Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Дурсамж бүтээсэн АРВАН ГУРВАН ном


Зохиолч Г.Аюурзана “Намайг зохиолч болгосон зүйл бол миний уншиж үзэх аз тохиосон хэдхэн сайн ном. Өөр юу ч биш. Кино биш, хэвлэл мэдээлэл биш, интернэт биш, магадгүй туулж үзсэн амьдрал минь ч биш байж мэднэ” гэж өчсөн байдаг. Янз бүрийн мэргэжилтэй дараах АРВАН ГУРВАН хүнд ямар ном, хэрхэн дурсамж бүтээснийг хуваалцаж байна.


#1 Э.Солонго |Орчуулагч|

Бага байхад аав маань модны зузаан холтсыг зорж, завь хийж өгдөг байлаа. Тэгээд зомгол зорж зоогоод, цаасаар далбаа хийчихнэ. Тогтоол усанд дүү бид хоёр завиа уралдуулж тоглодог байснаа сайн санадаг юм. Сургуульд ороогүй байсан гэхээр тав, зургаан настай байсан л болов уу. Манайх жижигхэн номын шүүгээтэй, түүгээр дүүрэн ном байх. Тэрэн дундаас нэг ном сонирхлыг минь татсан нь хавтсан дээрээ завины зурагтай "Капитан Грантын хүүхдүүд".  Бага ахаас долоон насны, эгчээсээ гурван насны зөрүүтэй байлаа. Уншаад өгөөч гэж их гуйна. Номоо тэвэрчихээд, хүн болгоноос уншаад өгөөч гэж гуйдаг байсан, нэг удаа бүр "Би өөрөө үсэг сураад уншчихна за!" гээд уйлж байсан гэж ээж ярьдаг юм. "Үүлэн бор" ч юм уу өөр үлгэрийн номыг бол уншаад өгчихдөг мөртөө зузаан гээд "Капитан Грант"-ыг л уншиж өгдөггүй байсан.

Гуйсаар байгаад долоон настайдаа сургуульд орсноо санадаг юм, тухайн үед найман настай хүүхдийг л авдаг байв. Ном унших, тэр тусмаа хүслэн болсон номоо унших бахархмаар сайхан байж билээ. Хэзээ ч сонсож байгаагүй газар орон, ургамал, улаан чононууд, төсөөлж чадамгүй адал явдлууд, уугуул иргэдийн тухай энэ номоос л уншиж, тэгээд Мери шиг хөлөг онгоцны дарвуул буулгаж чаддаг болчихоод, аянд гарахыг хүсдэг болов. Ерөөс онгоцны дарвуул л надад сонин. Холтсон завины минь цаасан дарвуул үргэлж л норчихоод, унаад байдаг нь таалагддаггүй байсан болохоор тэр байх. Эсхүл зүгээр л сүрдмээр гоё харагддаг болохоор тэр ч байж магад. Юутай ч хүүхэд ахуй үедээ хэдэн арван удаа уншсан энэ ном, аавын холтсон завьтай хамт мартагдахааргүй дурсамж, төсөөллийг үлдээж дээ.


#2. А.Тэргэл |“Бид театрт хайртай” ТББ-ын үүсгэн байгуулагч|

Багадаа аавын бэлэглэсэн хүүхдийн номуудыг шимтэн уншиж, шидэт ертөнцөөр аялан өдрийг өнгөрөөдөг бяцхан охин байлаа. Бага насандаа уншсан гайхалтай зохиолууд хүүхэд насны минь дэврүүн, хүсэл мөрөөдөл дүүрэн гайхамшигт ертөнцийг бүтээж өгсөн. Тэдгээрийн дотроос хэзээ ч мартагдашгүй, одоо ч барьж суугаад дахин уншихыг хүсдэг зохиол бол Жеймс Крюссийн "Тимм Талер ба худалдагдсан инээд" юм. 

