Хайх зүйлээ бичнэ үү

22 мин

Блиц: "San Juniper" хамтлагаас асуух 30 асуулт


Эрч хүч, мэдрэмж, өнгө гэрлээр дүүрэн San Juniper хамтлагийн дуучин Ц.Тэгшбаяр (Тэгшээ), басс гитарчин Б.Идэрболд (Идэрээ), хийлч Б.Баярцэнгэл (Bay), төгөлдөр хуурч Д.Лувсандондив (Lujga) дөрвөн гишүүн энэ удаа манай "30 асуулт" буланд оролцлоо. Дуу хөгжимд хайртай, шинийг эрэлхийлдэг эдгээр залуусын хайр татам, хөгжилтэй хариултуудыг хамтдаа сонирхоорой. Бас тун удахгүй болох гэж байгаа тоглолтынх нь мэдээллийг аваарай.

1.Хөгжимд хорхойсох шалтгаан болсон хамтлаг дуучин, эсвэл дууг нэрлэвэл?

Тэгшээ: Шууд гадаад хөгжим сонсож эхлээгүй л дээ. Эхлээд монгол хамтлагуудаасаа сонсож эхэлсэн. A Sound, The Lemons хоёрыг нэрлэнэ ээ. Цаашаа илүү гүнзгий судалж эхэлдэг болсон. 

Идэрээ: Миний хувьд A Sound.

Bay: Хөгжимд дуртай болгож байсан хөгжимчин бол Jascha Heifetz. Паганинигийн Caprice No. 24 манай багшийн утсан дээр явдаг байсан юм. Тэрийг сонсоод их урам зориг авдаг байсан.

Lujga: Манай ахын утасны дуун дээр нь In My Place гээд дуу явдаг байсан. Түүнийг нь хайж олж сонссоноос хойш The Coldplay сонсдог болсон.

ЗурагТайлбар
Дуучин Ц.Тэгшбаяр (Тэгшээ)
Басс гитарчин Б.Идэрболд (Идэрээ)
Хийлч Б.Баярцэнгэл (Bay)
Төгөлдөр хуурч Д.Лувсандондив (Lujga)


2.Дуу хөгжмөөс гадна хамгийн их сонирхдог зүйл?

Тэгшээ: Спорт их сонирхдог. Ковидын өмнө их аялдаг байсан. Одоо ч явахаа больчхоод л байна. 

Идэрээ: Playstation дээр Фифа их сонирхдог. 

Bay: Dota. Би өөрөө тоглодоггүй л дээ. Тэмцээн зэргийг нь үзэх их дуртай. Бид ер нь E-sport их сонирхдог. 

Lujga: Хөлбөмбөг, сагс гээд спортод ихдуртай.

Хамтлагийн хийлч Bay

3.Таны цуглуулдаг, заавал цаг зав гарган хадгалж, нандигнадаг зүйл?

Тэгшээ: Ер нь байхгүй юм байна аа. Магадгүй мандат, тасалбар ч юм уу оролцож байсан тоглолтынхоо зүйлсийг цуглуулдаг байх гэж өөрийгөө харж байна. Хэзээ билээ нэвтрүүлэг үзэж байхад тийм сонирхол хүнд их хэрэгтэй юм байна гэдгийг харж байсан. 

Идэрээ: Багадаа зоос их цуглуулдаг байсан. Үнэ цэнтэй гэдэг утгаар нь хөгжмийг л их цуглуулахыг хүсдэг дээ. 

Bay: Хөгжмийн цуглуулгатай болно гэж бодож байгаа. Одоо харсан чинь долоо найман хөгжимтэй болчихсон байна лээ. Дөрвөн хийл, хоёр гитар, хоёр төгөлдөр хууртай болсон байна. Бас рубик шоо цуглуулдаг байсан ч одоо больсон.

Lujga: Багадаа маш их, бүр аймаар их машин цуглуулдаг байсан. Одоо ч тийм юм байхгүй ээ.

4.“Эморсон” үедээ юу хийдэг вэ?

Тэгшээ: Дуу сонсох дуртай. Бас хүмүүстэй уулзаж, улам гүн орохгүйн тулд сатаардаг. Хүмүүстэй ярилцвал зүгээр санагддаг. 

