Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Х.Нямхишиг: Үг үсэг, цэг таслал, хэл найруулгын үл ялигхан алдаа орчуулагчийг эргэлзүүлж орхидог


Яруу найрагч Хандхүүгийн Нямхишигтэй ярилцлаа. Тэрбээр яруу найргийн төрлөөр “Бөгтөр хөх өвс”/2008/, “Зун гээсэн чөдөр”/2010/, “Нэргүй ном”/2014/, “Хөх цэгцгий жиргэнэ”/2018/, эсээ бичлэгийн төрлөөр “Алхах тоолонд элс нурнам”/2017/, хүүрнэл зохиолын төрлөөр “Гашуун амт: Амтлаг үнэр"/2020/, орчуулгын төрлөөр Туркийн алдарт яруу найрагчдын шоронд бичсэн шилмэл шүлгийн түүврийг “Хоёр үетэй үг” /2021/ нэрээр хэвлүүлээд буй юм. Түүнийг “Болор цом” наадмын дэд байрт шалгарч, 2018 онд “Алтан-Өд” шагналыг яруу найргийн төрлөөр хүртэж байсан гэдгээр нь уншигчид эчнээ таних биз ээ. Х.Нямхишиг өдгөө Эрдэнэт хотноо ажиллаж амьдран, уран бүтээлээ туурвиж байна.


-Монголчууд Солонгос улсад олноороо ажиллаж, амьдардаг. Гэтэл Солонгос хэлнээс яруу найраг орчуулаад байхгүй юм аа. Харин та Туркэд аж төрж байснаараа тэр улсын алдарт яруу найрагчдын шоронд бичсэн шүлгүүдийг өвөртөлж ирээд орчуулчихлаа. Орчуулгаа эхлүүлэхийн урьд өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ. Ер нь турк хэл ямар онцлогтой, сурахад хэр бэршээлтэй юм бол?

-Турк рүү явахынхаа өмнө номын дэлгүүрээс “Монгол - Турк хэлний толь бичиг” худалдаж авсан юм. Онгоцонд суугаад л хэлний бэршээлтэй тулгарсан. Хоолоо сонгож захиалж чадахгүй, онгоцны үйлчлэгчтэй хэл нэвтрэлцэж чадахгүй байлаа. Тэгээд л англи хэлийг биш юм аа гэхэд турк хэлийг давын өмнө сурахаас аргагүйд хүрсэн. Туркэд очсоныхоо дараа өдөр тутам үг цээжилж эхэлсэн. Хэл мэдэхгүй хэрнээ зав л гарвал номын дэлгүүрт нь эргэлддэг байсан юм. Тэнд, эргэн тойронд байх монголчуудаасаа ялгаатай нь, зөвхөн ажил дээрээ ойлголцохын тулд биш, ном зохиолыг нь унших, ойлгох дур хүсэлдээ хөтлөгдөж байсан болохоор хар ярианаас илүү бичгийн хэл тал руу нь түлхүү сурсан байх. Бэрхшээлтэй гэхээс илүү сонирхолтой байсан л даа. 

Би орчуулгадаа гурван зарчим л баримталсан. Нэгдүгээрт, эх зохиолд маш хүндэтгэлтэй хандах, хоёрдугаарт, өмнө нь монгол хэлнээ орчуулагдсан шүлгийг давтаж орчуулахгүй байх, гуравдугаарт, монгол уншигчдын сэтгэхүйд амар буухгүй шүлгүүдийг алгасах.

-“Хоёр үетэй үг” номын эхийг хаанаас, хэрхэн олов? 

-“Шоронгийн шүлгүүд” нэртэй антологи бий. 1993 онд анх хэвлэгдсэн юм билээ. Би сүүлд дахин хэвлэгдсэн хувилбарыг нь Туркэд байхдаа олж авсан юм. Энэ номыг гол болгож орчуулсан. Мөн 14-21 дүгээр зуун хүртэлх дэлхийн яруу найрагчдын шоронгийн шүлгүүдийг Туркэд  эмхэтгэсэн бас нэгэн антологи бий. Франсуа Вийон, Жорж Байрон, Виктор Хюго, Шарль Бодлэр, Оскар Уайльд, Гарсиа Лорка... гээд л явж өгнө. Дээрээс нь туркийн алдартнуудыг нэмчихсэн шигшмэл шүлгийн түүвэр. Өөр бас бус антологиуд ч байдаг юм билээ. Ер нь бол Туркэд нэг ном ойр ойрхон, дахин дахин хэвлэгдээд байдаг болохоор олдоцтой. 

