Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (FIFA) 2026 оны ДАШТ-ээс олсон орлогоо дэлхийн хөлбөмбөгийн хөгжилд зарцуулах санд төвлөрүүлэх санал гаргалаа. Энэхүү шинэ санд нийт 6,35 тэрбум ам.доллар оруулж, 4 жилийн хугацаатай гишүүн орнууддаа тусламж үзүүлэх гэнэ.
Associated Press (AP) агентлагийн мэдээлснээр Европ, Хойд, Төв Америк болон Карибын орнуудын хөлбөмбөгийн холбооноос FIFA-д хандан, бүх гишүүддээ өөрөөр хэлбэл 211 Үндэсний хөлбөмбөгийн холбоонд тус бүр 10 сая ам.доллар олгохыг шаардсан. Тэгвэл Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино шинэ сангаас үндэсний холбоо бүрд 25 сая ам.доллар олгох боломжтой болно гэж дурджээ. Гэхдээ санг албан ёсоор байгуулаагүй, тивийн холбоодоос санал авах шаардлагатай ажээ.
Ирэх оны гуравдугаар сарын 18-нд Мароккод Олон улсын хөлбөмбөгийн холбооны чуулган болно. Чуулганаар шинэ ерөнхийлөгчөө сонгох учиртай. Нэр дэвшигчид 11 дүгээр сарын 18-наас өмнө албан ёсоор нэрээ өгөх юм. Одоогийн тэргүүн Инфантино дахин сонгуульд дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа бол Европ тивээс Францын мэргэжилтэн Арсен Венгер түүнтэй өрсөлдөх магадлалтай байгаа юм.