Идэрээ: Дуу сонсдог. 

Bay: Бүр эмо дуунууд сонсдог. Тэгснээрээ илүү дотоод өөртэйгөө ярилцаж чаддаг. Уран бүтээлч хүмүүст ч энэ нь их хэрэгтэй гэж анзаардаг. Их олзуурхаж, юм болгох гэж, уран бүтээлчээр гаргаж ирэх гэж их хичээдэг.

Lujga: Дуугүй болчихдог.

Басс гитарчин Идэрээ

5.Өөрөөсөө огт салгалгүй авч явдаг зүйл?

Тэгшээ: Гар утас болон хэрэглээний зүйлс. Нэг хэсэг чихэвчээр их дуу сонсдог байсан ч одоо больсон байна лээ. 

Идэрээ: Гар утас, лаптоп, чихэвч гурав бол яагаад ч салахгүй юм билээ. нэгийг нь мартчихлаа гэхэд бүр маш хол явсан хэрнээ очиж авч байгаа юм. Тийм чухал болчихсон гэх юм уу. 

Bay: Чихэвч. Бас биеэсээ ямар ч үед салгадаггүй нэг гинж бий. Усанд орж байхдаа ч салгадаггүй. Манай аав ээж хоёр авч өгч байсан. Яг нэг хэсэг болчихсон мэт. Бас бид дөрөв сүүлийн үед сээр цохих их дуртай болоод байгаа.   

Lujga: Минийх бас нэг зүүлт бий. Бараг зургаа долоон жил болж байгаа ч нэг ч удаа тайлж байгаагүй. Бас утас.

6.Энэ жил тохиолдсон хамгийн гоё үйл явдал юу байсан бэ?

Тэгшээ: Нэг нохойны аав болсон. Франц хоёр гоол оруулахад бас их гоё байсан.  

Идэрээ: Ковидын дараах тоглолт үнэхээр гоё байсан. 

Bay: Хамтлагаараа тоглосон дурсамжтай тоглолтууд. Ковидын дараа хамгийн олон хүн цугласан эвентэд очиж тоглосон маань юм уу даа. Өнгөрсөн жилийн Паркт болсон Tomyo-гийн эвент. Яг л бүх зүйл эргээд ирж байгаа мэт байсан. 

Lujga: Би өнгөрсөн жил аав болсон. Тэр бүр бүх цаг үеийн хамгийн гоё зүйл байсан.

Төгөлдөр хуурч Lujga

7.Өглөө сэрээд хамгийн эхэнд юу хийдэг вэ?

Идэрээ: Би ер нь маш их цангадаг. Тэгээд орныхоо хажууд ус тавьчихдаг юм. Босоод хамгийн түрүүнд усаа уудаг. Ер нь ус ч гэлтгүй босож ирээд шингэн юм л уудаг. 

Bay: Нүдээ дөнгөж нээгээд л утасныхаа нотифыг шалгадаг. Тэгээд л өглөө эхэлж байгаа юм. Утас ер нь биднийг ер нь эзэлчихжээ. 

Lujga: Би бас утсаа хамгийн түрүүнд хардаг.

8.Таны амьдралд тохиосон “эргэлтийн цэг” хэзээ байсан бэ?

Тэгшээ: СУИС-ийн лицейд орсон юм л даа. Би чинь нийтийн дуучин болно гэж боддог байсан. Лужга, Идэрээ хоёртой би арван жилийн найзууд л даа. Уулзаад хамтлаг байгуулах хүсэлтэй болоод л... Тэр үе байсан болов уу. Гэхдээ амьдрал дөнгөж эхэлж байгаа болохоор дахиад өөр зүйлс тохиолдох байх аа.

Идэрээ: Миний эргэлтийн цаг одоо эхлэх гэж байгаа эсвэл эхэлчихсэн байж ч магадгүй. 

Bay: Өсвөр нас гэдэг бас эрэгтэй хүүхдүүдийн хувьд маш том эргэлтийн цэг болдог гэдгийг өөр дээрээ мэдэрсэн. Өсвөр насандаа хөгжимд дургүй болж эхэлж байсан. Маш их эргэлзээ, ирээдүйд энүүгээрээ явах ч юм уу үгүй ч юм уу гээд л. Нэг мэдэхэд буцаад бүр гүн дурлаж эхэлсэн. Бүр хөгжмийн бүх талаас нь өөрийгөө нээхийг зорьж, тэмүүлж эхэлсэн. Өсвөр нас гэдэг хүүхдүүдийн хувьд маш том эргэлтийн цэг болдог гэж харагдсан. 

