“Айчи – Нагояа” Азийн наадмын жүдо бөхийн барилдаан эхэллээ. Монголчуудын гол найдвар тавьж байгаа төрөл бол яах аргагүй жүдо бөх. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн 4 жингийн барилдаанууд явагдаж, эрэгтэй 66 кг жинд “Будапешт-2025” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Финалын өрсөлдөгч нь Узбекистаны Нутфуллоев Абдурахим Шухратович. Астана, Улаанбаатарын Их Дуулга тэмцээний аварга бөх.
К.Ёолк 25 настай. 2025 онд анх удаагаа ДАШТ-д зодоглож, шууд хүрэл медаль хүртэж, шуугиан тарьсан эр.

Дархан хотын зүлгэн дээр найзуудтайгаа ноцолдож өссөн хүү 13 настайдаа жүдо бөхийг амьдралынхаа зорилго болгон сонгон авсан юм. Тэр үед Дарханд Олон улсын жүдо бөхийн холбооны сургалт болж, Ёолк IJF холбооны "Энх тайвны төлөөх жүдо" хөтөлбөрийн захирал Николас Месснерээс жүдоги өмсгөл гардан авснаар зүрх сэтгэл нь буцалтгүй жүдод шилжсэн гэдэг.

Даруухан, өөдрөг түүний уриа бол “Боломж үргэлж байдаг, гол нь шаргуу хөдөлмөрлөх ёстой. Хэрэв бид хичээнгүйлэн ажиллаж, амжилтад хүрэх хүсэл тэмүүллээ хадгалж чадвал бүх зүйл боломжтой”.
2025 оны Токио, 2026 оны Улаанбаатар Их Дуулга тэмцээний шагналт тавдугаар байрт орсон.

Анхны багш нь Дархан-Уул аймгийн нэгдүгээр дунд сургуулийн багш Д.Балжинням.
Түүний аав Сумын заан цолтой, бөх хүн.
Жүдо бөхийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Самбо бөхөөр өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой хүрэл медальтай.

"Женко" клубийн тамирчин. Энэ жилээс 66 кг жинд шилжин барилдаж байна.
2025 онд Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс “Алтан Бүргэд – Шилдэг тамирчин” хэмээх хүндтэй шагналыг олгож байжээ.
ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдаанд ялахдаа барилдааны явцад гэмтсэн өрсөлдөгчөө үүрч, дэвжээнээс буулган, Олон улсын жүдо бөхийн холбоонд хүнлэг тамирчин гэж хүндлэгдэж байсан удаатай. Дараа нь Ёолк ярилцлагадаа "Тэмцээн бол тэмцээн, бид өрсөлдөгчид боловч тэмцээн дууссаны дараа бид нэг гэр бүлийн гишүүд болдог. Би өрсөлдөгчөө өрөвдсөн. Түүнд туслах хэрэгтэйг ойлгосон" гэж хэлж байлаа.

Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга залуу авьяастнуудыг хайн хөдөө орон нутгаар явж байхдаа хоёр хүүхэд олж харсан нь хожим нь дэлхийн аварга болж, олимпоос мөнгөн медаль хүртсэн Баасанхүүгийн Баасанхүү, ДАШТ-ын хүрэл медаль авах тавилантай байсан Казирбек Ёолк нар байжээ.
Гэрэл зургийг Ч.Ганбат
