UBLife Logo
Спорт

UFC холбооны шилдэг шүүгч Херб Диний уналт үргэлжилсээр

UFC холбооны шилдэг шүүгч Херб Диний уналт үргэлжилсээр

Холимог тулааны шилдэг шүүгчдийн нэг Херб Дин монголчуудын эчнээ танил нэгэн. UFC холбооны шилдэг шүүгчдийн нэг тэрбээр өөрөө холимог тулаанч байсан тул тулааныг маш мэдрэмжтэй шүүдэг, тиймээс түүнийг хамгийн хариуцлагатай тэмцээнд томилдог байлаа. Байлаа гэдгийн учир нь 2026 онд Херб Дин бараг гарсан тэмцээн болгондоо шүүмжлүүлж байна. Тулааныг эрт зогсоолоо, оройтож зогсоолоо, дүрэм зөрчсөнийг харсангүй гээд л түүнийг бараг тулаанч болгон муулдаг болжээ.

Энэхүү шүүмжлэлийн дайны эхлэлийг тавьсан хүн бол Бразилын Алекс Перейра. Сирил Ганд ялагдсаныхаа дараа Алекс Динийг тун хатуу үгээр дайрсан “Ган миний ар дагз руу санаатай цохисон. Энэ цохилт түүний ганц боломж байлаа. Энэ залуу хориотой цохилт, бохир мэх хийх зуршилтай. Би тулааны өмнө шүүгчид энэ талаар хэлж, дүрэм зөрчихийг нь сайн ажиглаарай гэж анхааруулсан. Бичлэг ухраагаад үзэхэд дагз руу тохойлдож байгаа олон цохилт харагдана. Энэ шүүгч эр хүн биш. Тэр энэ тулааныг шүүх ёсгүй байсан. Динийг шийтгэх хэрэгтэй” гэж хэлээд ерөнхийлөгч Дана Уайтад хандаж, Динийг хасахыг шаардаж байлаа. Дин хариуд нь хориотой цохилт биш байсныг баталсан видео бичлэг оруулсан. Тус болсонгүй. Хорхе Масвидаль Динийг “Холимог тулааны түүхэн дэх хамгийн муу шүүгч” гэж цоллосон бол Диний шүүлтээр хэлмэгдэж байснаа олон тамирчин илэрхийлжээ.

UFC холбоонд тулалдаж байсан Брендан Шауб “Тамирчид биш муу шүүгч л тэмцээний дараа яригддаг боллоо. Херб Диний мөнхийн асуудал бол тэр тулаанд хөндлөнгөөс оролцож, хэн нэгний ялагдлын буруутан болохоос үхтлээ айдаг хүн. Маш олон тулаанд алдаа гаргаж байна. Бусад нь зүгээр байхад яагаад тэр дандаа маргаанд орж байна вэ? Аймхай болохоор тэр. Шүүгч юм бол хатуу чанга байх ёстой. Зангаргаа харуулах шаардлагатай. Яагаад чи оноо хасахаас айдаг юм бэ? Тохойлдуулаад дагзанд нь том шарх гараад байхад яагаад чи юу ч хийхгүй байгаа юм бэ? Шара Буллет өрсөлдөгчийн үснээс зулгаалаа, чи зүгээр зогсож л байна. Тулаанчид хэрэв Херб шүүх юм бол эмээх зүйлгүй өрсөлдөгчийн эмзэг газар нь өшиглө, нүдийг нь чич, үсийг нь зулгаа, тэр яах ч үгүй гэдэг болж байна. Дин дүрэм зөрчсөн тамирчнаас оноо хасаж чадахгүй хулчгар” гэжээ.

Тэмцээнд шүүгч нарын нэрийг зарлахдаа Дин гэж хэлэхэд үзэгчид эсэргүүцэн шүгэлддэг боллоо. Энэ бүхэн Диний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. Учир нь түүний хачирхалтай шийдвэр, ил тод алдаа үргэлжилсээр. “The Ultimate Fighter” тэмцээн дээр Ксавье Франклин - Илимбек Акылбек Уулу хоёрын тулаан болоход Франклин Уулуг цохиж унагаад гүйцээхээр очиход Дин тулааныг зогсоосон. Уулугийн нүдэнд хуруу орсон гэж үзээд бичлэг үзсэнээ тулааныг зогсоогоогүй, завсарлага өгсөн гэж зарласан. Удалгүй Уулу ялж, өрсөлдөгчийн дасгалжуулагч нар зарга үүсгэсэн билээ.

UFC холбооны аварга асан Хенри Сехудо “Невада мужийн спортын комисс яагаад энэ нөхрийг халдаггүй юм бэ? Динд дуртай хүн гэж үгүй. Үзэгчид ч түүнийг үзэн яддаг. Шүүнэ гэдэг хэцүү ажил. Гэхдээ толгойнд нь өшиглөж байхад Дин яагаад тулааныг зогсоохоос айв? Тэр ажлаасаа гар, эсвэл завсарлага авч амар. Тэр эндээс зайлах ёстой” гэж хатуу шүүмжилсэн байна.