Өнчин хоцорсон  ядуухан Тимм Талер хүү нууцлаг баронд инээмсэглэлээ худалддаг ба хариуд нь тэр тавьсан бүх бооцоондоо ялах шидийн хүчтэй болдог. Тэрээр тавьсан бооцоо бүртээ ялж тун удалгүй чинээлэг болох авч түүний инээмсэглэлгүйгээр шинэ амьдрал нь сүнсгүй мэт болж хувирна. "Инээхийг зааж, сэтгэлийг минь авраач". Тимм өөрийн инээмсэглэлийг эргүүлэн авахын тулд олон адал явдлыг туулж буйгаар зохиол үргэлжилдэг. Аз жаргалын ач холбогдлын тухай хүүрнэх гайхалтай, ид шидийн хүүхдийн сонгодог зохиол. Насанд хүрсэн хойноо дахин уншсан ч сэтгэл татсан хэвээр байсан. Эл зохиол нь "Фауст"-ын аз жаргалтай төгсгөлтэй хувилбар. Зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй бүх насныханд уншихыг санал болгож байна.


#3 Б.Дэлгэрмаа |"Эмээгийн жимстэй авдар" номын зохиогч|

Хүүхэд насандаа би гэдэг хүн хэр их ном уншдаг байв? гээд бодонгуут Ирландын зохиолч Жонатан Свифтийн “Гулливерийн аялал” л хамгийн түрүүнд бодогдож байна. Нэгдүгээр анги төгссөн жил уншиж сурлаа хэмээн бодсон уу, аав ажлынхаа номын сангаас хүүхдийн ном зөөн уншуулдаг болов. Тэр жил их олон ном уншсан хэдий ч ганцхан “Гулливерийн аялал”-ыг л дэндүү амтархан хоол, цайгаа мартан, хогоо ч бүтэн шүүрдэж чадахгүй, өрөөнийхөө голд шүүрээ орхичихоод уншиж байснаа маш тод санадаг юм. Одоо Гулливер маань яах бол, түүнийг шинэ танилууд нь хэрхэн хүлээж авах бол хэмээсээр хамтдаа гайхамшигт ертөнцөөр аялж билээ. 

Хожим Николай Носовын “Хөгжилтэй гэр бүл” туужийг мөн адил сэтгэл догдлол дүүрэн гэхдээ танин мэдэх хүслээр жигүүрлэн уншиж билээ. Хүүхдүүд тахианы өндгийг инкубаторт бойжуулан дэгдээхий болгохын төлөөх уйгагүй тэмцэл, уран ухаан, уужим сэтгэл бүгд энэ зохиолд гардаг. Шинжлэх ухаанд өөрийн эрхгүй дурлана. Лодонгийн Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” бол одоо ч миний ширээний ном. Ер нь би Л.Түдэв гуайн зохиол бүтээлд хайртай. Яг л амьдралын түүх, улс орны түүх...  


#4 Ц.Гүнчин-Иш |ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад зууны түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан|

Миний хүүхэд нас хэдийгээр ардчиллын салхи эргээд шинэ цаг ирсэн, шинэ зууны эхээр өнгөрсөн ч өнөөдрийн бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон тог цахилгаан, зурагт, компьютероос нэлээд хол хөндий алс холын буйдхан сумын төвд өнгөрсөн юм. Энэхэн зуур эргэн санахад сургуульд орж үсэг бичигт тайлагдахаас өмнө ээжийн минь надад уншиж өгсөн “Үнэг, шаазгай хоёр” хэмээх үлгэр яг одоо ч чихэнд минь сонсогдох шиг. Долоон өндөгтэй шаазгайг зальт үнэг айлган шаналгаж хайртай өндөгнүүдийг нь нэг нэгээр нь авч иддэг дээ. Гэтэл эгдүүтэй сэргэлэн хулгана ухаан сийлж хөөрхий шаазгайн сүүлчийн өндгийг үнэгний залиас аргалан авч үлдсэнийг сонсож тэр бяцхан хулганад их л баярлаж байсан юмдаг. Хүүхэд байхад гэрт байсан цөөн хэдэн ном намайг дэлхий ертөнцөөр аялуулж бяцхан оюуны минь царааг тэлж, уншсанаа төсөөлөн улмаар төсөөллийн ертөнцөөрөө аялах тэр гэгээлэг харгуйд хөтөлсөн юм. 

