Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Humans of UB | Ялгаатай байдлыг яагаад чухалчлах хэрэгтэй вэ?


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Энэ удаагийн нийтлэлээр бид ялгаатай байдал, өнөөгийн нийгмийн бодит орчин болон залуусын хийж чадах өөрчлөлтийн тухай Их Британийн Элчин сайдын яамны бүрэлдэхүүн болон Их Британид боловсрол хамгаалсан залуу үеийн төлөөллүүдтэй ярилцлаа. Тэдний олж харсан өнцөг, өөрчлөхийг хүссэн зүйлс, туулсан амьдрал, үзэл бодол бидэнд юуг ойлгуулсан гээч? 


Монгол Улс дахь ИБУИНВУ-ын ЭСЯ-ны Хэвлэлийн болон Консулын асуудал эрхэлсэн ажилтан С.Оюу: Хүнийг ялгаварлан гадуурхахгүй, өөлж гоочилдоггүй дэлхий ертөнцийг хэрхэн бий болгох вэ?

Би оюутан байхдаа 2006 оноос ИБУИНХУ-ын ЭСЯ-нд цагийн ажилтнаар анх орж байлаа. Тэгэхэд нийгэм дэх ялгаатай байдлын тухай миний ойлголт яс үндэс гэдгээс хол хэтэрдэггүй л байв. Гэнэтхэн л англи, шотланд хүмүүстэй ажиллаж эхэлсэн 20-иодхон настай миний нүдээр тэгш эрх гэсэн ухагдахуунд хандах тэдний хандлага минийхээс, монголчуудын маань олонхоос их өөр байгааг ажигласан. Тухайлбал, хүйс, нийгмийн байр суурь, бэлгийн чиг баримжаа нь ямар байхаас үл шалтгаалаад хүн бүхэн адил гэж үздэг, энэ үзэлдээ бат зогсдог хүмүүсийн дунд би орсон хэрэг шүү дээ. Европ сэтгэлгээний онцлог юм болов уу гэсэн миний анхны бодол мэдээж өөрчлөгдсөн. ЭСЯ-нд өнөөдрийг хүртэл ажиллахдаа олон хүнтэй уулзан танилцаж, хамтран ажиллах боломж надад олдсон билээ.

Өнгөрсөн бүхий л хугацаанд үндэс угсаа, арьс өнгө, үзэл бодол, хөгжлийн онцлог, тусгай хэрэгцээ, бэлгийн чиг хандлагаар нь хүнийг ялгаварлан гадуурхахгүй, өөлж гоочилдоггүй дэлхий ертөнцийг хэрхэн бий болгох вэ гэдэгт байнга суралцсаар ирсэн гэж би боддог. Цагийн жамаар шинэ үе төрөх, нийгмийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа өөрчлөгдөн шинэчлэгдэх бүрийд ялгаатай байдал хийгээд хүний эрхийн асуудлууд тавигдсаар байх тул үүнээс хойших цаг үе бүхэнд хүн төрөлхтөн суралцсаар байх нь дамжиггүй.
Хэл шинжлэлээр мэргэшсэн хүний хувьд нэгэн жишээг хэлмээр санагдлаа. Анх намайг орчуулагчаар ажиллаж эхэлж байх үед англи хэл дээрх албан бичиг, захидал харилцаанд “тахир дутуу” гэдэг үг хэрэглэх явдал байсан бол өдгөө англиар ярьдаг ард түмнүүдийн ярианы хэлнээс хүртэл ийм доромж нэршил хасагдсан байна. Монголчууд бид тун саяхныг болтол хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ “тахир дутуу” хэмээн нэрлэдэг, анагаах ухаан хийгээд хууль эрх зүйн баримтад ч энэ үг бичигддэг байсныг одоо хүмүүс бараг мартаж эхэлжээ.  

“British awards-2022” шилдэг эрэгтэй, шилдэг эмэгтэй гэж хүйсээр заагласан шалгаруулалтыг халж, “Шилдэг дуучин”, “Шилдэг хамтлаг” гэж шалгарууллаа. Энэ нь жэндэрийн тэгш байдлыг хангаж, хүйс, бэлгийн чиг баримжаагаар нь ялгаатай байдлыг мэдрүүлэхгүй хүндэтгэлтэй алхам болж байна. Их Британи бол ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч, ардчилсан нийгмийн үнэ цэнийг манлайлагч улс орны хувьд Монголын шинэ залуу үеийнхэнтэй хүний эрх, тэр дундаа ялгаатай байдлын талаарх ойлголтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ярилцахыг зорьсон юм.    


