Сүүлийн үед цахим спортын CS2 төрлийн багууд “PGL Major Singapore 2026” тэмцээнд орохын тулд заль хэрэглэх болсон. Хамгийн түлхүү хэрэглэсэн арга нь багийн бүрэлдэхүүнийхээ ихэнхийг ази тоглогч болгон солиод Азийн бүсэд шилжих байлаа. Энэ аргыг “BC.Game” эхлэн хэрэгжүүлж, “WW Team”, “Sashi” багууд даган баяссанаар тэд Азийн бүсээс мэйжорт урилгаар орох боломжоо илт нэмэгдүүлсэн билээ. Энэ нь бусад баг, тамирчдын дургүйцлийг хүргэж, тэд гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл энэ сарын 6-нд тэмцээнийг зохион байгуулагч “Valve” байгууллагаас багуудыг дураараа тивээ солихыг хориглож, хэрэв өөр тивийн тамирчин авбал доод тал нь 3 сарын дараа тухайн тивд шилжиж байх шийдвэр гаргалаа.
Энэ шийдвэр манай “The MongolZ” багт сайнаар тусах учиртай. Учир нь манай баг бол албан ёсоор Азийн хамгийн чансаа өндөр, шилдэг баг нь билээ.
Харин энэхүү Азийн бүсэд орох шилжилтийг эхлүүлсэн “BC.Game” баг хүсэл болсон мэйжор тэмцээнд орохгүй байх магадлал өндөр байна.
“BC.Game” баг Денис "electroNic" Шариповыг сэлгээнд шилжүүлж, Австралийн Тайсон "asap" Патерсоныг авснаар Европын 36 дугаар байраас Азийн 4-т гарч ирсэн. “WW Team” баг тажикстан, казах тамирчдаар эгнээгээ сэлбэж, мөн Азид ороод ирсэн юм.
Харин энэ сарын 5-нд Данийн “Sashi” баг Mikkel “MistR” Томсен, Casper “Cabbi” Йенсен гэсэн нутгийн хоёр тамирчнаа Австралийн Tynan “TjP” Пертелл, Jordan “Hatz” Байич нараар сольсон. Тус багт байсан вьетнам тамирчинтай нийлээд 5 тамирчны 3 нь ази гаралтай болж, мэйжорт Азиас уригдах боломжтой болоод ирсэн юм. Багийн удирдлага энэ шинэчлэлээ ганцхан сарын хугацаатай гэдгээ ч нуугаагүй. Харин “Valve” байгууллагаас маш шуурхай шийдвэр гаргаж, энэ замбараагүй байдлыг зогсоолоо.
“PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцох багуудын нэрс 11 дүгээр сарын 2-нд тодорно.
Counter-Strike төрөлд багууд Европ, Америк, Ази тив гэж хуваагддаг. Аль тивийн тамирчин их байна тухайн бүсэд орно.
“PGL Major Singapore 2026” тэмцээнд орох хуваарилалт тив бүрт:
Европ – 18 баг
Америк – 9 баг
Ази – 5 баг байна.