-Туркийн яруу найргийг монгол хэлнээ цогц байдлаар анх дуун хөрвүүлсэн орчуулагч Д.Мөнхтөр “Бууж буй өөрийн хэлэндээ гайхалтай сонсогдох уншигдах талыг барихлаар цаад эхээсээ “урвачих” гээд, эхээ ягштал барих гэхлээр өөрийн хэлэнд наалдаж, “үзэсгэлэнтэй” бууж өгөхгүй байх ийм хоёр талын зовлон яруу найргийн орчуулгын гол зовлон байдаг” хэмээн “Туркийн яруу найргийн дээжис-1” номынхоо өмнөтгөлд бичсэн байдаг. Таныг орчуулгын ажлаа гүйцэтгэж байхад ямар бэрхшээлүүд голчлон тохиолдож, түүнийг хэрхэн шийдвэрлэв? 

-За, ер нь бол эхээ яг барьж хөрвүүлсэн. Д.Мөнхтөр ах ч “Туркийн яруу найргийн дээжис-1”-ийг тэгж орчуулсан нь анзаарагддаг. Туркээс монгол руу орчуулга хийхэд нэг онцлог бий. Адилхан нэг язгууртай хэл шүү дээ. Тиймээс орчуулагч хэрэв хичээх аваас цэг, таслал, бадаглал, хэмнэл, үгийн тоо ч зөрүүлэхгүйгээр хөрвүүлж болно. Формалист талаасаа тэгэх бүрэн боломжтой гэсэн үг. Тийм болохоор би турк эхийг нь яг таг барьж орчуулахыг хичээсэн, Д.Мөнхтөр ах редаклорлахдаа ч энэ талаас нь илүү анхаарсан. Бэрхшээл гэвэл байлгүй яах вэ. Жишээ нь, Наазым Хикмэтийн шүлгүүд их хүнд байсан. Хикмэт бол эх хэлнийхээ байгууламж дотор маш өргөн цар хүрээнд эргэлддэг агуу уран бүтээлч. Шүлгүүдэд нь араб, перс үг, нутгийн хэллэг, хуучирсан үгс олонтаа тааралдана. Хэвлэмэл толиос ч, цахим толиос ч хайгаад олдохгүй үгс. Тийм үгсийг мэддэг хүмүүсээс нь асуух, цахимаас хайх, өөр хэл рүү хөрвүүлж харах гэхчлэн янз бүрээр л үзсэн дээ. Энэ бол орчуулагч болгонд тохиолддог зовлон байх аа. 

-Утгачлах, үгчлэх хоёр хандлагын алийг нь орчуулгадаа баримталсан бэ? 

-Мэдээж, зөвхөн утгачилж болохгүй. Харин үгчлэнгээ утга санааг бүрэн дүүрэн гаргах боломжтой. Орчуулга гэдэг үгийн сүлжээ ч юм уу, оньсон тоглоом, эсвэл эвлүүлдэг тоглоомтой адилхан. Ийм шинж чанартай болохоор нь орчуулга руу нэгэнт орсон хүн тэр чигтээ автчихдаг байх гэж би боддог юм. Тэр “тоглоом”-ын ширхэг эсийг ч тэс өөр зүйлээр, хүчээр орлуулж болохгүй шүү дээ. Хэрэв тэгвэл эх зохиолынх нь өмнө ч, эх хэлнийхээ өмнө ч гэм хийсэн хэрэг болно. Үнэхээр мэдлэг, чадвар хүрэхгүй үе зөндөө тохиолдоно л доо. Гэхдээ чинээнд нь тултал ухаж төнхөх, судлах, суралцах, асууж лавлах, сайн редактор авах боломж үргэлж бий. 

Аав аа!