Lujga: Би багадаа дуулна гэж их явдаг байсан. Долдугаар ангид байхад харин ээж төгөлдөр хуурын дугуйланд аваачиж өгөөд, би ч их дургүй л очиж байсан. Долоо хоноод, Гацуурхан дууг тоглож сурсан. Тэгээд л хөгжимд маш их дуртай болсон. Одоо ч Гацуурхан дуугаа тоглосоор яваа. 

Дуучин Тэгшээ

9.Өөртөө байнга сануулдаг нэг зүйл?

Тэгшээ: Хүмүүст аль болох тус болохыг л боддог. Түүнээс биш өглөө болгон босохдоо өөртөө сануулдаг зүйл байхгүй. 

Идэрээ: Үнэнгээсээ худлаа хэлж болохгүй шүү гэж өөртөө хэлдэг. Тоглоомоор бол гайгүй шдээ. Хүмүүст худлаа хэлэхгүйг л хүсдэг.

Bay: Би гэртээ ганцаараа амьдардаг байхгүй юу. Тэгээд өөрөө хоол хийж иддэггүй. Тэгэхээр хоолны газрууд хаахаас өмнө хоол олж идэх ёстой шүү гэж өөртөө сануулдаг. Бидний тоглолт ихэвчлэн орой болдог болохоор газрууд хаачхаад байдаг юм. 

Lujga: Ямар ч үед даруу байхыг өөртөө сануулдаг.

10.Хайрыг нэг өгүүлбэрээр илэрхийлээч гэвэл?

Тэгшээ: Хүлээн зөвшөөрөх.

Идэрээ: "Хоолоо идсэн үү?"

Bay: Бие биенээ хүлээн зөвшөөрөх, ойлгох. 

Lujga: Нэгнийхээ итгэлийг алдахгүй, хэцүү үед нь дэргэд нь байдаг, хамгийн сайн найз нь байж чадвал гоё.

11.Заавал очиж үзэхийг хүсдэг газар, яагаад очихыг хүсдэг вэ?

Тэгшээ: Маш олон газар бодогдож байна. Европ руу, Португаль, Испани хоёрт очмоор байна. Өмнө нь Европоор явж байсан ч яг энэ хоёр улсад очилгүй ирчихсэн юм. Лондонд ч очмоор байна.

Идэрээ: Япон. Тэр газрын өгдөг мэдрэмж, соёл, хүмүүс бүх зүйл нь өөр байдаг. 

Bay: Одоогийн нөхцөл байдалд хүршгүй мөрөөдөл байж ч магадгүй л дээ. Олон улсын сансрын станц дээр очиж үзэх мөрөөдөлтэй. Задгай сансарт нэг удаа ч гэсэн гараад үзчихмээр санагдаад байдаг юм.

Lujga: Манчестер хотод очихыг хүсдэг. Тэнд очоод сайхан Юнайтедын тоглолтыг битүү үзмээр байна.

12.Гэр бүл, найзуудаас өгсөн хоч?

Тэгшээ: Найзууд Тэгшээ гэдэг. Гэрийнхэн Тээгий гэдэг. манай америк найзууд харин High-Tech гэж өгч байсан. Тэгшээ гэнгүүт болохгүй байнгуут "Tech" л гэсэн байх. Өндөр болохоор "High" гэсэн юм болов уу. Өндөр Тэгшээ гэсэн байж ч магадгүй. 

Идэрээ: Надад хоч байхгүй ээ. Миний нэр нээх урт биш болохоор Идэрээ л гэдэг. Найзуудаас өгсөн хоч гэвэл Лужга намайг "Dr.Dre" гээд байдаг юм. Би тэгээд унтаж байснаа шөнө гэнэт босоод утгыг нь бодож байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө утгыг нь олохгүй байна лээ.   

