UBLife Logo
Дэлхий

ОХУ Казахстанд цөмийн цахилгаан станц барих гэрээ байгууллаа

ОХУ Казахстанд цөмийн цахилгаан станц барих гэрээ байгууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд айлчилж, хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурлаа.

Үүнээс хамгийн том нь Казахстан улсын анхны цөмийн цахилгаан станцыг ОХУ барихаар Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ талаар “Энэ төсөл бол Шинжлэх ухаан, боловсрол, технологийн хамтын ажиллагааны асар том хөдөлгөгч хүч болж, эрчим хүчний салбарын эрс хөгжлийг хангах болно” гэж тэмдэглэлээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Цөмийн цахилгаан станц нь манай хоёр орны хамтын ажиллагааны гол төсөл болж байна. Ашиглалтад орсноор Казахстаны эрчим хүчний салбарт том хувь нэмэр оруулна. Энд ажиллах боловсон хүчнийг ч бэлтгэх болно” гэж хэлсэн байна.

Төслийн нийт зардал 16,5 тэрбум ам.доллар байх гэнэ. Казахстан улс цөмийн цахилгаан станцтай болох асуудал 1990 оноос яригдаж эхэлсэн ч төслүүд амжилтад хүрээгүй. Семипалатинскийн полигон зэрэг хуучин ЗХУ-ын үеийн цөмийн туршилтын хор хөнөөл дахин учрах нь гэсэн болгоомжлол ард түмний дунд байлаа. Харин 2024 оны аравдугаар сард болсон бүх ард түмний санал асуулгаар иргэдийн 71 хувь нь цөмийн цахилгаан станцтай болохыг дэмжсэн билээ. Цөмийн станцыг Алматы хотоос хойш Балхаш нуурын хөвөөнд барихаар төлөвлөж байна. Барилгын ажил 10 жил үргэлжлэх бөгөөд ОХУ-ын “Росатом" компани гүйцэтгэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...