Наймдугаар сарын 17-28-ны өдөр болох COP17 хурлын үеэр зарим авто замын хөдөлгөөнийг 7:00 - 21:00 цагийн хооронд хязгаарлах шийдвэр гарчээ.
Үүнд:
Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар,
Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар,
Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана гэв.
Түүнчлэн Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвийн зогсоолыг COP17 арга хэмжээний үеэр түр хаах юм байна.
Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 хуралтай холбогдуулан энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал 07.00-21.00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Зохицуулалт энэ бямба гарагаас хэрэгжиж эхлэх бөгөөд хязгаарлалт есдүгээр сарын 1-ний өдөр үйлчлэхгүй.