Ираны нийслэл Тегеран хотод гэрийн тэжээвэр амьтадтай иргэдийг баривчилж, амьтныг нь хураан авах хөдөлгөөн эрчимжиж байна. Тегеран хотын цагдаагийн газраас саяхан нохойтой гадуур явах нь гэмт хэрэг гэж мэдэгдсэн бөгөөд уг хоригийг "олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах" арга хэмжээ гэж тайлбарлажээ.
Үүгээр ч үл барам Ираны парламент гэрийн тэжээвэр амьтдын өмчлөлийг бүхэлд нь хязгаарлах “Амьтдын эсрэг олон нийтийн нийтийн эрхийг хамгаалах тухай” хуулийг батлахаар зэхэж байгаа тухай BBC мэдээллээ. Уг хуулийн төсөлд зааснаар тэжээвэр амьтантай болохын тулд тусгай хорооноос зөвшөөрөл авах ёстой гэжээ. Мөн нохой, муур, яст мэлхий, туулай зэрэг түгээмэл гэрийн тэжээвэр амьтдыг худалдаж авах, худалдаалах, тээвэрлэх зэрэг үйлдэлд доод тал нь 800 долларын торгууль ногдуулахаар болсон байна.

- Доктор Паяам Мохэби -
Энэхүү хуулийн төслийг эсэргүүцэгч, Ираны мал эмнэлгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Паям Мохеби “Тэжээвэр амьтдыг хориглох тухай яриа 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн. Тухайн үед парламентын хэсэг гишүүд тэжээвэр нохдыг хураан авч, амьтны хүрээлэнд өгөх эсвэл цөлд үлдээх тухай хуулийг сурталчилж байсан" гэж ярьжээ.

20-р зуунд нохой хотын амьдралын бэлэг тэмдэг болж байсан ба, шахын гэр бүл мөн тэжээвэр амьтантай байжээ.
Сонирхолтой нь, Иран улс 1948 онд Амьтдын халамжийн тухай хуулийг батлан амьтны эрхийг хамгаалсан анхны институцийг санхүүжүүлж, Ойрх Дорнодын улсууд дотроо анхдагч болж байжээ. Тухайн үед хааны гэр бүл ч нохойтой байсан аж. Гэвч 1979 оны Исламын хувьсгалаас хойш энэ байдал өөрчлөгджээ. Исламын шашинд амьтдыг ариун бус гэж үздэг бөгөөд хувьсгалын дараа нохдыг “барууны соёлыг дуурайх үзэгдэл” гэж дүгнэх болсон байна.
Эх сурвалж: BBC
Нийтэлсэн: М.Анухатан