Bay: Гэр бүлийнхэн Баагий гэж дууддаг. Баярцэнгэл гэдэг болохоор л шууд Баагий гэсэн байх. Bay гэдэг нэрийг би харин өөртөө хүчээр өгсөн. Юмыг бас хүчээр өгч болно шүү дээ. Хүчээр, би гурван жил чичирсний эцэст ашгүй хүмүүс намайг Bay гэдгээр дажгүй мэддэг болсон.  Араас нь бас хамтлагийнхаа нэрийг залгах дуртай. Өмнө нь Red Line гэдэг байхад Bay Liner гэдэг байсан бол одоо Bay Juniper. 100 хувь сэтгэл зүрхээ зориулж байгаа зүйлээрээ овоглох дуртай.

Lujga: Гэрийнхэн "Шар хүү" гэдэг. Шар болохоор...

13.Хамгийн дуртай, бас сайн хийдэг хоол?

Тэгшээ: Миний нэг нэрийн "нэргүй" хоол байдаг юм аа. Ер нь нэг гуляшрхуу. Гэхдээ бас биш. Будаатай, махаа тусад нь соустай хуурч байгаад гаргадаг нэг тийм хоол бий. 

Идэрээ: Цуйван бол сэгсэрнэ ээ. Хурдан хийж чаддаг гэвэл шөлтэй хоол өөртөө гялс хийчихдэг.

Bay: "Хоол захиалж чадна."   Тоглосон юм. Манай эмээ нэг Тоймоо гэдэг хоол зааж өгч байсан юм. Ерөнхийдөө шарсан бууз байхгүй юу. Гэхдээ бас жигнэдэг. Хуушууран бууз ч юм шиг.

Lujga: Би хоол ёстой хийдэггүй. Амьдралдаа хэдхэн удаа л хийж байсан. Найз охиныхоо гэхдээ маш сайн хоол бэлтгэгч нь. Мах хэрчинэ, ногоо хэрчинэ. Ингэж хамт хийж, тусалдаг даа.

14.Хамгийн их ашигладаг аппликейшн?

Тэгшээ: iTunes, Facebook, Instagram.

Идэрээ:  iTunes, Instagram, Shazam, Messenger байх.

Bay: VPN.  Худлаа худлаа. Хөгжмийн эффектнүүдийг би шууд BIAS FX гээд аппаас тавьчихдаг байсан юм. Бас компьютерын апп гэвэл Logic Pro их ашигладаг.

Lujga: Apple music, Instagram, Messenger

15.Хамгийн анхны дуугаа цацсаны дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Тэгшээ: Би соло нэг дуу цацаж байсан юм л даа. Манай Идэрээ, Bay хоёр ч тэр дуун дээр ажиллаж байсан. Дуугаа цацчхаад, өөрийгөө од болохыг хоёр гурав хоног хүлээлээ. Юу юугүй хүмүүс намайг таньдаг болох юм болов уу гээд хүлээж баахан явж байж билээ. Тэгээд л больсон доо. 

Идэрээ: "Silence" гарах үе хамгийн гоё байсан. Бидний бодож байсан зүйл дуу болоод гарчихсан, бүр дүрсжээд гарчихсан. Ямар ч студи, лэйбелд хамааралгүй хэрнээ өөрсдөө хийгээд гаргаж байсан. Надад тэр дуу үнэхээр өгөөжтэй санагддаг. Мэдрэмж нь гоё. 

Bay: Хүлээлтийг хамгийн бага дээр нь тавих ёстой юм шиг байгаа юм. Тэгвэл авч байгаа мэдрэмж нь яг нормаль дээрээ буудаг. Гэхдээ та нар мэднэ шүү дээ, өөрсдийнхөө царайг бичлэг дээрээс харахаар ямар олиг л байв гэж дээ. Ер нь их ичдэг байсан шүү, маш их эвгүй. "Silence" дуун дээрээ анх би хийлийн нумаа (смычок) зүгээр камер луу чиглүүлж заагаад л, мангар сүртэй за юу. Зураглаачийн авсан бүх дүрсэн дээр би өөдөөс нь нумаараа заачихсан зогсож байгаа байхгүй юу. Эдит хийсэн ах "Ёоо Баагий, чи яг нэг гоё явж байнгуут л өөдөөс нумаара онилоод байх юм" гэж байсан.

