Бангладешид “Дональд Трамп” нэртэй альбинос бух олны анхаарлыг ихэд татаж байна. Гадаад, дотоодоос олон хүн бухын маш ховор цагаан арьс, үсийг харахаар ирдэг болжээ. Олон хүн түүний үсийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үстэй яг адилхан хэмээн ярилцаж байна. 700 кг жинтэй энэ бух Дакка хотын ойролцоо амьдардаг Зиа Уддин Мридхегийн үхэр бөгөөд олон нийтийн сүлжээнд алдаршаад байгаа юм. Тавдугаар сарын турш хэдэн зуун жуулчин, инфлюенсер, нутгийн иргэд ирж ховор амьтны гэрэл зургийг авсан гэнэ.
Малчид бухаа өдөрт 4 удаа угааж, зочид ирэхээс өмнө “халимаг” үсийг нь самнаж янзалдаг. Хэт олон хүн үзэх гэж ирснээс бух сүүлийн үед тураад байгаа тул малчид үхрээ үзүүлэх цагийн хуваарь гаргасан байна. Ийм цагаан өнгийн альбинос үхэр дэлхийд ч маш ховор байдаг.
Ид аль-Адха (Курбан-байрам) хэмээх исламын баярын үеэр энэ жил Бангладешид 12 сая амьтныг тэнгэрт тахил болгон өргөх гэнэ. Харамсалтай нь “Дональд Трамп” бух энэ өргөл болох амьтын тоонд багтжээ. Зиа Уддин Мридхе сэтгүүлчдэд “Бухаа өгөхөд харамсалтай байгаа ч Исламын баярын тахил тун чухал үйл явдал тул яах ч арга алга” гэж хэлсэн байна.
