“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнд өрөг угсралтын мэргэжлээр Барилгын политехник коллежийн төгсөгч О.Наранбаатар амжилттай оролцон, дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртлээ. Түүний эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажиллажээ. О.Наранбаатар нь өрөг угсрагч, угсралтын техникч мэргэжилтэй юм.

Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт 2013 оноос хойш хэрэгжүүлсэн төслүүдийн нэг үр дүн нь 8 мэргэжлийн хүрээнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлсэн явдал юм. Барилгын ПК-ийн өрөг угсралтын техникч – чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба нэг төгсөгч нь О.Наранбаатар юм. “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл нь Барилгын Политехник Коллежийг Өрөг угсрагч болон Сантехник, халаалтын мэргэжлийн хүрээнд чадамжийн төв болон хөгжихөд нь дэмжин ажиллаж байна.
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран GIZ хэрэгжүүлж байна.