Lujga: Би "Өөрийнхөөрөө" дээр анх орж ирж байсан. Тэр дуу яг YouTube дээр цацагдах үед бөөнөөрөө амралтан дээр байсан. Тэр үед бүр хэтэрхий их баярлачихсан юм аа. 

Bay: Өөрийнхөөрөө дууг бичиж байх үед Тэгшээ, Идэрээ бид гурав байн байн найруулагч дээрээ очоод, өөрсдийнхөө хэсгүүдийг ганц хоёр секундээр нэмсээр байгаад нэлээн их болгочихсон. Лужгагаа арай л бага гаргачхаж дээ гэж бодож байсан. Лужга эхлэл дээр байдаг юм, соло хэсэг дээр нэг байдаг юм...

Lujga: Би хоёр л гардаг юм.   Гэхдээ маш олон хүн клип дээр ордог болохоор бид өөрсдөө хүртэл багтах гэж нэлээн юм болсон. 

16.Ямар супер хүч чадалтай болохыг хүсэж байна вэ? Яагаад?

Тэгшээ: Цаг хугацаа урагшлуулж, хойшлуулдаг юм билүү. Магадгүй ухраавал гоё юм байна. Ирээдүй рүү очвол тийм гоё байхгүй байх аа. Миний төсөөлөөгүй, бодсоноос муухай байх ч юм билүү. Ямартай ч гэхдээ цаг хугацаагаар аялах.

Идэрээ: Хүний бодол дотор ордог болохыг их хүсдэг. Гэхдээ дотор нь ороод үйлдэл хийхгүй, зүгээр л ороод... Хүмүүсийн мэдрэмжүүд их өөр байдаг болохоор тэрийг нь мэдэрмээр санагддаг. 

Bay: Ер нь ямар нэг асуудал дээр тулгуурлаж супер хүч чадлыг бодож, төсөөлдөг юм шиг байна. Надад бол өглөө босоод, ямар нэг төлөвлөсөн ажил байгаа тэр газар луугаа очих үнэхээр бэрх санагддаг байхгүй юу. Тэгэхээр телепорттой болчихвол шууд хүссэн газраа очоод л гоё байна байх.

Lujga: Багаасаа би үл үзэгдэгч болохыг хүсдэг байсан. Сүүлд нэг их хүсэхгүй байна өө.

17.Хэрэв яг одоо текнээс уух юм захиалбал юу авах вэ?

Тэгшээ: Цай гоё байна өө.

Идэрээ: Машингүй явж байсан бол шууд алкоголтой юм захиална.

Bay: Дабл шотоор эспрессо.

Lujga: Би жүүс л ууна байх.

18.Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

Тэгшээ: Гоёор л төсөөлдөг. Ийм тийм гэж бодсон юм байхгүй. Ирээдүйг ихдээ таван жилээр юм уу харахад бас бүдэг бадаг ойлгогдоно. Бүр 10,20 жилээр гэхээр төсөөлөгддөггүй. Зүгээр л нээх гоё күүл өвөө болно гэж төсөөлдөг дөө. Өөрийнхөө үеийн юмыг тулгадаг биш, хуваалцдаг, залуусаасаа суралцдаг. Би өөрөө ах хүмүүстэй их найзалдаг байхгүй юу. Өөрөө ч гэсэн яваандаа яг өөрөөсөө дүү хүмүүстэй сайхан нөхөрлөдөг тийм хүн болмоор байна.

Идэрээ: Ирээдүйгээ их адал явдалтай байхаар төсөөлж байгаа. Яг амьдралын зарчмаар, сайн муу бүх зүйлтэй нүүр тулж, адал явдлуудыг туулна гэхээс сонирхолтой санагдаж байгаа. 

Bay: Гэрэлтэй.  Сүүлийн үед их ухаараад байгаа нэг зүйл байгаа. Гэр бүл. Бид нарын хэн нь ч мөнх биш шүү дээ. Мөнгө олох гээд л хичээгээд явж байгаа ч, олж байгаа ч,түүнийгээ гэр бүлдээ зарцуулна даа гэж бодож явж байсан ч нэг л мэдэхэд тэр мөнгө алга болчихсон байдаг. Тэгэхээр гэр бүлтэйгээ цагийг их өнгөрөөж, аялж яваасай, тийм байгаасай гэж хүсэж байна.