Мэдээж бага насны хүүхдэд үлгэр унших хамгийн сонирхолтой. "Үүлэн бор" гээд орос ардын үлгэрийн том бор ном хачин сайхан зурагтай сан. Авга хүргэн ахынд маань тэр ном байдаг байсан тул тэндээс би тэнэг Иван, сайхан Василиса охинтой танилцаж байлаа. Олон үндэстний үлгэр байх аа нэгэн номоос "Ертостик хүү" билүү дээ аль ч үндэстний билээ үлгэрийг уншин шимтэж тэр үлгэрийн ертөнцөд хэсэгтээ гацчих шиг л болсноо одоо ч тодхон санаж байна. Бас нэгэн хүргэн ахынд минь монгол баатарлаг туульсийн ном нэлээд байсан юм. Тэдний хүү болох үеэл дүүтэйгээ анх монгол түмний оюун билгийн сор болсон баатарлаг туульстай тийнхүү танилцаж байлаа. 

Бур бур салхитай 

Бурхан бумбын орон

Сэр сэр салхитай 

Сэрүүн бумбын орон гээд л Жангар тууль дээр гардаг даа. 

Хожим би нутагтаа очоод тэр бур бур салхитай бурхан бумбын орон, сэр сэр салхитай сэрүүн бумбын орон нь миний нутаг юм даа. Үүнээс тансаг зүйрлэл гэж байх уу хэмээн бодож бахдаж байсан юм. Үнэхээр номоос уншсан бүхэн өөрийн мэдэлгүй сэтгэлд хадагдан үлдэж хожим хаа нэгтээ, хэзээ нэгэн цагт нэхэн санагддаг нь тэр л дээ.

Баатарлагийн туульд гардаг тэр сайхан өгүүлэмж, уран сэтгэмж, үйл явдлын өрнөл тэмцэл хүүхэд ахуй цагаас минь намайг өөртөө соронз мэт татсан бололтой. Орчин үеийн домгийн өгүүлэмжтэй кино үзэх дуртай минь ч үүнтэй холбоотой гэж би боддог юм. Тухайлбал, “Бөгжний эзэн”, “Хоббитууд”-ын цуврал, мөн Эртний Грекийн шүтээн Зевс, Посейдон, Геркулес, Медуза, мөн Грекийн хөлгөн туульсийн сэдэвт кино, эрт цагт Скандинов хавиар нутаглаж байсан Викингчүүдийн шүтээн Один (Odin), Тор (Thor) зэрэг бурхдын сэдэвтэй үлгэр домгийн өгүүлэмжтэй кино гээд олон жишээ дурдаж болно. Яг эдгээр кино шиг сонирхолтой өгүүлэмжтэй зуу зуун туульс монголын ард түмний оюун санд бий. Тэр бүгдийг кино уран бүтээл болгон дэлхийд гаргаж туульсийг амилуулах сайхан цаг ирнэ гэдэгт үргэлж итгэдэг юм. Энэхүү мөрөөдлийг минь ирээдүйд биелүүлэх хүмүүс нь хүүхдүүд та нар байх биз ээ. 

Хүүхдүүд ээ, та нар номын ертөнцөд нэг л хөл тавьбал насан туршдаа тэр гайхамшигт ертөнцөөр аялах болно. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэдэг нэгэн алдартны хэлсэн үгээр энэхүү бяцхан дурсамжаа жаргаая.


