UBLife Logo
UB.LIFE-ийн түүхүүд

UB.LIFE-ийн түүхүүд | Z үеийн залуус ажил олгогчдоос юу хүсдэг вэ?

Ub.life
Ub.life
UB.LIFE-ийн түүхүүд | Z үеийн залуус ажил олгогчдоос юу хүсдэг вэ?

"Одоогийн залуус ажилд тогтдоггүй", "Зовлон тоочиж, ялархдаг", "Залуу хүн байж илүү цагаар ажиллахад яахав дээ", "Дөнгөж ажилд орчхоод өөдөөс юм заалаа" гэх мэт хандлагууд ажил олгогчдоос Z үеийн ажилтан залууст хамгийн их ирдэг. Үнэхээр Z үеийнхэн хамгийн муу, хамгийн "төвөгтэй" ажилтнууд уу, эсвэл ажил олгогчид тэднийг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байна уу? Үүнд бид хариулт өгөхөөр салбар салбарт ажиллаж, "хал үзэж" буй Z үеийн ажилтан залуустай ярилцаж, тэдний ажил олгогчдоос хүсдэг зүйлийг нь уламжилж байна. 

Дараагийн нийтлэлээр бид ажил олгогчдын Z үеийнхнээс хүсдэг зүйлийг хүргэх юм шүү   


Аливаа юмыг хуучин аргаараа л нүдээд байх нь залхмаар санагддаг

Манай хурлын өрөөнд Smart TV байдаг байсан юм. Тэгээд хүн бүр мэдээж хурлын үеэр тухайн дэлгэцээр мэдээллээ харуулна. Гэхдээ хамгийн их гайхсан юм нь бүгд HDMI хайгаад явна. Бүх өрөө өндөр хурдны wifi-тай, бас ком-ууд нь бүгд i7 core-той. Тэгээд ухаалаг зурагт дээр дэлгэцээ шууд хуваалцахад л хангалттай юманд хурлын үеэрх бүх хүмүүс HDMI нааш цааш дамжуулж, хүмүүсийн анхаарал сарниулаад байгаа нь жинхэнэ стресстэй санагддаг байсан. Надад бол 60, 70 инчийн смарт зурагт байрлуулаад тэгж ашиглана гэдэг бол үнэхээр мөнгөний гарз шиг санагдсан. Ийм жижиг сажиг зүйлээс эхлээд өөрчлөхийг хүсдэг олон зүйл байсан. Гэхдээ яг хүлээж аваад өөрчлөх хүсэлтэй, өөрчлөгдөхийг зорьдог газар ховор. Залуу хүний үгийг хүлээж авахгүй, үл тоомсорлох байдал их. Удирдагч хүн нь өөрөө манлайлах ур чадвартай, заах ур чадвартай, ажлаа зөв хуваарилах, тухайн ажилтныхаа чаддаг, чаддаггүй зүйлсийн олж мэдээд чадварыг хөгжүүлэх, үлгэр дуурайлал өгдөг хүн байх хэрэгтэй. Үгээ чөлөөтэй ярьж хэлж болдог, хоорондоо аливаа зүйлийг зөвшилцөж шийддэг байх, даргын үгээр бүх зүйл шийдэхгүй, шинэлэг орчинтойгоо хөл нийлүүлдэг байх, жишээ нь технологи хөгжөөд байхад цаасаар хэвлээд аваар ир гэдэг соёлтой газар хэцүү байдаг. Залуусынхаа үгийг сонсдог, хүлээж авдаг байгаасай л гэж их хүсдэг дээ. Өмнөх газар маань нэлээдгүй бичиг цаастай зууралддаг газар байсан юм. Тэгээд нэг өдөр ажлаа өөрчлөөд удирдлага ч өөрчлөгдөв. Сурсан зангаараа хэвлээд шинэ удирдлагадаа файлынхаа эхний хувилбарыг харуулахаар орсон чинь "Drive дээр шэйр хийчих, эцсийн гарын үсэг зуруулах файл биш бол хянуулах юмныхаа линкийг явуулаад комментоо өгч байя" гэдэг юм. Gen-Z биш удирдлагынхаа амнаас ийм үг сонсох үнэхээр сайхан байсан.