Ямар ч байсан Дин холимог тулааны шилдэг шүүгчдийн нэг хэвээр, том тэмцээнд оролцсоор байна. Гэхдээ тэр сүүлийн нэг жил хөдлөх бүртээ шүүмжлүүлдэг болоод байна. Сехудогийн хэлснээр амрах, үгүй бол өөр холбоонд очсон нь дээр ч байж магадгүй. Одоогийн ур чадвараараа тэр UFC холбоонд, тамирчдад, үзэгчдэд, өөртөө ч гай болсоор байх болно.

Ингээд Херб Диний цар тахлын үеэр хэвлэлд өгсөн эртний нэгэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Та есөн наснаасаа тулааны урлагаар хичээллэж эхэлсэн гэсэн. Юу таныг энэ спортод хөтлөв?

-Багадаа найзуудтайгаа хамт күнфүгийн кино үзээд л дурласан. Хүүхдүүд каратэ болж тоглож байхад харин би жинхэнээсээ зодолдож сурахыг маш их хүсэж байв. Аавын найзууд дунд тулааны урлагийн мастерууд байсан тул би анхныхаа хичээлийн тэднээс авсан.

-Хамгийн анхны төрөл?

-Күнфү. Хөгжилтэй сайхан байсан. 15 настайгаасаа боксоор хичээллэж, 18 настайдаа кикбокст орсон. Том болоод жүдо, жижиүцүгээр хичээллэж эхэлсэн. Брюс Ли, Ройс Грейсиг шүтдэг байлаа.

-Таныг анх эхэлж байхад холимог тулаан хууль бус байсан.

-Тийм ээ, бид тулааны тэмцээн зохион байгуулахдаа АНУ-ын уугуул иргэд болох индианчуудын нутаг дэвсгэрт хийдэг байлаа. Учир нь тэнд өөрийн хуультай. Калифорнид холимог тулааныг хориглосон байсан. Манай багш шүүгч болоод бид туслахаар нь ажилладаг байв. Тамирчдыг хориотой зүйл хийхээс нь сэргийлнэ.

-Хориотой гэхээр?

-Тамирчид бээлий дотроо хүнд зүйл, зарим нь хурц шөвөг хүртэл нуудаг байсан юм. Хянах хүн цөөхөн учир маш анхааралтай байхгүй бол болохгүй. Маш олон юм илрүүлэн хурааж байлаа.

-Цагдаа нартай асуудал үүсэж байв уу?

-Индианчуудын нутагт тэмцээн хийж байхад хэн ч биднийг оролддоггүй байсан. Харин бид нөлөөгөө нэмэгдүүлэхээр хотод тэмцээн зохион байгуулж эхэлтэл цагдаа нар ирээд баривчилсан.

-Шүүгчийн ажлын хамгийн сайхан зүйл юу вэ?

-Би холимог тулаанд хэт хайртай тул энэ спортод байхын тулд юу ч хийхэд бэлэн. Тамирчин, шүүгч биш гэхэд сандал, ширээ зөөгөөд явж байхад ч бэлэн байна. Бүх амьдралаа зориулсан ч яах вэ. Анх тэмцээн шүүж эхлэхдээ би “Шүүлт гэдэг бол нэг талаас тамирчдын мөрөөдөл, замнал, нөгөө талаас тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг аль алийг нь тэнцүү авч үзэх явдал юм” гэдгийг ойлгосон. Би энэ ажилдаа маш нямбай ханддаг.

-Таныг тулалдаж байх үед холимог тулаан ажил мэргэжил биш байсан. Амьдралаа яаж залгуулж байв?

-Янз бүрийн л ажил хийж байлаа. Хэцүү, сахилгагүй хүүхдүүдтэй ажилладаг байсан. Тэднийг хүмүүжүүлнэ. Аав, ээжтэйгээ муудалцсан хүүхдүүдийг эвлэрүүлэх гэх мэт.

-Тулааны урлаг зааж байсан уу?

-Цагдаагийн газартай хамтран, хүүхэд багачуудад тулааны урлаг зааж сургах төсөл дээр ажиллаж байсан.

-Хийж байсан хамгийн хачирхалтай ажлаа дурдаач.

-Миний нэг найз эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнийг хайж олох ажил хийдэг байлаа. Түүнд тусалж, хамт явдаг байсан.

-Холимог тулааны шүүгчийн алдаа тамирчны амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой.

-Мэдээж.

-Гэхдээ тамирчид өөрсдөө эрсдэлд орохыг хүсэх үе байдаг. Мераб Двалишвили гэхэд боолгочхоод бууж өгөхийг хүсээгүй. Энэ тохиолдолд шүүгч яах ёстой вэ?

-Энэ бол манай ажлын хамгийн хүнд хэцүү хэсэг. Тулаанчид ялахын тулд маш их зүйл золиосолж, бэлтгэл хийсэн байдаг. Тийм болохоор ялахын тулд буруу шийдвэр гаргадаг. Энэ үед би зогсоох үүрэгтэй. Тэднийг өөрсдийг нь аврахын тулд шүү дээ. Боолгоход тамирчин ухаан алдаж болно. Өчүүлбэл хүнд гэмтэнэ. Хэрэв тамирчин гэмтсэн бол би дахиад гэмтэхээс нь өмнө зогсоох ёстой. Дараалаад цохиулаад байгаа тулаанч байлаа гэхэд би “Залуу минь, чи тулалдах чадваргүй болжээ. Би чамайг улам хүнд гэмтэхээс өмнө зогсоох ёстой” гэж хэлэх үүрэгтэй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...