Lujga: Би сүүлийн үед хүүхдийн хувцас их хардаг болчихсон. Тэгээд охиноо том болохоор нь ингэж хувцаслана нтр гэж бодох дуртай. Бас охиноо уран гулгалтаар хичээллүүлэхийг хүсэж байна. Уран гулгагч болсон байна гэж төсөөлөх дуртай. Сайн аав байхыг л хүсэж байна. Өөрийнхөө үзэл бодлыг хэзээ ч тулгахгүй ээ. 

19.Аль дуундаа фэн шиг дурлаж байсан бэ?

Тэгшээ: Хэцүү асуулт вэ. Бүх дуундаа л хайртай. Ер нь гурвыг сонговол "Зүүд", "Silence" тэгээд "Өөрийнхөөрөө" гурав.

Идэрээ: Хамгийн эхний "Silence" дуундаа. 

Bay: "Зүүд" буюу "Dream" дуу. Их зовж, шүүсээ шахаж байж гаргаж байсан юм. Хамгийн тоглолт ихтэй соло аялгуутай. 

Lujga: U&Me.


20.Хамгийн анхны цалингаараа, тоглолтоос авч байсан мөнгөөрөө юу авч байсан бэ?

Идэрээ: Би хуур тоглодог байхгүй юу. Тэгээд Тэгшээгийн эгчийн хүүхдийн үсний найр дээр 10 жилийн сурагч байхдаа очоод тоглосон чинь надад баярлалаа гээд мөнгө бас өргөхөд нэлээн хүнд тийм их хэмжээний тортой жимс өгч байсан. Тэрийгээ аваад шууд хариад, гэрийнхэн бүгд байх үед дунд нь тортой жимсээ тавиад, тэр үед 40 билүү 60 мянган төгрөг авч байсныгаа 10 мянгыг нь цавчиж хэлээд л... Маш гоё санагдаж байсан. Би пс-дэж гадуур яваагүй, ингээд тоглоод гоё юм аваад ирлээ гэж бодоход нээх гоё.

Тэгшээ: Наадах чинь худлаа ярьж байна. Надад болохоор ингэж ярьж байсан. Тортой жимсээ бүгдийг нь ширээн дээр тавиад, тэр жимсээ цалингаа гэж хэлээд, мөнгөө бүгдийг нь өөрөө авангуутаа "Би компьютерээ тоглолоо" гээд шууд өрөөрүүгээ орж байсан гэсэн.   Би болохоор анх 6 настайдаа 10 мянган төгрөгөөр дуулж байснаа санадаг юм. Тэр их гоё байсан. 2015 он хавьцаа юм уу даа, анх удаа бөөнөөрөө тоглоод их мөнгө авч байсан. Хүний 800 мянга орчим төгрөг байсан. Тэр их гоё байсан. Юу хийснээ санахгүй байна. Манайхны зарим нь лаптоп, зарим нь гитар аваад л. 

Bay: Шинэ жилийн цалингуудаараа нийлүүлж байгаад Mac авч байсан. Тэр минь надад маш их зүйлийг өгч байгаа. Одоо ч гоёороо ажиллаж байгаа. Үнэхээр үнэтэй хөрөнгө оруулалт байсан.

Lujga: Би тоглоод цуглуулсан мөнгөөрөө малгай авч байснаа санаж байна. Тэр үедээ Их дэлгүүрт очоод, хэд юм гэсэн чинь 45 мянга. Аймаар үнэтэй санагдаад. Идэрээ хажууд "Пүүү" гээд л. Бүр бүх юмаа шавхаад, нөгөө нь хажууд тэр малгайг авчхаасай, мөнгө нь хүрээсэй гээд хамт шаналаад байж байх мэдрэмж одоо бодоход их дурсамжтай.

21.Илүү бүтээлч байж, шинэ зүйл хийхийн тулд юу хийдэг вэ?

Тэгшээ: Гэрээсээ л гардаг. Гэр яг амралтын уур амьсгал өгдөг, манайх бас нэг өрөө байр болохоор яг л унтаж, амрах ёстой орчин болоод байдаг. Оюутан байхад лав хичээл орох гэж байгаа, багшаа хүлээж байгаа хэдэн минутад зохиосон зүйл их байдаг. Хүмүүсийн дунд яг өөртөө ганцаараа орчин бүрдүүлэх.