25 настай, хүний нөөц мэргэжилтэй У


Надад "хүн шиг" хандсан бол дуртайяа гар хөлийн үзүүрт нь зарагдахсан

Их сургуулиа төгсөөд үнэхээр ёс зүйгүй сонин газар ажилд орж билээ. Захирал нь 35 настай, чамгүй боловсролтой хүн боловч өдөр бүр ажилдаа өөрөө хоцорч ирчхээд бид нарыг "муусайн п**да нар" гэж орилж хашхичдаг байсан. Өөрөөс нь дүү, залуу ажилтан болохоор л хамгийн муу нь, гар хөлийн үзүүрт нь зарагдах ёстой, хүссэн бүхнээ хийлгэж болох зарц мэт хандана. Үнэхээр би тэр хүнээс сурах юмаа сураад, хүндлэлийг минь хүлээхүйцээр надад "хүн шиг" хандсан бол дуртайяа гар хөлийн үзүүрт нь зарагдахсан. Гэтэл юу ч зааж өгөхгүй, асуухаар муухай аашилж, харааж ерөөдөг хэрнээ л өөрийнхөө бүх ажлыг хийлгэх гээд ажлаар дарж алдаг байв. Тэр ажлаас гарсан шалтгаан нь ёс зүйгүй удирдлага, юу ч сурах боломжгүй гацалтын байдал хоёр.

23 настай, дизайнер мэргэжилтэй М


Нэг л мэдэхэд эргэн тойрон дахь хүмүүс шигээ болчихсон байх вий гэж айсан

Өмнөх ажлаасаа гарсан шалтгаан маань араар тавилт. Би биш, надтай биш, надад хамаагүй хүн хэрнээ л ажлынхны бохир муухай араар тавилтын түүхүүдийг нэг нэгээр нь сонсож, хажуугаас нь харах үнэхээр сэжгийн байсан болохоор би хүсэж мөрөөдөн байж орсон ажлаасаа гарсан. Үнэхээр хүндэлдэг, миний мөрөөдлийг бодит байдал болгоод нүдэн дээр минь биелүүлээд явж байгаа чадварлаг хүмүүс ёс зүйн хувьд ямар өчүүхэн гэдгийг нь хараад л хүндлэл үгүй болсон. Яахав тоохгүй, нүдэн балай царайлаад, ажиллаад явж болох ч эндээ ажилласаар байгаад нэг л мэдэхэд эргэн тойрон дахь хүмүүс шигээ болчихсон байх вий гэж айсан. "Хүн өдөр бүр хамгийн их цаг өнгөрүүлдэг 5 хүнийхээ дундаж" гэдэг дээ.

20 настай, С


Бүдүүлэг, дээрээс харж харьцах байдал, ажлын газрын хүмүүсийн хов жив тэнд орсон ямар ч залуу хүнийг эвдэхээр санагдсан