Шинэ жил болгоноор тандаа

шивнэж хэлэхийг хүсдэг

цор ганц

үг байна:

"Үнэндээ би таныгаа

хэчнээн хайрладаг билээ дээ,

үүнээс ч илүү урт наслаарай..."

Аав минь та

ах минь, дүү минь, анд нөхөр минь шүү!

Харгислал ч, үхэл ч, айдас түгшүүр ч

хар толгойг минь бөхийлгөхгүй!

Гагцхүү хүү нь таныхаа

гарыг үнсэх л гэж бөхийдөг шүү.

    |Наазым Хикмэт "Аавдаа", орч.,Х.Нямхишиг|

-Шоронд бичсэн шүлгүүд гэхлээр нэлээд алдаа мадагтай бичигдсэн болов уу. Гэвч “Голын утга зарим нугуудыг сайтар номлон эс чадсан ба буруу номлосон нь илэрхийеэ буй бөгөөс бээр голыг зохиогч ямар мэт туурвисан ёсоор орчуулмой. Бус голын сайн номлолоос засан бүү үйлд” хэмээн “Мэргэд гарахын орон”-д өгүүлсэн байдаг. Та эх зохиолд хэр хүндэтгэлтэй хандсан бэ? 

-Би орчуулгадаа гурван зарчим л баримталсан. Нэгдүгээрт, эх зохиолд маш хүндэтгэлтэй хандах, хоёрдугаарт, өмнө нь монгол хэлнээ орчуулагдсан шүлгийг давтаж орчуулахгүй байх, гуравдугаарт, монгол уншигчдын сэтгэхүйд амар буухгүй шүлгүүдийг алгасах. Эх зохиолын алдаа мадаг гэвэл мэр сэрхэн үг үсгийн алдаанаас хэтэрсэн юм байгаагүй. Алдаа мадаг гэснээс, ер нь бол бид өөрсдийн зохиол бүтээлдээ ч анхаарах л хэрэгтэй. Үг үсэг, цэг таслал, хэл найруулгын үл ялигхан алдаа хүртэл орчуулагчийг эргэлзүүлж орхидог. Бодох л ёстой зүйл. 

-“Хоёр үетэй үг” номонд шүлэг нь хэвлэгдсэн 15 яруу найрагчаас Наазым Хикмэтийн шүлгүүдийг 1951 онд Б.Ренчин гуай орчуулж байсан тул монголчууд эчнээ танина байх. Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Мадонна” романыг 2016 онд орчуулагч Г.Сугиррагчаа дуун хөрвүүлсэн. Түүнчлэн орчуулагч Д.Мөнхтөрийн эмхэтгэж орчуулсан “Туркийн яруу найргийн дээжис-1” түүвэрт Наазым Хикмэт болон Нэжип Фаазыл Кысакүрэкийн шүлгүүдээс орсон байдаг. Бусад яруу найрагчдийнх нь бүтээлтэй Монголчууд өмнө нь ер танилцаж амжаагүй байв. Тэднээс хамгийн алдартай нь хэн бэ, бүгд улстөрийн шалтгаанаар шоронд орсон уу?

-Цөмөөрөө улс төрийн шалтгаанаар. Турк бол 20 дугаар зуунд оюун санааны ертөнцдөө маш хатуу ширүүн хандсан улс. Зөвхөн Наазым Хикмэтээр л жишээлэхэд 1952 онд иргэншлээсээ хасагдсан, бүр сүүлд 2006 онд л арай чүү цагаатгагдсан байдаг юм. Энэ 15 яруу найрагч бол бүгдээрээ Туркдээ нэгэнт байр сууриа эзэлсэн нэрт уран бүтээлчид. Нэжип Кысакүрэк, Жан Юүжэл гэхчлэн өрнөдөд боловсрол эзэмшсэн, туркийн уран зохиолд өөрсдийн бүтээлээрээ маш хүчтэй нөлөө үзүүлсэн зохиолчид, дэлхийн сор бүтээлүүдийг эх хэлэндээ танилцуулсан орчуулагчид, нэр хүндтэй их сургуулиудын эрдэмтэд. “Хоёр үетэй үг”-ийн хамгийн сүүлд байгаа Озан Дэниз гэхэд л одоо Туркэд хамгийн дуулиантай яруу найрагчид тооцогддог. 1982 онд төрсөн энэ залуу Курд үндэстний эрх ашгийн төлөө хамгийн хурцаар дуугардагаараа хавчлагад өртсөөр ирсэн. Гэсэн хэдий ч Турк бол урлагийн бүх салбар нь сайн хөгжсөн орон. Ялангуяа уран зохиолын том гүрэн шүү дээ. Саявтархан бүх цаг үеийн 100 шилдэг романаа нэрлэлээ. Тэр шалгаруулалтад 100 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шүүгчийн баг ажилласан гэсэн мэдээ явж байна. Шилдэг романуудын эхний 10 дотор Орхан Памукийн 2 роман орсон байна. Одоо бол Туркэд цаг үе өөр болсон л доо. Ядаж л Нобелийн шагналтнаа арай өөр өнцөгөөс харж байна.

