Японы Нагояд болж байгаа Азийн наадамд улс орны төрийн дууллыг андуурч, алдах явдал гарсаар байна.
Хамгийн анхны алдаа нь Азийн наадмын зүлэгний хоккейн тэмцээн байсан бөгөөд Өмнөд Солонгос болон Бангладешийн эрэгтэй багуудын хоорондох хэсгийн шатны тоглолт байв. Цэнгэлдэх хүрээлэнд хоёр багийн тамирчид жагсан, Өмнөд Солонгосын төрийн дууллыг эгшиглүүлэх ээлж болоход зохион байгуулагчид БНАСАУ-ын төрийн дууллыг андууран эгшиглүүлсэн билээ. Өмнөд Солонгосын тамирчид чимээгүй сонссоор байсан. Зохион байгуулагчид албан ёсоор уучлал гуйж байсан билээ.
Харин энэ удаа Пара наадмын үеэр хэд хэдэн алдаа гарлаа. NHK телевизийн мэдээлснээр гурван том алдаа гарсан дотор Монголын сүлд дууллыг андуурсан тохиолдол гарсан байна.
Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав түрүүлсэн. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын оронд Ираны төрийн дууллыг тавьсан байна. Харин Монголын төлөөлөгчид уг алдааг тэр дор нь сануулснаар зохион байгуулагчид Ираны дууллыг дундаас нь зогсоож, Монгол Улсын төрийн дууллыг сольж тоглуулжээ.
Таеквондогийн эрэгтэй төрөлд түрүүлсэн Тайванийн тамирчны шагнал гардуулах ёслол дээр мөн Ираны төрийн дуулал тавьсан бөгөөд ёслолыг дахин эхнээс нь явуулсан байна.
Эмэгтэй волейболын төрөлд Хятад, Ираны тоглолтын өмнө Хятадын төрийн дууллын оронд БНСУ-ын дуулал цуурайтсан. Таван секундын дараа алдааг засжээ.
Нагоя хотын дарга, Азийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ичиро Хиросава Лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийлгэж, албан ёсоор хүлцэл өчлөө. Тэрээр “Энэ алдаа дахин давтагдаад байгаа нь байж болшгүй зүйл. Улс орноо төлөөлөн медаль хүртсэн тамирчин, багийн хамт олноос хүлцэл өчиж байна” гэжээ.
Зохион байгуулагчид дууны системийн программ хангамжийн буруу тохиргооноос боллоо гэж тайлбарласан байна.