Би хувийн хэвшилд ажиллаж байгаад групп компанид орж ажилласан юм. Жил гаран хугацаанд ажиллахдаа бухимдал төрүүлэх олон зүйлтэй нүүр тулж байсан. Маш амархан байдлаар шийдэж болох зүйлийг ямагт хүндрүүлж, чирэгдэл учруулна. Онлайнаар шийдэх боломжтой бүх зүйлийг заавал нэг газар очиж хүлээж, хүнд суртал гаргадаг нь хэцүү. Үүдэнд нь хүлээж, утсаа авахгүй хүмүүсийн араас хөөцөлдөх, олон хүний гар дамжсан үйлдлүүд үнэхээр их цаг зав үрдэг байсан. Шат шатны дарга удирдлагууд нь өөрсдөө үлгэрлэж манлайлахаас илүүтэй дээрэнгүй харилцаж, хүйтэн уур амьсгал бүрдүүлэх нь их. Нэг хамт олон гэж ойртон дотносох аргагүй, хатуу уур амьсгалтай. Уг нь бидэнд чинь гэртээ байгаа юм шиг тухтай, найз нөхдөөрөө байгаа мэт урам зоригтой ажлын байр хэрэгтэй байдаг. Гэтэл очмооргүй, бушуухан тармаар мэдрэмж үргэлж төрсөөр ирсэн. Ямар ч ажлыг дарамт болгож, бүдүүлгээр тулгах, "босс" аашилж байж хийлгэдэг гэсэн ойлголттой. Тиймдээ ч ажилд олон хүн тогтдоггүй байсан. Гэхдээ байнга солигдож байгаа нь өөрсдөд нь асуудал байгаагийнх гэж харахгүй үргэлж л гарч орсон хүмүүсээ муулж, өөрсдийн бүтэхгүй системээ хамгаалаад байдаг нь бухимдмаар. Үнэхээр урт нэг жил байж билээ. Том компаниуд өөрсдөдөө, хүний нөөц, системдээ өөрчлөлт хийхгүй бол залуус тогтох аргагүй болсныг мэдэрсэн. Ажилчдаа аз жаргалтай байлгана гэдэг сардаа нэг авч гаргаад шоудуулах уг нь биш гэдгийг ойлгохоор л цаг үе гэж бодож байсан юм.

23 настай, Э


"2000-аад оны хүүхэд, өөрөөсөө ах хүмүүсийг ахлаж ажиллахад нас, туршлага бага" гэх шалтгаанаар ажилд авах боломжгүй гэсэн

Их сургуулиа төгсөөд хувийн секторт 3 жил орчим ажилласан надад төрийн албанд мэргэжлээрээ ажиллаж үзэх хүсэл төрсөн юм. Төрийн алба гэхээр л нас тогтсон, намба суусан хүмүүс байдаг гэж боддог залуус бидний хувьд тэнд хэрхэн, яаж ажилд ордог талаар тэр бүр ойлголт байдаггүй.  Хэсэг судлаад төрийн албаны нөөцөд орохын тулд "Төрийн албаны ерөнхий шалгалт" гэж өгдөг болохыг мэдсэн. Ерөнхий шалгалтад анх бүртгүүлж, 8000 гаруй хүнтэй өрсөлдөөд нийт 100 авахаас 93 оноо авч, шалгалтдаа тэнцэв ээ. Гэхдээ ажилд орохын тулд "Тусгай шалгалт" өгөх гэсэн дахин нэг даваа байсан.  Өөрийн мэргэжилд тохирох сул орон тооны зарыг харж байгаад 1 газарт материалаа явуулж, тусгай шалгалт өгөх боллоо. Энэ удаагийн шалгалтдаа бас л олон нэлээд хүнтэй өрсөлдөөд, тэнцэж чадсан. Олон шалгуур хангаж, шалгалтууддаа тэнцсэн болохоор намайг авах ёстой гэж бодсоор нөгөө газартаа очсон боловч орж чадаагүй дээ. Тус газрын дарга гэгдэх эмэгтэй намайг хараад "2000-аад оны хүүхэд, өөрөөсөө ах хүмүүсийг ахлаж ажиллахад нас, туршлага бага" гэх шалтгаанаар авах боломжгүй гэсэн юм. Хэрвээ би төрийн албанд танилтай байгаад, тэр хүнээрээ "яриулсан" бол магадгүй өөр байх байсан байх. Ингээд төрд ажиллаж үзэх хүсэлтэй над шиг залуус өөрийн хүчээр төрийн албанд орно гэдэг ер нь л худлаа санагдсан. "Төрийн алба, төрлийн алба" гэдэг яриа ч зүгээр нэг гарчихаагүйг бас сайн ойлгосон. Нас залуу байвч хувь хүний чадварыг үнэлчихдэг, ашиг сонирхол харалгүй албан тушаалд нь томилчихдог, залуусаа дэмжиж чадавхжуулдаг, өөрсдөө хийж, бүтээх тэр боломжийг нь олгодог тийм л төрийг би хүссэн дээ.