П.Батхуяг ах надад, миний уран бүтээлд маш их нөлөөлсөн хүн. Тэр бол түүчээ байсан юм. Амиа бодоод түрүүлж алхана гэдэг нэг хэрэг, араасаа уран зохиолын шинэ үеийг тэр чигээр нь дагуулаад түүчээлж алхана гэдэг өөр хэрэг. Тийм ээ, тэр бол гарцаагүй түүчээ.

-Туркийн өөр нэгэн яруу найрагчийн номыг орчуулж байгаа юм билээ. Зохиолчид хувь хүнд орчуулгын эрхээ өгөх тохиолдол ховор байдаг. Та хэрхэн холбогдож, яаж эрхийг нь авсан бэ, тухайн яруу найрагчийг танилцуулаач?  

-Бэжан Матур гээд одоо ид сайн бичиж буй яруу найрагч. Дэлхийн 40-өөд хэлэнд орчуулагдчихсан юм билээ. “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Б.Баясгалангаар дамжуулж анх холбогдсон юм. Тэр хоёр найзууд л даа. Надад бүх номынхоо эхийг шилжүүлж, шилмэл шүлгийн түүвэр гаргах эрхийг өгсөн. Үнэхээр том итгэл шүү. Энэ жил түүний шүлгүүдийг монгол уншигчиддаа танилцуулна аа.

-Аав, загас барьдаг

Ээж, загас шардаг

Би, загас зардаг

Дүү, загас зурдаг...

Манайх загасчин айл.

Нээрэн би бурхныг

Алтан загас гэж төсөөлдөг.

Нэг л өдөр, түүнийг

Аав минь барина даа гэж мөрөөддөг...

Манайх загасчин айл. ... хэмээх таны шүлгээс сэдэвлэн бүтээсэн “Амьдрах сайхан” кино 2018 онд “Дува” богино хэмжээний кино наадамд түрүүлж байсан. Шүлгээр тань кино хийе гэхэд гайхсан уу, энэ киног хэрхэн үнэлдэг вэ?

-Эхлээд надтай холбогдоод зөвшөөрөл хүссэн. Гайхсан шүү. “Та нар болно гэж бодож байгаа бол хийгээрэй” л гэсэн. Миний шүлэгт байгаа багахан ч атугай драмтургийг өөрсдийнхөөрөө олж харсанд нь олзуурхууштой. Дажгүй бүтээл болсон. Тэр залууст баярлаж явдаг аа.

-“Бөгтөр хөх өвс” номыг тань редакторлан өмнөтгөл бичиж, басхүү танд уран зохиолын талаар зөвлөгөө, саналаа харамгүй хэлж явсан утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг багш саяхан амьсгал огтлов. Энэ хүний талаар ярих зүйл их бий болов уу?