#5 Д.Эрдэнэбаатар |Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич|

Би есөн хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд байлаа. Миний дээд талынх надаас хоёр насаар эгч учраас найман настай сургуульд орсон юм. Улмаар “Цагаан толгой” номоос даалгавраа хийж, гэртээ хичээлээ давтан унших бүрт хажууд нь дагаж уншсаар зургаан настайдаа бичиг үсэг сурчихав аа. Хоёр том ах маань ном их уншицгаадаг. 1960-аад оны эхэнд Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” роман ихэд нэрд гарч бараг хүн болгон л уншдаг байсан байх. Манай гэрт ч мөн ялгаа байхгүй хоёр том ах маань ээлжлэн булаалдаж байгаад уншиж дууссан. Тэгээд ээжид хоёр талаас байнга ярьж өгөөд, ээж маань “Тийм үү” гээд их л бахархалтайгаар хоёр ахыг ээлжлэн хараад л, би ч бас хоёр ахын кино шиг ярьж байгаа “Тунгалаг тамир” романыг уншиж үзэхийн бөөн хүслэн болж байлаа. Хоёр ах маань номоо уншиж дуусахаар нь би залгуулаад уншиж эхэлтэл, “Том хүний ном уншиж болохгүй” гээд нөгөө алдартай “Тунгалаг тамир” романыг хураагаад авчихав. Тэгж байтал одоо хэн зохиосныг тодорхой санахгүй байна, зохиолч нь Бадарч билүү? “Хүжийн гал” гэж нэртэй нэг өгүүлэл олж уншсан юм. Тэрхүү өгүүлэлд ном унших дуртай нэгэн хүү хөнжил дотроо хүж асаагаад түүнийхээ цох шиг жижигхэн гэрэлд мөр дагуулан уншиж байгаад лам багшдаа баригдан, зодуулдаг тухай бичсэн байв. Би тэр өгүүллийн түүхийг ээждээ, хоёр ахдаа хэлж "Яагаад надад ном уншуулахгүй байгаа юм? Яасан харгис юм?" энэ тэр гэж байж ном унших эрхээ олж авч байсан юм. Ах нар маань надтай эвлэрч, Ч.Лодойдамба гуайн бичсэн “Малгайтай чоно” өгүүлэл, “Алтайд” романыг надад уншуулж эхэлснээр би жинхэнэ номын хорхойтон болсон доо. “Малгайтай чоно” өгүүлэлд гардаг чоно яагаад “малгайтай” болчихсон түүхийг хурдан мориороо чоно хөөж агнадаг анчины үнэмшилтэй түүхээр ойлгон итгэж билээ. Магадгүй Ч.Лодойдамба гуайн “Алтайд” романыг шимтэн уншиж байсан маань ирээдүйд эрэл хайгуул хийдэг археологич болох хүсэл мөрөөдлийг ч бий болгосон байх. Хөдөө хээр явах бүрт “Алтайд” романд гардаг хайгуулчны адал явдалт түүхүүд байнга санаанд бууж, гэгээн дурсамж сэргэж байдгийг мартахын аргагүй.