23 настай, Х


Шинэ санаачилга гаргахаар "Ингэж л хийдэг юм. Ингэж хийсээр ирсэн. Чи хэн юм?" гэсэн хандлагатай.

Хөгжиж сурах зүйл юу ч байхгүй, ажиллаад ажиллаад цалин нь нэмэгддэггүй газар хүн тогтдоггүй юм байналээ. Өмнөх ажил маань тийм л газар байсан. Ажлынхан бүгдээрээ олон жил хамт ажиллаад гэр бүл шиг дотно болчихсон ч нөгөө талаараа хүн болгон өдөр бүр "comfort zone"-доо шигдсээр л байдаг тийм газар. Би эхний хэдэн сар шинэ ажлаа хийж сурах гээд л өдөр шөнөгүй сууж, хичээсээр байгаад 6 сарын дараагаас ажил овоо гарт ороод, ямар ч зовлонгүй хийдэг болсон юм. Тэгээд л нэг жилийн дараа шууд л "burn out"-д орсон доо. Өдөр болгон нөгөө л нэг хүмүүс, нөгөө л ширээ тойрсон хэнд ч хэрэггүй хов жив, нөгөө л нэг жилийн өмнөх цалин. Хэд хэдэн удаа салбарын мэргэжилтнүүдийн сургалт байхаар нь чөлөө өгөөч, суучхаад ирье гэсэн чинь "Чиний ажлыг хийгээд суух хүн байхгүй" гээд өгөөгүй. Өөрсдөө ч олон жил ажиллаад, шинэ юм юу ч хүлээж авахааргүй болтлоо "дөжирчихсөн" байсан гэхэд болно. Хийдэг ажлыг нь арай хялбарчлах шинэ санаачилга гаргахаар "Ингэж л хийдэг юм. Ингэж хийсээр ирсэн. Чи хэн юм?" гэсэн хандлагатай. Дээд үеийнхэн туршлагаараа илүү байж болох ч шинэ зүйлийг мэдрээд, хамтдаа хөгжөөд явдаг байгаасай гэж их хүсдэг.

24 настай, санхүүгийн мэргэжилтэй Т


Ганц бие залуу хүн болохоор гэр бүлтэй хүмүүсээс илүү их цаг ажиллах ёстой гэсэн хандлага үнэхээр итгэмээргүй

Итгэлцэл огт үүсээгүй гэх юм уу, улс төрийн албан тушаал байсан болохоор магадгүй ажлын онцлог ч байсан байж магадгүй. Бас хэтэрхий цаг наргүй, бүгд л ажлаа ялархаж хийдэг хандлага нь маш их ядраасан. Тэгээд л төрийн албаны ажлаасаа гарахаар шийдсэн. Миний бодлоор төрийн ч бай хувийн хэвшил ч бай би өөрөө юу сурмаар байгаа бас юу хиймээр байгаагаа нээлттэй хэлээд хэрвээ хүлээлт нийлэхгүй бол анхнаасаа эхлэхгүй байсан нь дээр санагдсан. Миний зүгээс нээлттэй зоригтой байхыг сурсан ч ажил олгож байгаа талаас цалингийн боломжит байдал, ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарах маш чухал. Нэмээд хэлэхэд ганц бие хүүхэдгүй байхаар илүү цаг суух ёстой юм шиг хандлага удирдлагаас ч, хамтран ажиллаж буй хүүхэдтэй хүмүүсээс зөндөө их ирдэг нь таалагддаггүй. Өөрсдийн сонголтоор л хүүхэдтэй болоод хариуцлагаа хүлээх ёстой байдлын төлөө ганц бие хүнд илүү цаг, илүү ажлыг нь хуваарилж өгөх ёсгүй л санагддаг.

25 настай, Б

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.