-Маш их бий. 2006 он. П.Батхуяг ахтай анд нөхөд ч, багш шавь ч бололцож явсан Хулганаагийн Батаа, Хадбаасангийн Чимидрэгзэн гэж хоёр шүлэгч залуутай Алтай хотын гудамжинд жинхэнэ манаргаж явсан үе маань. “Монголын яруу найрагт Алтайн хөх салхийг салхилуулна”, “Шүлэгчийг биш, шүлгийг уралдуулна” гэсхийгээд л... Гэнэн ч байж, дэврүүн ч байжээ. Тэр жил би “Болор цом”-д оролцохоор баруун бүсээс шалгараад хотод ирэв ээ. Өвөртөө “Пүрэвхүүгийн Батхуягт. 9916-2543” гэж хаягласан захидалтай. Тэр нь Х.Батаагийн маань бичсэн захидал. Тэгээд утас руу нь холбогдлоо. “Зохиолчдын хороон дээр уулзая” гэж байна. Зохиолчдын хороог нь хайсаар байж олоод үүдэнд нь хүлээгээд л байлаа. Тэгтэл нэг такси ирж зогсоод, дотроос нь нүдээрээ жоготой нь аргагүй инээмсэглэсэн, гялбалзсан шар залуу бууж ирсэн юм. Тэгж л бид хоёр анх танилцсан даа. 2008 онд гараар бичсэн хэдэн шүлгээ захидлын хамт шуудангаар явуулсныг маань аваад шивүүлж, өмнөтгөл бичиж, МЗЭ-ээс зарласан “Анхны номын уралдаан”-д оролцуулж, хэвлүүлж өгсөн юм. Үнэхээр талархаад баршгүй. Байнга холбогдож, утсаа улайстал ярьж, хааяа тэврэлдэн уулзаж, гэрт нь очиж, шөнө дундартал хуучилдаг байсан ахыгаа ийм эрт яваад өгнө чинээ төсөөлж ч байсангүй. Үнэхээр гашуун... Надад, миний уран бүтээлд маш их нөлөөлсөн хүн. Тэр бол түүчээ байсан юм. Амиа бодоод түрүүлж алхана гэдэг нэг хэрэг, араасаа уран зохиолын шинэ үеийг тэр чигээр нь дагуулаад түүчээлж алхана гэдэг өөр хэрэг. Тийм ээ, тэр бол гарцаагүй түүчээ. Ахын тухай нэг дурсамж эсээ биччих санаатай л суумаглаж байна даа.

Уран зохиол гэхээр ертөнцийг бүрхсэн шавжны нүүдэл шиг үгсийн хуйлрал дундах аалзны тор ч юм уу, тэр тороор нэхсэн торго шиг хэсэг бусагхан хэрнээ ер бусын, уран нарийн эмх цэгц төсөөлөгддөг.

-Та ойрмогхон ямар номууд уншив, уншсан номынхоо талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Ойрд уншсан номууд дундаасаа онцлоё. Германы залуухан зохиолч Юдит Шаланскийн “Алдагдсан зүйлийн жагсаалт”. Тухайн зохиолчийн бичлэгийн хэв маяг, дээрээс нь орчуулгын чанар, хэвлэлт, дизайн гээд бүх зүйл нь таалагдсан. Зохиол бичихэд мэдлэг, мэдээлэл, нухацтай судалгаа, гадна ертөнц болоод дотоод ертөнц рүүгээ хийх зохиогчийн аялал ямар чухал вэ гэдгийн тод жишээ бүтээл байна лээ. Мөн О.Цэнд-Аюушийн “Тас чамайг тасчих болтугай”. Уран бүтээлч хүнд далайц, цар хүрээ гэж нэг юм бий. О.Цэнд-Аюушийн сүүлд гаргасан өгүүллэгийн номноос нь ч, шүлгийн номноос нь ч яг тийм далайц, том цараа мэдрэгдсэн. Нэмээд хэлэхэд, Д.Мандахсан багшийн маань “Алтан ай” түүвэр. Багш маань хэлдэг юм. “Үг болгон өөр өөрийн гэсэн өнгөтэй. Тэр өнгө будгийг нь л зохируулж бичих хэрэгтэй” гэж. Яг л хэлдэг шигээ бичсэн байна лээ. Ер нь тэгээд наян насандаа ийм “залуу” шүлгүүд бичнэ гэдэг хэр баргийн хүний хийх ажил биш байх л даа.

-Хэдийд төвлөрч уран бүтээлээ туурвидаг вэ, ямар нэгэн тусгай орчин бүрдүүлдэг үү?