Нэгдүгээр ангид байхдаа Д.Содномдорж гуайн “Норовын намтар” гэдэг хүүхдэд зориулсан өгүүлэл уншиж байснаа бас хэзээ ч мартдаггүй. Түүнээс болоод би цүнх, номоо сольж өгөхийг ээж, ааваас байнга шаарддаг байлаа. Яагаад гэвэл миний хэрэглэж байсан ном, цүнх яг Норов хүүхдийнх шиг уранхай ноорхой болчихсон байлаа. Учир нь миний хэрэглэж байсан цүнх, номууд бол миний дээрх дөрвөн ах, хоёр эгчээс маань дамжиж ирсэн “ноорсон ном, цүнх” байлаа шүү дээ. Нэг удаа ангийн эх, эцгийн хуралд аав маань надтай хамт суух болов. Хурлын үеэр ангийн багш маань тэр олон эцэг, эх, хүүхдүүдийн дунд намайг ном дэвтэр, цүнхээ хайр гамгүй хэрэглэдэг “Норов” шиг хүүхэд гэж цоллон муу жишээ болгон харуулахад би биш аав л их ичиж билээ. Ном унших хүсэл тэмүүллийг ах нар маань надад төрүүлдэг байсан. Тэд уншсан номоо ээж, аавд уралдан ярьдаг нь, би яг эд нар шиг ном их уншиж аав, ээждээ байнга ярьж өгч байх юмсан гэх анхны хүсэл мөрөөдлийг бий болгосон юм. Сүүлд унших миний дур сонирхол болж, гэрийн маань ойрхон байдаг А.М.Горькийн нэрэмжит Хүүхдийн номын сангийн байнгын уншигч болов. Энэ номын сангийн хажуугаар өнгөрөх болгондоо номонд дуртай болсондоо, байнгын уншигч байсандаа талархаж явдаг. Өөрийнхөө бичсэн номынхоо дээжийг хүртэл энэ номын сандаа бас байнга хандивладаг. Хүүхдүүд, дүү нартаа “Номонд мэргэн, нойронд сэргэг байгаарай” гэдэг ардынхаа сайхан сургаалийг уламжлуулан дамжуулъя. Бидний эцэг эх, өвгөд дээдэс маань “Эрдэм ном эрхэм баян” хэмээн байнга захиж ирсэн. Энэ сургаал үнэн болохыг өөрийнхөө 60 жил туулж өнгөрүүлсэн ажил, амьдралаараа нотлон харуулж байна. Би хэзээ ч ядуу байгаагүй, дандаа элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарсан, одоо ч амьдарсаар ч байна.


#6 В.Түвшинтогтох |Үндэсний номын сангийн Аргазүйч|

Аав маань сумынхаа Худалдаа бэлтгэлийн ангид ажилладаг, номд хорхойтой нэгэн байсан тул худалдаагаар ирсэн номуудаас авч хадгалдаг байв. Манай гэрт нэг шүүгээ дүүрэн ном байсан. Түүн дотроос хүүхдэд зориулсан номуудыг орой бүр уншиж өгөөд сүүлдээ сумын номын сангаас ном авчирч уншиж өгдөг болсон. Тэр үдшүүдийг амьдралын маань нандин хормуудын нэг гэж боддог.

Сэтгэлд хамгийн тод үлдсэн ном, зохиол бол “Багачууддаа уншиж өгөөрэй” номонд байдаг “Саша хүү” өгүүллэг. Ахин дахин уншуулж, цээжилчихээд, түүнийгээ гаднаас орж ирсэн, мэдэхгүй хүмүүст уншиж өгдөг байлаа. Сургуульд орсны дараагаар Ц.Дамдинсүрэн гуайн “Буурал ээж минь” гэдэг шүлгийн номыг сургуулийн номын сангаас авч үзэж байсан. Мөн “Аль ангид ямар хичээлээр юу унших вэ” гэх зэрэг тухайн ангийн сурах бичгээс гадна дагалдах ном, бэлтгэх унших бичгүүд их байсан нь их зүгээр байж үү дээ гэж бодогддог. Одоо энэ мэт хүүхдийг багаас нь, сургуульд орохоос өмнө нь болон орсных нь дараа унших, номтой нөхөрлүүлэх, сэдэлжүүлэх ном бага байх шиг ажиглагддаг. Эцэг эхчүүд ч хүүхдээ номонд шимтүүлэх тал дээр анхаарч, мэргэжлийн хүмүүстээ хамтрах, зөвлөгөө авах хэрэгтэй. 


