Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал Төрийн ордны их танхимд эхэллээ. Наймдугаар сарын 10-13-ны өдөр Дэлхийн монгол судлалын төв болох Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэхүү хурал зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.
Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхий дахинаа монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болон хөгжжээ. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.
Энэ удаагийн хуралд нийт 30 гаруй орны 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцож 531 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлнэ.
Тус их хурал нь дэлхийн монгол судлалын эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалын талаарх судалгааны шинэ үр дүнг олон улсын түвшний мэдлэгийн эргэлтэд оруулах чухал индэр болох юм.