Их Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Жеймс Холдер: Ялгаатай олон төрлийн хүмүүс хамт хөгжиж, боловсрох боломжийг олгох нь чухал 

Би Монгол Улсад ирээд гурван жил болж байна. Энд ирэхээсээ өмнө Азербайжанд гурван жил хагас дипломат алба хашсан л даа. Миний ажигласнаар Азербайжан болон Монголын хооронд зарим нэг ижил төстэй зүйл бий. Тухайлбал, хоёулаа ОХУ-тай хиллэхээс гадна хэл, соёлын хувьд ч тэдэнтэй ойр, зарим ахмад үеийнхэн нь оросоор ярьдаг байх жишээний. Гэхдээ авторитар дэглэм давамгайлсан Азербайжантай харьцуулахад Монголын ирээдүйг би илүү өөдрөгөөр хардаг. Монгол Улс ардчилсан замналаар тууштай явж, нээлттэй, чөлөөт нийгмийг бий болгохыг зорьж байна. Монголчууд улс төр гэх мэт нийгмийн тулгамдсан асуудлынхаа талаар нээлттэй ярьж чаддагаараа Азербайжанаас ялгаатай. Мэдээж хэрэг ардчилсан тогтолцоог цаашид сайжруулах шаардлагатай ч олон улсын зүгээс Монголын сонгууль харьцангуй чөлөөт, шударга явагддаг гэж үнэлдэг. Үүнээс гадна богино хугацаанд маш олон өөрчлөлт, шинэчлэл танай улсад явагдаж байгааг онцлон хэлэх нь зүйтэй.

Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, нийгмийн гишүүдэд тэгш боломж олгох тухайд одоо ямар түвшинд хүрчихээд байна вэ гэдгээс үл хамааран дэлхийн бүх улс сайжрах, ахих шаардлагатай гэж боддог. Аль ч нийгэм төгс биш шүү дээ. Их Британид гэхэд сүүлийн 20 жилд л үсрэнгүй дэвшил гарсан. Жишээ нь, ижил хүйст хосуудын гэрлэлтийг 15 жилийн өмнөөс хуулиар хүлээн зөвшөөрдөг болсон. Намайг дунд, ахлах сургуульд байхад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тусдаа суралцдаг байсан бол одоо бүгд нэг дор сурч боловсордог болсон. Хүүхэд анхнаасаа өрөөсгөл ойлголт, хандлагатай төрдөггүй, бас аливааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх тал дээр илүү нээлттэй байдаг. Тиймээс боловсролын тогтолцоогоор дамжуулан хүүхдүүдийн энэ чанарыг урамшуулж, ялгаатай олон төрлийн хүмүүстэй хамт хөгжиж, боловсрох боломжийг олгох нь чухал юм.

Манай улсад өдгөө арьс өнгө, бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар бусдаасаа ялгаатай байхыг хэвийн зүйл хэмээн хүлээн зөвшөөрч, нээлттэй хүлээн авдаг болсон ч үүнээс үүдсэн ялгаварлан гадуурхалт бүрмөсөн арилаагүй байна. Монголд олон үндэс угсаа, арьс өнгөтэй хүмүүс нэг дор аж төрдөггүй ч ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх тал дээр тодорхой ахиц гарсаар байна. Миний мэдэхээр хэдэн жилийн өмнө Монголд ялгаварлан гадуурхах, нэр төрд халдахын эсрэг хууль батлагдсан. Үүнийг одоо илүү үр дүнтэй болгохын тулд бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж, хуулийн хэрэгжилтэд нь хяналт тавих шаардлагатай болов уу. ЛГБТИК+ хүмүүс, нийгмийн бусад цөөнхийн эрхийг сайжруулах тал дээр ч гэсэн хууль эрхзүйн орчин сайжирна гэсэн эерэг хүлээлттэй байна.


Их Британийн Чевинингийн тэтгэлгээр суралцан төгсөгч Ч.Есүхэй: Үр дүнтэй, ухаалаг харилцан яриа л маш том өөрчлөлтийг бий болгож чадна

Би анх мастерт сурахаар шийдэн боловсролын хамгийн шилдэг улсуудаас Их Британийг сонгон, Чевинингийн тэтгэлгээр суралцан төгссөн. Одоо “Оюу толгой” компанид Мэдээлэл харилцааны чиглэлээр ажилладаг. Лондонд очихоосоо өмнө ялгаатай байдал, тэгш эрхийн тухай тодорхой хэмжээнд судалж, өөртөө хэрэгжүүлэхийг зорьдог байсан бол очсоныхоо дараа тэдгээр ойлголтоо улам бат бөх бэхжүүлж чадсан. Лондон олон талын соёлыг хадгалсан хот учраас өдөр тутмын амьдралдаа энэ талаар сурч байсан гэсэн үг. 

Хүний эрхэм чанарыг хүн бүр нь мэддэг, төрөлхөөсөө тэгш эрхтэй гэдгээ ухамсарласан байгаа байдал нь гайхмаар их бахархал төрүүлсэн. Хөгшин, залуу болон эрхэлж буй ажил, нийгмийн байдлаасаа үл хамааран хүн бүр өөр өөрийн “dignity” буюу үнэ цэнээ "мэдэрчихсэн" байсан. Хүмүүс нэгнээ хүндлэхийн зэрэгцээ нөгөө хүн нь “Би хүндлэгдэх эрхтэй” гэдгээ ухамсарладаг. Цэвэрлэгч хүн, метроны буудлын жирийн ажилтан ч өөрийн хийж буй ажлынхаа үнэ цэнийг, гаргаж буй өөрчлөлтөө мэддэг учраас хүнээс доогуур мэт бус ижил түвшинд биеэ авч явдаг. Харин монголд зарим хүмүүс өөрийгөө хүндлэгдэх эрхгүй, хүндлэгдэх шаардлагагүй гэж боддогийг өөрчилмөөр санагддаг. Лондонд тэргэнцэртэй иргэд хотоор чөлөөтэй бие даан явах, нийтийн тээврээр зорчих нөхцөлийг бүрэн хангаснаас хүний эрхийг хэчнээн дээдэлдэг нь харагддаг. Тэргэнцэртэй иргэн бусдаас хамааралгүйгээр аж төрөх эрхтэй шүү дээ. 

