Ирэх улиралд Премьер лигт дэвшин тоглох эрхээ аваад байсан "Фулхэм" клуб өнгөрсөн шөнө "Лутон Таун"-ыг 7:0 харьцаатайгаар талбайдаа хожсоноор Чампионшип лигт түрүүлэв. Энэ нь тэдний 2001 оноос хойш өргөж буй анхны цом байлаа. "Фулхэм" сүүлийн таван жилд гурав дахь удаагаа Премьер лиг рүү дэвшиж байна. Тэд энэ улиралд Чампионшип лигт 106 гоолыг бүртгүүлсэн нь 2001-2002 оны улиралд Манчестер Сити клубын бүртгүүлсэн гоолын дараа бичигдэх дээд амжилт болсон юм.
"Фулхэм" клубын гол тоглогч Александр Митрович өнгөрсөн улирлыг таагүй үзүүлэлттэйгээр өндөрлүүлсэн. Тэрбээр Европын АШТ-д оролцох эрхийн төлөөх чухал тоглолтод торгуулийн цохилт алдсанаар Сербийн шигшээ баг эрхээ авч чадаагүй бөгөөд мөн Премьер лигийн бүтэн улиралд гуравхан гоолыг оруулж, баг нь Чампионшип лиг рүү унасан юм. Харин энэ улиралд Митрович Чампионшип лигт 43 гоолыг оруулснаар баг нь түрүүлж, Премьер лигт дэвших эрхээ аваад байна. Мөн Португал - Сербийн тоглолт 1:1 харьцаатайгаар үргэлжилж байхад Митрович сэлгээгээр талбайд гарч 90 дэх минутад хожлын гоолыг мөргөж оруулснаар Сербийн шигшээ баг энэ жил Катарт зохиогдох ДАШТ-д оролцох эрхээ аваад буй юм.