Сүнсний баяр буюу “Halloween” хаяанд ирлээ. Аравдугаар сар гармагц аймшгийн баярын уур амьсгал хаа сайгүй мэдрэгдэж эхэлдэг билээ. Энэ үеэр кино сонирхогчдын тэсэн ядан хүлээсэн шинэ аймшгийн бүтээлүүд ч дэлгэцнээ гарч эхэлдэг уламжлалтай. Ингээд энэ намрын хамгийн их хүлээлт үүсгээд буй аймшгийн 8 шинэ киног танилцуулж байна.
1. Other Mommy

Нээлтийн өдөр: Аравдугаар сарын 9
“Other Mommy” нь 2024 онд хэвлэгдсэн “Incidents Around the House” романаас сэдэвлэн бүтээсэн аймшгийн кино юм. Киноны гол санаа нь энгийн хэрнээ аймшигтай. Гэрт тань ээжтэй тань яг адилхан харагддаг үл мэдэгдэх оршихуй гарч ирвэл яах вэ?
Киноны үйл явдал найман настай Бэлагийн гэрт ээжтэй нь адилхан харагддаг үл мэдэгдэх оршихуй гарч ирснээр эхэлнэ. Түүний хэн болох, яагаад Бэлагийн гэрт ирсэн нь үйл явдлын гол нууц болж үлдэнэ. “Other Mommy” киноны уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ч үзэгчдийн анхаарлыг татаж байна. “Host”, “The Boogeyman” зэрэг аймшгийн бүтээлээрээ танигдсан Роб Сэвэж тус киног найруулжээ. Харин Бэлагийн ээж болон үл мэдэгдэх оршихуйн дүрийг Жессика Честейн бүтээжээ. Түүнийг “Interstellar”, “It Chapter Two” зэрэг алдартай киноны дүрүүдээр нь үзэгчид сайн мэднэ.
2. Victorian Psycho

Нээлтийн өдөр: Арваннэгдүгээр сарын 13
Жинхэнэ готик аймшгийн уур амьсгалыг мэдрүүлэх “Victorian Psycho” кино нээлтээ хийх гэж байна. Үйл явдал Викторийн эрин буюу 1858 онд өрнөнө. Залуу бүсгүй чинээлэг айлын хүүхэд асрагчаар ажилд орсноор үйл явдал эхэлнэ. Гэвч удалгүй тухайн айлын ажилчид учир битүүлгээр алга болж эхэлнэ. Түүний ирсэн энэ байшин ямар нууцыг өөртөө хадгалж буй нь киноны гол зангилаа болно.
Сүүлийн жилүүдэд аймшгийн киноны дүрүүдээрээ танигдаж буй Майка Монро гол дүрийг бүтээжээ. Тус бүтээл 2026 оны Каннын кино наадмын “Un Certain Regard” хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн “Victorian Psycho” нь зүгээр нэг сүнстэй хуучны байшингийн тухай кино биш. Викторийн үеийн нийгэм, дээдсийн амьдрал, анги давхаргын ялгааг аймшгийн үйл явдалтай хослуулсан нь уг бүтээлийн онцлог. Тиймээс готик уур амьсгал, сэтгэлзүйн айдас хосолсон кино сонирхогчдод анхаарал татах бүтээл болж байна.
3. Breeder

Нээлтийн өдөр: Аравдугаар сарын 16
Сүүлийн жилүүдэд юүтүбийн уран бүтээлчид бага төсвөөр бүрэн хэмжээний аймшгийн кино бүтээж, амжилт гаргах болсон. “Breeder” ч энэ давалгааны нэг. Тус бүтээл нь юүтүбээс уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн Алекс Гойеттийн анхны бүрэн хэмжээний кино болж байна.
Гэхдээ “Breeder” киноноосоо өмнө зохиолоороо олны анхаарлыг татжээ. Үйл явдал устаж үгүй болох аюулд орсон зөгийн популяцийг хамгаалах судалгаа хийдэг Рассел гэх залуугийн тухай өгүүлнэ. Түүний судалгааг үргэлжлүүлэхэд хөрөнгө санхүүжилт хамгийн том асуудал болно. Харин яг энэ үед Патти гэх нохой үржүүлэгч эмэгтэй түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал тавина. Гэвч энэ тусламжийн цаана төсөөлснөөс нь хавьгүй хачирхалтай зүйл нуугдаж байгааг Рассел удалгүй олж мэднэ.
4. Clayface