Идэрээ: Ганцаараа, тэгээд гадуур суух дуртай. Гэхдээ хүмүүсээс жаахан зугтаадаг. 

Bay: Кофе шопт суудаг. Чихэвчээ зүүгээд, үнэрийг нь үнэрлээд, хүмүүсийн хоорондын харилцааг ажигладаг. Шинэ санаа дуусчихсан үед ч юм уу хүмүүсийн харилцааг харж өөрийгөө хөглөдөг. Энэ бол яг миний ажилладаг зарчим. 

Lujga: СУИС-д сурч байхдаа би мэргэжлийн хичээлээ их тасалчихсан. Гэртээ ирэхээр хийж болохгүй, хүмүүс унтаад ч юм уу тэгээд боломж гарахгүй. Тэгээд би шөнө сургууль дээр хүн байхгүйд хонож бэлддэг байсан. Шөнөөс үүр цайтал, яг ганцаараа орчин бүрдүүлээд хийх л их тохирдог.

22.Хамтарч уран бүтээл хийхсэн гэж хорхойсож явдаг уран бүтээлч?

Тэгшээ: Манай хамтлагийнхан монгол уран бүтээлчдээсээ энэ хүнтэй хамтарвал гоё юм байна гэх мэтээр ярилцаж байсан л даа. Яваандаа тэр болгон маань дэлгэгдээд явах байх. Нэг ийм цомог байвал гоё юм уу гэж хардаг. Таван хамтлаг нийлсэн ч юм уу. Яг одоо гарч ирж буй хамтлагууд нийлээд хийвэл. Өмнө нь Нацагаа ах тийм цомог хийж байсан юм билээ. Миний харж байгаагаар амьд хөгжмийн салбар одоо жаахан уналтад орчихсон. Үнэлэгдэхгүй ч юм уу. Тиймээс энэ салбар, жанрыг өргөхийн тулд нэг тийм гоё зүйл хийвэл...

Идэрээ: Том одуудын өмнө, яг нэг тайзан дээр гараад тогловол үнэхээр супер байна байх. Blackpink ч юм уу, NewJeans гэх мэт, яг амьд хөгжмийн биш гэхдээ маш том одуудтай цуг. Тэгвэл гоё санагдаж байна. 

Bay: Thornapple-ийн ахтайгаа ганц дуу хусчих юмсан даа.

Lujga: Хамтлагаараа Calvin Harris-тай хамтарвал гоё байна байх гэж боддог.

23.Монголын хөгжмийн ертөнцөд тохиолдоосой гэж боддог үйл явдал?

Тэгшээ: Би гадаадад явж байгаад нэг давхартаа олон өрөөтэй, өрөө болгондоо нэг өөр хамтлагтай тийм урлагийн "space" байхыг харсан байхгүй юу. Манайд бэлтгэлийн байр, бэлдэх газар байхгүй болохоор, ихэвчлэн оффист хийнэ, тэгэхээр чанга чимээ гаргаж болохгүй гээд хөөгдөнө. Оронд нь хүссэнээрээ хөгжмөө тоглоод, хийгээд явдаг бүтээлч газар байгаасай гэж хүсдэг. 

Bay: Тийм ээ, бас хөгжмийн ийм салбарт техник хэрэглэлүүд нь их үнэтэй байдаг. Энэ асуудлуудыг шийдээд өгвөл хамтлагуудад "эхлэхэд" илүү хялбар байна байх аа. Бас гадаадын уран бүтээлчид Монголд ирж тоглоосой гэж хүсдэг. Headliner нь асар том од байхад монгол хамтлагууд нь яаж ийгээд урд нь ороод, өмнө нь тоглочихно шүү дээ. Тийм супер одын урд тоглосон гэдэг нь хүртэл бидэнд ирээдүйд хэрэгтэй байхгүй юу. 

