Энэ намрын дэлхий ертөнцийн томоохон үйл явдлын нэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар тангараг тасарсан явдал байлаа. 2025 онд Цагаан Оронд болсон уулзалтаар Трамп Зеленскийг тусламж, дэмжлэг өгөхөд ямар ч талархал байдаггүй хүн гэж дэлхий нийтийн өмнө загнаж, нэн даруй гал зогсоохыг шаардсан. Хариуд нь Зеленский Украины байр суурийг илэрхийлж байгаад уулзалт төгссөн.

Харин энэ удаад Дональд Трамп “Украинд шинэ Ерөнхийлөгч хэрэгтэй” гэж ил тод зарлалаа. Трамп дизель түлш хомсдсонтой холбоотойгоор АНУ-ын иргэдийн эрх ашгийг хамгаалж, Украиныг Оросын нефть, дизель шатахуун үйлдвэрлэх үйлдвэрүүдэд цохилт өгөхгүй байхыг хүссэн. Харин Зеленский үл ойшоож, нефтийн үйлдвэр битгий хэл шатахуун зөөж байгаа машинуудыг ч дроноор буудсаар байв. Сүүлийн үед Европын томчуул Трампын үгнээс зөрөхгүй байхыг хичээдэг, эмээдэг болсон. Тэгвэл үгийг нь илт тоогоогүй Зеленскийг Трамп “Дэлхий дахинд асуудал гаргахыг хүсдэг хүн” гэж шүүмжилж байв. Дизелийн хомсдлыг арилгахын тулд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж, энэ сард 300 мянган тонн, ирэх сард 500 мянган тонн, 12 дугаар сард нэг сая тонн шатахуун авах гэрээ байгуулсан билээ. Зеленский энэ гэрээг “Дайнд хөрөнгө оруулсан явдал” гэж нэрлэснээр АНУ-ын тусламжийг дахин хүртэх эрхгүй болох шиг боллоо.
Сүүлийн гурав хоног ОХУ-ын тал Украины нийслэлд маш хүчтэй хэд хэдэн цохилт өглөө. Олон хүн амиа алдсан. Урьд өмнө АНУ-ын тагнуулын газраас Оросын цохилтыг урьдчилан сэрэмжлүүлдэг байсан бол энэ удаад ямар ч дохио өгсөнгүй. Цаашдаа Зеленский зөрүүдлээд байх юм бол тагнуулын мэдээ өгөхөө бүр мөсөн зогсооно гэдгээ үүгээр анхаарууллаа. Ацан шалаанд орсон Ерөнхийлөгч Зеленский “Хэрэв ноён Трамп үнэхээр Украинд өөр удирдагч хэрэгтэй гэж үзэж байгаа бол би сонгууль явуулахад бэлэн байна. Харин сонгуульд 60 хоног гал зогсоох шаардлагатай” гэж мэдэгдсэн. ОХУ-ын тал энэхүү 60 хоногийг хүлээн авахгүй нь ойлгомжтой байна.