Монгол залуус ялгаатай байдлыг мэддэг, ойлгодог, өөртэйгөө нэгэн ижил түвшинд хүлээн авдаг болж байгаа ч ялгаатай байдал бүхий хүмүүс гадуур зорчих, эрүүл амьдрах, нийгэмших эрхээ хангалттай эдэлж чадахгүй байгаа нь анзаарагддаг. Монгол залуус бодлогын түвшинд шууд өнөөдөр өөрчлөлт хийж чадахгүй ч нэгэндээ нөлөөлж, эерэг хандлагыг бий болгож, мэдлэг мэдээлэлтэй болсоор байвал бидний нийгэм бага багаар ялгаатай байдалд ээлтэй орон болох болов уу. Үр дүнтэй, ухаалаг харилцан яриа л маш том өөрчлөлтийг бий болгож чадна гэж би боддог. 


Монгол дахь Их Британид төгсөгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн С.Одончимэг: Та бусдын ялгаатай байдлыг хүндэлснээр тэд ч мөн таны ялгаатай байдлыг ойлгож, хүндэлнэ

Би 2017 онд Кэмбрижийн их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Шашин шүтлэг, соёлын ялгаатай хүмүүс дунд өөрийгөө илэрхийлэх, чөлөөтэй тэгш санаа бодлоо солилцох нь тухайн нийгмийн эрүүл тэгш байлгадаг үндсэн суурь болж өгдөг. Харин манайд “Жаахан юм байж чи юу мэддэг юм, бид мэдэж байна” хэмээн сонссон ч сонсоогүй мэт авирлаж хүч түрэмгийлэн ямарваа нэгэн шийдвэр гаргах нь нийгмийн бүх түвшинд ажиглагддаг. Мөн “Эмэгтэй юм байж тэг л дээ”, “Эр хүн байж битгий тэг л дээ”, “Юу өмсөж, зүүцэн юм” хэмээн бусдаас өөр байгаагаар буруутгадаг. Та бусдын ялгаатай байдлыг хүндэлснээр тэд ч мөн таны ялгаатай байдлыг ойлгож, хүндэлнэ. Биднээс өөр бол буруу мэт шүүмжлэхээ больсон цагт манай нийгэмд хүн хоорондын эрүүл харилцаа төлөвших болно. 

Кэмбриж хотын хувьд иргэддээ зориулсан нийтийн цэцэрлэгт хүрээлэн ихтэй. Хэдий завгүй ч гадуур алхах үед тухайн орчин надад эрч хүч өгдөг байв. Аз жаргалыг мэдрэхийн тулд их мөнгө үрэх, машинд сууж хол газар явах шаардлагагүй. Тэндхийн оюутнууд дугуй унах нь элбэг, мөн хөлбөмбөгийн болон теннисний талбай гэх мэт спорт байгууламжийн хүртээмж их тул энэ бүгдэд ямар нэгэн төлбөр төлөлгүйгээр хүссэн спортоороо хичээллэх боломжтой. Монголд нэг цаг газрын теннис тоглохын тулд 35 мянган төгрөг төлөх шаардлагатай, хүүхэд залуучуудад нээлттэй спорт цогцолбор хомсхон байдаг. Иргэд хэдий спортоор хичээллэж, цагаа зөв зохистой өнгөрөөхийг хүсдэг ч тэр болгон боломж олддоггүй нь харамсалтай. Иймд бид хот төлөвлөлт, нийтийн эзэмшлийн талбай, нийтийн орон сууцны гадна тохижуулалт гэх зэрэг энгийн мэт санагдах зүйлс дээр анхаарал хандуулж амьдралын чанарыг дээшлүүлснээр иргэдийн бүтээлч байдал, амьдралын хэв маягт эерэг өөрчлөлт бий болгож чадна.



Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
2022.04.08
UB.LIFE-ИЙН ТҮҮХҮҮД | Би ондоо байх тусмаа өөртөө итгэлтэй
2
2022.04.04
ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малон: Монголын залуу үе өөрчлөлт шинэчлэл хийж чадна гэдэг...
3
2022.03.30
ТООН МЭДЭЭ | Бид тийм ч ялгаатай биш
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

BOOOMER 2022.03.29 202.131.225.20

OKE

0 Хариулах


Зочин 2022.03.29 202.131.230.58

gomo-nuudiig elchin ny surtalchillaad baigaa yum uu

2 Хариулах