-Ер нь бол тувт шөнийн цагаар. Өдөр нь ажлын цагт баригдаж, үдэш орой нь эхнэр хүүхдийн шуугиан, ахуйн хүлээсэнд хумигдчихдаг болохоор шөнө дүлээр л суудаг даа.

-Уран зохиол гэхээр танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ?

-Миний хувьд, уран зохиол гэхээр ертөнцийг бүрхсэн шавжны нүүдэл шиг үгсийн хуйлрал дундах аалзны тор ч юм уу, тэр тороор нэхсэн торго шиг хэсэг бусагхан хэрнээ ер бусын, уран нарийн эмх цэгц төсөөлөгддөг.

-Танд өөрийгөө чагнах хэрэгцээ шаардлага хэр тулгарч байна?

-Бичихдээ ч, уншихдаа ч өөрийгөө чагнадаг. Юу мэдэрч байгаагаа мэдрэх ёстой шүү дээ.

-Уран бүтээлийг илүү сайн ойлгохын тулд уран бүтээлчийг нь ойлгох хэрэгцээ байдаг уу?

-Үгүй. Уран бүтээлийг нь өөрийнхөө хэмжээнд ойлгож байгаа ойлгоц маань л надад хангалттай.

-Хэзээ ч дахин уншихад бэлэн номоо нэрлээч?

-Габриель Гарсиа Маркесийн “Зуун жилийн ганцаардал”, Орхан Памукийн “Хар судар”, “Монголын нууц товчоо”-г тус бүр хоёр удаа уншсан. Одоо ч уншмаар л санагдаж байна. Тэгэхээр энэ гурван ном миний хувьд дахин уншихад бэлэн ном юм байна. Нээрэн, Г.Аюурзанын “Цаг хугацаа амсхийх зуур”, Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод”, Р.Энхтуяагийн “Эмүжин-I” түүврүүдийг 1990-ээд оны сүүлээр байх аа, хонины бэлчээрт ноортол нь авч явж, маш олон удаа уншсан байдаг юм.

-Та өөрийгөө маш их аз жаргалтай байгаагаар төсөөлөөч гэвэл ямар дүр зураг санаанд тань бууж байна?

-Бичгийн өрөө, тамхи, асаагуур, үнсний сав, халуун кофе... За тэгээд даацтайхан бүтээлдээ сүүлчийн цэг хатгаад огноо тавьж буй агшин.

-“Хүний бүх амьдрал Бодлэрийн ганц мөрийн үнэд ч хүрэхгүй” гэж Акутагава хэлсэн байдаг. Танд тийм гайхамшигтай санагддаг шүлгийн мөрийг нэрлээч?

-Өвлийн ганц барим өдөр шанага эгшээхгүй...

Шүлгийн мөр биш шүү, эмээгийн маань л хэлдэг байсан үг. Гэхдээ надад шүлгийн гайхамшигтай мөр шиг санагддаг юм. Эмээ маань намайг амьдралд хайртай болгосон, ээж маань намайг уран зохиолд хайртай болгосон.

Хөгшин ээж минь намайг дагуулаад

Хонинд явдаг байсан

Би, хөл нь байсан

Хөгшин ээж минь намайг дагуулаад

Аргалд явдаг байсан

Би, нүд нь байсан

Хөгшин ээж минь намайг дагуулаад

Усанд явдаг байсан

Би,гар нь байсан

Хөгшин ээж минь намайг дагуулаад

Айл руу явдаг байсан

Би, шүд нь байсан

Хөгшин ээж минь намайг дагуулалгүй

Ихээ хол явчихсан

Би, залуу ээжийнхээ өгсөн

Ихээ гоё

Чихэрт хууртаад үлдчихсэн.

-Уран зохиолыг ойлгож, таньснаараа хүн ямар үр дүнд хүрэх боломжтой вэ?

-Зүгээр л уншигч бол амьдралаас авах сайхан мэдрэмж чинь илүү баяжна. Хэрэв бичдэг уншигч бол авсан тэр мэдрэмжээ илүү аятайхнаар гадагшлуулна.

У.Чинзориг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Khurlee 2022.09.26 202.180.219.12

baigan igel daruu zoolon goy ah baidagda

0 Хариулах