тус ойн модоор тавилга, хөлөг онгоны эд анги хийх гэж оролдсон ч учир битүүлгээр бүгд эвдэрдэг байсан нь хачирхалтай.

Амиа хорлогчдын хайртай ой

Японы Фүжи уулын ар хормойд Аокигахара хэмээх ой бий. Энд амиа ирэх амиа хорлогчдын цуваа тасрахгүй. Цагдаагийн газраас 1970 оноос эхлэн энд онцгой харуул гаргаж байгаа ч жилд дунджаар 70-100 хүний цогцос заавал олддог газар юм. Аокигахарагийн дэргэд байх зогсоол эзгүй машинаар дүүрэн. Эзэд нь ой руу орсон, эргэж гарч ирээгүй гэсэн үг. Засгийн газар, олон нийтийн байгууллагууд энэхүү хар “уламжлалыг” зогсоож, Аокигахарагийн хар нэрийг цэвэрлэх гэж оролдсон ч бүтэлгүй. Ой руу орох хаалган дээр “Таны амь нас бол эцэг эхээс чинь хайрласан үнэт зүйл юм” гэсэн бичигтэй самбар тавьжээ. Аокигахарагийн талаар хэдэн мянган ном зохиол, дуу бичигдэж, маш олон кино гарсан. Харин зарим зохиолд хэт сурталчилсан байсан тул Засгийн газраас хориглож байлаа.

“Нисдэг таваг”-тай уулзах газар

Румыны Хойя-Бачу ойг ер бусын бүс гэж нэрлэдэг. Нутгийн иргэд, зарим эрдэмтэд энд харь гаригийн хүн, үл мэдэгдэх нисдэг биет харж, янз бүрийн дуу хоолой сонссон гэж баталдаг. Энэ ойг “Бермудийн гурвалжин”-тай адилтгаж, аль болох холуур тойрохыг бодно. Ойд орсон хүний толгой өвдөж, бөөлжин, зарим нь тэр дороо ухаан алддаг байна.

Энэ ойд 200 хоньтой малчин ор сураггүй алга болж, нэг ч хонь олдоогүй гэдэг яриа бий. Мөн 5 настай охин төөрөөд 5 жилийн дараа гарч ирэхдээ огт нас ахиагүй байсан гэх мэт домог яриа олон. 1960 онд энэ ойд биологийн ухааны эрдэмтэн Александр Сифт байрлаж, маш олон гэрэл зураг авсан дотор үл танигдах биетүүд, хачин гэрэл, хэлбэр дүрс гарсан байлаа. Энд мөн ямар ч өвсгүй ойн цоорхой байдгийг хүмүүс өөр ертөнцөд орох хаалга гэж нэрлэдэг байна. Сифтийн судалгааг цэргийн инженер Эмиль Барни үргэлжлүүлж, авсан гэрэл зургийг түүхэнд хамгийн тод гарсан нисдэг тавгийн зураг гэж үздэг байна.

Орилоо сүнснүүдийн ой мод

Английн Плакли тосгоны дэргэд сүнс цуглардаг газар гэгддэг Хашгирдаг ой байдаг. Домог ёсоор XVIII зуунд энд нутгийн иргэд нэгэн дээрэмчнийг алж орхижээ. Дээрэмчний сүнс одоо болтол ойгоор тэнэж, өс хонзонгоо авахаар явдаг гэж ярьдаг байна. Мөн энд амиа хорлосон хурандаа, багш хоёрын сүнс ч хэсүүчлэн явдаг гэжээ. Өглөө эрт ойгоос хашгарах дуу тод сонсогддог гэж нутгийн иргэд ярьж байна. Тэдэнд итгэсэн сүнсний ангуучид, адал явдалд дуртай жуулчид ирж, шөнө дунд сүнс хайн, ойгоор хэсдэг. “The Visual Paranormal Investigation” багийнхан Хашгирдаг ойд сүнстэй ярьж чадсан гэж баталдаг байна.

Хараал шүглэсэн ой

АНУ-ын Вермонт мужид муу нэрээрээ алдаршсан нэгэн ой бий. Энд маш олон хүн сураггүй алга болж байсан. Мөн тайлбарлах аргагүй дуу чимээ гарч, заримдаа гэнэт байгалийн хачирхалтай үзэгдэл болж, үе үе хэний ч харж байгаагүй араатан амьдан гараад ирдэг гэнэ. Зохиолч Жозеф Ситроу энэ ойг “Беннингтоны гурвалжин” гэж нэрлэж байлаа. Тэрээр номдоо “Энэ ой бол уугуул индиануудын үеэс хараал шүглэсэн газар байсан. Тэд энэ ойгоос хол явахыг хичээдэг байв” гэж бичсэн байлаа. XIX зууны үеийн аман зохиолд энэ ойн талаар маш олон домог байдаг байв. Хараал шүглэсэн ойд алга болсон олон зуун хүнээс тав нь л албан ёсоор баталгаажсан юм. 1945-1950 онд энд 74 настай нутгийн анчин, 18 настай оюутан бүсгүй, 8 настай хүү, ахмад дайчин, 53 настай жуулчин эмэгтэй сураггүй болсоноос жуулчин эмэгтэйн цогцос л олджээ.

Сатануудын “өлгий нутаг”

АНУ-д байдаг бас нэгэн аймшигт ой бол Массачусетс мужийн Фритаун-Фолл-Ривер дархан цаазат гадарт байдаг ой. Мөн л олон хүн сураггүй алга болсноос Бермудийн гурвалжин нэртэй. Эртний домогт өгүүлснээр энд хүмүүс ан амьтнаар өргөл барьж, дээд тэнгэрээ аргаддаг байжээ. Энэ ойд аварга том могой, эрэмдэг зэрэмдэг амьтад, үл мэдэгдэх биет гэх мэт олон зүйл харагддаг байсан. Индианчууд цагаан арьстнуудын эсрэг дайтаж байхдаа энэ ойд хараад уншсан гэж ярилцдаг. Ойд индианчуудын булш маш олон байдаг бөгөөд сүнс ихтэй. 1998 онд цагдаа нар эндээс өргөлд өргөсөн маш олон амьтны сэг илрүүлж байв.

Цацраг идэвхт ой

Чернобылийн цөмийн цахилгаан станцын дэргэд байх энэ ойг Улаан ой гэж нэрлэдэг. Цацрагт хордсон ой мод нь улаан өнгөтэй болсон. Ихэнх мод унаж, сөнөсөн ч моднууд дотроос цөмийн гэрэл шөнө гэрэлтэж, хүмүүсийг айлгана. Цөмийн ослоос хойш 30 жил өнгөрсөн ч энэ ой цацраг идэвхт хэвээр байгаа. Саяхан АНУ, Францын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаан ойн мод үхсэн ч цацрагийн нөлөөгөөр муми мэт болсон. Өөрөөр хэлбэл занданшуулсан шарилын ой гэсэн үг. Ослын дараа амьд үлдсэн амьтад нь мутацид орж, үе үе үлэг гүрвэл шиг араатан гарч ирдэг гэсэн цуу яриа бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...