UBLife Logo
Кино

Даргаа хордуулж алсан “Yoozoo Games”-ийн менежерийг цаазаллаа

Даргаа хордуулж алсан “Yoozoo Games”-ийн менежерийг цаазаллаа

Хятадад “Yoozoo Games” компанийн менежер Сюй Яог компанийн захирлаа хордуулж алсан хэргээр цаазаар авлаа. Тэрээр өөрийн дарга, тоглоомын ертөнцийн магнат, Netflix-ийн “Гурван биеийн бодлого” цувралын продюсер Линь Циг хордуулж, амийг нь хөнөөсөн юм.

2020 оны 12 дугаар сард гэнэт нас барсан 39 настай Линь Ци нь компьютер тоглоом, апп гаргадаг "Yoozoo” компанийн захирал байжээ. Мөрдлөгөөр түүнийг менежер, "Yoozoo” компанийн кино үйлдвэрийн албаны тэргүүн асан Сюй Яо компанийн удирдлагын талаар санал зөрөлдсөний улмаас хордуулж алсан нь тогтоогдсон байна.

Линь Ци

Сюй Яо тэр үед зохиолч Лю Цысины номноос сэдэвлэсэн Netflix-ийн “Гурван биеийн бодлого” цуврал дээр ажиллаж байжээ. Харин Линь Ци түүний цалинг бууруулж, тус цувралын ажлаас чөлөөлжээ. Үүнд хорссон Сюй Яо компанийн ажилчдын хоол, унданд хор хийсэн байна. Линь Ци эмнэлэгт хэвтээд 9 хоногийн дараа амьсгал хураасан бол дөрвөн ажилтан хүнд хордож эмчлүүлсэн байна.

Сюй Яог баривчилж, 2024 оны гуравдугаар сард цаазын ял оноосон бөгөөд 2026 оны тавдугаар сарын 21-нд ялыг гүйцэтгэсэн талаар "Yoozoo Games” компани мэдээлсэн юм.

Линь Ци “Yoozoo” компаниа 2009 онд байгуулсан. Энэ компани  “League of Angels”,  “Drakensang Online”, “Game of Thrones: Winter Is Coming” зэрэг тоглоом гаргасан. 2015 онд “Гурван биеийн бодлого” романыг кино болгох албан ёсны эрхийг авч, 2020 онд "Netflix”-тэй гэрээ байгуулсан. 2024 онд дэлгэцэд гарсан тус цуврал маш өндөр амжилт олсон билээ. Одоо киноны тайлбарт Линь Циг төслийн гүйцэтгэх продюсер гэж тэмдэглэж байгаа. Нас барах үед нь түүний хөрөнгө 6,8 тэрбум юань (941 сая ам.доллар) байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...