Азербайжаны нийслэл Бакуд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ээс монголчууд анхны медалиа авлаа. Хоёр шагналт байртай байсан манай шигшээ багт эмэгтэйчүүдийн 63 кг жинд Л.Энхрийлэн хүрэл медаль авчирлаа. Тэрээр хоёр өөр жинд дэлхийгээс медаль авсан анхны монгол жүдоч болжээ. Хэдхэн хоногийн өмнө Азийн наадмаас авсан хүрэл медалиа ихэрлүүлж байгаа нь энэ. Манай тамирчин 2022, 2023 онд 57 кг жинд медаль авч байсан бол энэ жилийн ДАШТ-д 63 кг жинд барилдсан.

Ази тивийн хошой аварга, МУГТ Л.Энхрийлэн С хэсгийг толгойлж, Испани, Косово улсын тамирчдыг дараалан ялаад хэсгийн аваргын төлөө Израилын Керем Примо дээр бүдэрсэн. Дагах барилдаанд Францын дэлхийн 6 удаагийн аварга Кларисс Агбэгнэноуг юүко үнэлгээгээр ялсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ. Медалийн барилдаанд Нидерландын Жоанна ван Лисхаутыг өвдөг шороодуулснаар бас нэгэн шинэ амжилт гаргалаа. Түүнтэй нэг жинд барилдсан Б.Ганхайч дагах барилдаанд, эрэгтэй 81 кг жингийн О.Шинэбаяр эхний барилдаандаа ялагджээ.

Эмэгтэй 63 кг жин Хатан хаантай болсон. Японы Кажюү Харүка бүх өрсөлдөгчөө иппон ялж, итгэл төгс тэргүүллээ. Тэрээр 40 барилдаан ялагдаагүй яваа юм. Эрэгтэй 81 кг-д Гүржийн алдарт Тато Григалашвили туршлага заан түрүүллээ.
Эрэгтэй 81 кг

1. ГРИГАЛАШВИЛИ Тато (Гүрж)
2. ТКАЕВ Зелим (Азербайжан)
3. РАЖАБЛИ Омар (Азербайжан)
3. СИМИН Михайло (Серби)
Эмэгтэй 63 кг

1 КАЖЮҮ Харүка (Япон)
2 ПРИМО Керем (Израил)
3 ЗАХОВА Рената (Чех)
3 Л.Энхрийлэн (Монгол)