#7 И.Бодула |Зохиолч Ж.Лхагвын зээ охин|

Хүүхэд байхдаа аль нандигнадаг байсан эрхэм юугаан мартах, хамгийн инээдтэй нь бид юуг мартсанаа ч мартчихсан байдгийг Антуан де Сэнт-Экзюперийн “Бяцхан хунтайж” зохиол гүнзгий мэдрүүлж билээ. Томчуудын ярианы гол сэдэв болох тоо баримт, үзэл бодол бүхэн хүүхэд насных нь асуултын хариулт биш шүү дээ. Энэ бэсрэг зохиол нь хараагаар уншиж байлаа ч бяцхан хунтайжийн хоолойг таньдаг болоод байх шиг тийм нэг хөглөгдсөн дуутай зохиол юм. Тийм уур амьсгалаараа хүүхдийн сэтгэлд шууд хүрэх бол дүрүүдийн бэлгэдэлт шинжээрээ томчуудын оюун ухаанд орчлон ертөнц, хайрын талаарх илүү өргөн хүрээний тайлал, эргэцүүллийг бий болгоно.

Гурван жилийн өмнө хоёр найз маань шинэ жилийн монитагаар бие биенээ сугалж таараад нэгэндээ бэлэг болгож өгөхөд үнэхээр баярлаж байгааг нь хараад ихэд сонирхон авч уншиж байлаа. Дүү нартаа, хайртай хүмүүстээ, магадгүй ид шид тохиолдоосой гэж хүсдэг хүндээ бэлэглэмээр санагддаг.


#8 А.Даваасүрэн |"Үүлэн үст" зурагт номын зохиогч|

Анх дипломын ажлын судалгааны хүрээнд хүүхдийн ном зохиол шүүрдэж яваад Н.Бадамжавын "Зэрэгцээ ертөнц" (Уб., 2006) туужийг олж уншсан юм. Тухайн үед хэрэгтэй хэрэггүй, үлбэгэр сулхан, уншууртай сайхан (арван хуруунд багтахаар цөөн) гээд түмэн янзын тууж уншсаар үнэндээ жаахан залхаад байтал уг тууж урам зориг сэргээж, бахдал төрүүлсэн билээ. 

Шинжлэх ухаан хийгээд бөө мөргөлийн ойлголтуудыг тун чадварлаг хослуулснаар барахгүй, ховстон татах мэт адал сонин явдлууд нь тун үнэмшилтэй санагддаг. Ертөнцүүд хийгээд дүр бүрийн нэр хүртэл их чамбай бодож боловсруулсан утга учиртай. Тухайн үед зохиолчийн урлах эрдэм, мэдлэг чадварыг биширч байсан сэтгэгдэл арваад жилийн дараа ч яг хэвээрээ л байна. Саяхнаас дахин уншмаар санагдаад номын сангаас авсан бөгөөд хүүхдэд зориулсан дэлгэцийн бүтээл болоосой гэсэн хүсэл тээж сууна даа.


#9 Ч.Бат-Уянга |"Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" номын зохиогч|

Хүүхэд бол өсч ургаж яваа даль жигүүр төдийгүй нийгмийн бүрэн эрхт гишүүн. Амьдран буй нийгмээ том зургаар нь ойлгох, ойлголтоо цэгцлэх, тулгарч буй асуудлаа зохих ёсоор нь шийдүүлэх эрмэлзэл хийгээд эрх хүүхдэд бий. Түүнд нь тусалж магад хэмээн дараах номуудыг санал болгоё. 

Нэгт, "Хүүхдийн эрхийн тухай конвенц: Хялбаршуулсан хувилбар". Хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх эдлэх, түүнийг нь эдлүүлэхэд төр ямар үүрэгтэй зэргийг багтаасан баримт бичиг бөгөөд жинхэнэ эздэд нь зориулан товчлон, агуулгыг хялбаршуулсан юм. Харин уг конвенцид дурдсан эрхээ хамгаалах шаардлага гарвал “Хүүхдийн эрхийн зөрчил гарахад хэнд, хаана, хэрхэн хандах вэ?” гарын авлагыг хараарай. (ЭНД дарснаар үнэгүй татаж авах боломжтой.)

