Диана гүнж буюу леди Ди 1961 оны долоодугаар сарын 1-нд төрсөн юм. Энх тунх байсан бол тэрээр 65 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байх ёстой байв. Дианагийн олон нийт, буяны үйлс бүх нийтийн анхаарлыг татаж, тэр үнэхээр Их Британи төдийгүй Дэлхийн гүнж байлаа. Дианагийн эмгэнэлт үхэл дэлхий дахиныг цочроосон билээ.

Диана Их Британийн сурвалжит том язгууртан Спенсерийн гэр бүлд төржээ. Түүний бага нас аав ээж нь Хатан хаан Елизаветагаас II түрээсэлж авсан газар нутагт өнгөрчээ.

Ирээдүйн нөхөр, ханхүү Чарльзтай тэрээр 16 настайдаа танилцсан. Гурван жилийн дараа зуны амралтаараа дахин учирч, ханхүү Дианаг завиар аялахыг урьж байжээ. Хэдэн сарын дараа ханхүү Дианаг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан байна.

Ханхүү Чарльз Дианаг “Тун сонирхолтой. Маш ухаалаг, цоглог бүсгүй” гэж тэр үед тодорхойлсон байдаг. Харин Елизавета II эхлээд хүүгийнхээ сонголтыг дэмжээгүй ч язгууртан гарал, сайн хүмүүжлийг нь хараад зөвшөөрчээ.

1981 оны долоодугаар сарын 29-нд Лондоны Гэгээн Павелийн сүмд хуримын ёслол болж, 3,5 мянган зочин уригдсан байна. Хотын гудамж хэдэн зуун мянган хүнээр дүүрчээ.

1982 онд Уильям, 1984 онд Харри хүү төрсөн.

Харамсалтай нь тэдний гэр бүлийн амьдрал аз жаргалтай байсангүй. Чарльз хуучин найз бүсгүй Камиллагаасаа салж чадсангүй.

1992 оноос тэд тус тусдаа амьдарч, албан ёсны арга хэмжээнд л хамтдаа гарч ирдэг болов.

Хатан хаан тэднийг гэр бүл цуцлуулахыг 1996 онд зөвшөөрсөн юм. Диана Уэльсийн гүнж хэвээр үлдсэн ч эзэн хааны гэр бүлийн гишүүн биш болжээ.

Диана Египетийн тэрбумтан Доди Аль-Файедийн хүүтэй уулзаж байгаа гэсэн мэдээ гарч, тэднийг хаана ч явсан папараци дагадаг болжээ.

1997 оны наймдугаар сарын 31-нд Диана, Аль-Файед хоёр папарацигаас зугтаж яваад Парист машины осолд орсон.

Дианагийн оршуулгын зам дагуу нэг сая гаруй хүн зогсож, телевизийн дамжуулалтыг 2,5 тэрбум хүн үзсэн байдаг.