Нээлтийн өдөр: Аравдугаар сарын 23
“Batman” комикийн алдарт эсрэг дүрүүдийн нэг болох “Clayface”-ийн тухай бүрэн хэмжээний кино удахгүй нээлтээ хийх гэж байна. DC-ийн зүгээс тус бүтээл нь өмнөх супер баатрын кинонуудаас өөр өнгө аястай, бие махбодын өөрчлөлт, айдсыг хослуулсан бүтээл болно гэж танилцуулжээ.
Киноны гол дүр Мэтт Хейген бол Готам хотод амьдардаг жүжигчин. Гэвч ослын дараа түүний царай төрх танигдахын аргагүй болж, карьер нь бүхэлдээ сүйрнэ. Өмнө нь тайзан дээр, дэлгэцийн өмнө амьдралаа бүтээж явсан түүнд энэ нь асар том цохилт болно. Царай төрхөө буцаан сэргээхийн тулд Мэтт эрсдэлтэй туршилтын эмчилгээнд орно. Эмчилгээ амжилттай болж, царай нь эргэн хэвийн болсон ч бүх зүйл үүгээр дуусахгүй. Харин ч түүний биед төсөөлөөгүй өөрчлөлтүүд гарч эхэлснээр “Clayface” гэх дүрийн түүх эхэлнэ.
5. Beware Boiúna

Нээлтийн өдөр: Аравдугаар сарын 2
Амазоны ширэнгэн ойд эмч нарын баг орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр алслагдсан бүс нутагт очно. Гэвч тэдний ирсэн нь Амазоны домогт өгүүлдэг “Boiúna” хэмээх аварга могойн анхаарлыг татсанаар бүх зүйл өөрчлөгдөнө. Эртний, асар том махчин амьтантай нүүр тулсан эмч нарын баг ширэнгэн ойгоос эсэн мэнд гарахын төлөө тэмцэх хэрэгтэй болно. “Boiúna” нь Амазоны ардын домогт гардаг аварга могой бөгөөд тус кинонд уг домгийн дүрийг аймшигт махчин болгон дүрсэлжээ.
6. Crawlers

Нээлтийн өдөр: Аравдугаар сарын 16
Хэрэв чи аалзнаас айдаг бол энэ киног үзэхээсээ өмнө дахин нэг бодоорой. Үхлийн аюултай хорт аалзнууд нэгэн орон сууцыг бүхэлд нь эзэлснээр аймшигт үйл явдал эхэлнэ. Цагдаа нар барилгыг хөл хорионд оруулснаар оршин суугчид дотроосоо гарах боломжгүй болно. Ийнхүү тэд өсөн нэмэгдэж буй хорт аалзнуудтай нэг байранд үлдэж, амьд үлдэхийн төлөө тэмцэх шаардлагатай болно.
7. Ghost in the Cell

Нээлтийн өдөр: Аравдугаар сарын 2
Ази аймшгийн кинонууд цаанаасаа л арай аймаар санагддаг гэдэгтэй санал нийлэх үү? Магадгүй бидний соёл, домог яриатай илүү ойр байдагтай нь холбоотой байж болох юм. “Ghost in the Cell” нь Индонез болон Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан аймшгийн кино. Үйл явдал өндөр хамгаалалттай шоронд нууцлаг үхлүүд ар араасаа гарснаар эхэлнэ. Удаан хугацаанд дайсагнаж ирсэн хоригдлууд амьд үлдэхийн тулд нэгдэнэ. Тэдний өмнө хүний нүдэнд үл үзэгдэх ер бусын хүчтэй тэмцэх хүндхэн сорилт тулгарна.
8. Appofeniacs

Нээлтийн өдөр: Аравдугаар сарын 2
Аймшгийн кинонд хүртэл технологийн хөгжил нөлөөлж эхэлжээ. “Appofeniacs” кинонд deepfake технологи ашиглан хуурамч бичлэг бүтээж, хүмүүсийг хуурдаг залуугийн тухай өгүүлнэ. Эхэндээ тоглоом мэт санагдах түүний хийсэн бичлэгүүд удалгүй бодит амьдралд ноцтой үр дагавар авчирна. Хуурамч бичлэгүүдээс болж хэд хэдэн хүний амьдрал орвонгоороо эргэж, үйл явдал улам ээдрээтэй болох ажээ. Технологи хөгжихийн хэрээр бодит ба хуурамч зүйлсийг ялгахад хэцүү болж буй өнөө үед “Appofeniacs” бидний өдөр тутмын амьдралтай хамгийн ойр айдсыг хөндөж буй бүтээл болж байна.