Хоёрт, Б.Энхжаргал “Баатар хотын түүх бас миний түүх” бүтээлч дэвтэр". 4-10 насныханд зориулан хүний эрх ба үүрэг, хувийн болон бусдын орон зай, бусдыг үл гадуурхах, шударга бусын дэргэдүүр чимээтэй өнгөрөх, ямар үед бусдаас тусламж авах зэрэг олон агуулгыг дасгал ажлын тусламжтай ойлгуулна. (ЭНД дарснаар үнэгүй татаж авах боломжтой.)

Гуравт, М.Хандармаа “Хүүхдүүд ээ, хуулийн мэдлэгтэй болцгооё". Өсвөр насныханд зориулан ямар үйлдлийг хуулиар хориглодог, түүнээс хэрхэн сэргийлэх, яаж шийдэх юм зэргийг хүүхдүүдийн “болсон явдал”-д тулгуурлан, сонирхолтой, хялбараар тайлбарлах аргаар хуулийн мэдлэг олгоно. (Хуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдлэгтэй болмоор байвал Таны хуулийн хөтөч” гэх үнэ төлбөргүй гарын авлага бий. Мэдээж уйтгартай, хүүхдэд зориулаагүй хувилбар).

Дөрөвт, "Эхлэн суралцагчдад: Улс төр". Хууль хууль л гэнэ. Түүнийг хэн баталдаг юм бэ? Хэрхэн хэрэгжүүлдэг юм бэ? гэх асуултын цаана “улс төр” бий. Хамгийн уйтгартай сэдвийг 8+ насныханд ойлгомжтой, энгүүн тайлбарласан ном. 

Тавд, “Улаан булан” сэтгүүл”. Хүүхдийн эрх дотор бэлгийн болон нөхөн үржихүйн эрх ч мөн багтдаг. Сарын тэмдэг, нойтон зүүд, секс...хамгийн гол нь ийм харилцаанд өөрийнхөө бие сэтгэлийг хайрлах, бусдынхыг хүндлэх, эрх тэгш харилцах агуулгууд бий. Өсвөр насныхан уншваас зохилтой. (Үнэ төлбөргүйгээр M+ аппликэйшнд бий).


#10 Д.Даваажаргал |Монгол хэл, уран зохиолын багш|

Хүүхэд байх гоё. Хүүхэдтэй байх бүр гоё. Би цэцэрлэгт явж үзээгүй. Миний цэцэрлэг бол өвөөгийн гэр. Эмээ "Үзэг барьсан турьхан гарт минь үг холбох аргыг заасан" гэх дууны үгтэй сонины хайчилбар олж ирнэ. Өвөөгийн радиогоор "Үлгэрээс сурах ч юм их..." гээд л ярих. 

Хүүхэд байхад үлгэр шиг хүмүүсээс үлгэр сонсох л "ном" мэт байж дээ. Саяхан хүүгийн минь төрсөн өдөр болсон. Нөхрийн маань найзууд бүгд л уран зохиолын хүрээллийнхэн ирсэн юм. Тэдний хүүд маань бэлэглэсэн "Дэлхийн атлас" хэмээх ном танин мэдэхүй, газар зүй, биологи гээд л бүгдийг нь багтаажээ. Энэ л ном их аятайхан цэн даамаар санагдаад байгаа шүү.


#11 Б.Баасанжаргал |Монголын хүүхдийн ордны мэргэжилтэн|

Хамгийн анх уншиж байсан хүүхдийн номоо сайн санадаггүй юм. Харин бага насандаа уншиж байсан хүүхдийн номуудаа бодохоор “Чиполлиногийн хөгтэй явдал” хэмээх хуучны шар хавтастай ном хамгийн түрүүнд санаанд буудаг. Ном ховор хөдөө газар уншихын хүслэн болсон би ээжийн хуучин номуудын жоорыг ухах маш дуртай байлаа. Тэндээс л олж уншсан гоё номуудын нэг нь “Чиполлиногийн хөгтэй явдал”. 

Чиполлино хэмээх сонгино хүүгийн гэр бүл, тэднийг тойрсон адал явдлын тухай өгүүлдэг эл зохиолыг Жанни Родари хэмээх Итали зохиолч бичсэн. 1951 онд бичигдсэн энэ зохиолд язгууртан болон доод давхаргын ялгаа, тэмцэл, шударга бус байдал, сайхан сэтгэл, нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Хүмүүсийг хүнсний ногоо, жимсээр төлөөлүүлэн бичсэн нь жаахан охинд маш сонин санагдаж, өөрөө төсөөлөн, барон гэж хэнийг хэлдэг, бэрсүүт жүрж гэж ямар жимс байдаг юм бол оо хэмээн сониучирхан уншиж байснаа тод санадаг юм. 


#12 Д.Гоомарал |Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан|

Ш.Ванчаарай "Нарны сургууль" ном. "Хүүхэд бүр адилхан байдаг харин багш нар нь ямар айлын хүүхэд гэдгээс үл шалтгаалан ижил харилцдаг болоосой" гэсэн гол дүрийн хүүгийн хүсэл өнөөгийн нийгэмд ч маш чухал өнцөг хэвээрээ байна. 

Миний сурч байсан сургуульд ч ялгаварлан гадуурхалт, багш нарын хандлага их хэцүү санагддаг байсан учраас уг зохиол надтай ойр санагдаж илүү дурлан уншиж байлаа. Зургадугаар ангидаа эмээгийнх рүүгээ галт тэргээр явах замдаа явуулын ном зардаг хүнээс худалдаж авсан бөгөөд тэр зунаа лав хоёр удаа уншсан санагдаж байна.


#13 Ц.Энхчимэг |Утга зохиол судлалын магистр|

Гурван настай хүүдээ Маринна Дюбюкийн "Арслан ба шувуу", дөрвөн настай охиндоо А.Даваасүрэнгийн "Үүлэн үст" номыг уншиж өгсөн юм. Гэтэл яг дараахан нь "Ковидын үе" таарсан тул яах аргагүй хүүхдүүдээсээ хол байж таарсан. Хамгийн сонирхолтой нь тэр бүх хугацаанд хүүд маань хамгийн их хань болж байсан зүйл "Арслан ба шувуу" ном байсан. Тэд үргэлж хамтдаа байлаа. Гадуур гарахдаа ч хамт явж, бүр өвөртөлж унтаж байсан гээд л бод. 

Номоос мэдрэх хийгээд миний хүүд мэдрэгдэж буй мэдрэмж хоёр ижил байсан болохоор түүнд ханьтай санагдаж байсан байгаа юм. Цаг улирал, өнгөрөх мөч бүрт хэн бидний хажууд байдаг, бид юу юуг үзэж туулж өнгөрөөдөг, нөхөрлөл гэдэг хэчнээн чухал болох гээд олон зүйлийг энэ ном гайхалтай зургаар дамжуулж мэдрүүлдэг. Ном бидний сайн нөхөр байж чаддаг гэдгийг энэ номоос дахин мэдэрсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.06.04 192.82.87.168

Эндээс хүүхдийн хүмүүжилд аавын оролцоо хэчнээн чухал нь харагдаж байна. Хүүхдүүдээ сайн аавтай өсгөөрэй. Ээж нараа!!! Сингл мом болох нь таны шийдвэр болохоос хүүхдийн тань хүсэл биш шүү.

0 Хариулах


Crush 2022.08.24 202.126.93.59

Goomaral yost huurhun shu <3

0 Хариулах