Идэрээ: Алдартай уран бүтээлчдийг авчирч байна стандартыг нь бид мэднэ, сурна. Бид уран бүтээлчийнхээ зүгээс маш их зүйлийг сурах байхгүй юу. Тиймээс улсын бодлогоороо дэмжээд жилдээ ганц удаа ч хамаагүй дэлхийн том одыг авчирч байвал. Бүр мөрөөдөхөд Weeknd Ч юм уу. Тэгвэл хөгжимчид нь сурна, үзэгчид нь ч соёлд сурна. Манайх чинь бас гадаад хүмүүсийн хувьд амархан визтэй улс шүү дээ. Тэгэхээр жуулчид их татна. Маш олон талаараа үр өгөөжтэй байна байх. 

Lujga: Супер одууд ирвэл гоё л байна.

ЗурагТайлбар




24.Хамтлагийнхаа vibe, өгдөг мэдрэмжийг юутай зүйрлэх вэ?

Тэгшээ: Сүүлд бүх дууг дараалуулж сонссон нэг хүн их эморсон гэсэн. Бид өөрсдийгөө их гэгээлгээр хараад байсан чинь хүмүүс биднийг бас өөрөөр хардаг байж магадгүй юм. Тайван ч юм уу мэдрэмж төрүүлдэг байх. 

Идэрээ: Манай логон дээр байгаа өнгө. 

Bay: Аз жаргалтай дөлгөөхөн нар. 

Lujga: Гэгээлэг юмаар л төсөөлдөг.

25.Уншиж буй сонсогчдодоо зориулах дуу.

Тэгшээ: ANUK гээд дуучны JITO гэж дуу их таалагдсан. Түүний 8400 гэдэг цомогт багтсан байгаа. Зэвүүн дуу байна лээ. Үгнүүд нь сонсохоор их төсөөлөл бүтээж болохоор үгтэй. 

Идэрээ: Манай хамтлагийн стрийм платформ руу ороорой. Бидэнд бас эморохдоо сонсох дууны жагсаалт ч байгаа. 

Bay: Thornapple-ийн Night Walk эсвэл Darkroom.

Lujga: Манай хамтлагийн U&Me-г сонсоорой.

26.Та бүхний амьдралд уран бүтээлчийн хувьд тохиолдсон, тохиолдож буй хамгийн том үйл явдал?

Bay: 2 сарын 10-нд бид анхны тоглолтоо хийх гэж байна. Бидний уран бүтээлчийн хувьд энэ бол маш том алхам гэж харж байна. Энэ тоглолт бидний хувьд их зүйлийг тодорхойлох тоглолт болно гэж харж байгаа. 

Тэгшээ: Ирсэн хүмүүс маань манай хамтлагийн мэдрэмжийг аваасай гэж их хүсэж байна. 2 сарын 10-нд UG Palace-д болно. Маш олон хүн арын албанд ажиллаж байгаа.  Сонирхолтой зочин уран бүтээлчдийг урих болно. Бас цацаагүй байгаа шинэ дуунуудаа ч тоглохоор байгаа. Нийт бараг 20 дуу тоглогдоно.

Идэрээ: Энэ тоглолтыг хийснээрээ бид бас их хөглөгдөнө. Тоглолтоо бодохоор их догдолж байна. Хамгийн том зорилго болж байна. 

27.Сэтгэлээр унаж, ямар нэгэн зүйл бүтэлгүйтсэн үед яаж сэргэдэг вэ?

Тэгшээ: За за болоод өнгөрчихсөн юм чинь гэж боддог. Одоо бол одоо цаг. Өнгөрсөн харин өнгөрсөндөө үлдсэн. Цаашаагаа яах вэ, хэрхэн гарах вэ гэсэн гарцаа хайдаг. Өнгөрсөнтэйгөө зууралдахыг хүсдэггүй. 

Идэрээ: Шууд тулчихдаг. Зугтаж өөр юм руу анхаарлаа төвлөрүүлэхгүй мэдрээд л дуусдаг. 

Bay: Cadis гээд Дотагийн нэг стрийм хийдэг хүн байдаг юм. Зүгээр л тэр хүний ярьж байгааг сонсохоор цаанаасаа нэг гоё болоод байдаг. Бүр хэцүү байгаа үедээ тэр хүнийг илүү их бичлэг хийгээсэй гэж хүсдэг. Хүнийг яриагаараа гоё болгодог хүмүүс байдаг даа? Тийм хүн байдаг даа. Би "San Juniper-ийн хийлчээс" гээд их donation явуулж байгаа. Түүнийг бичлэгийнхээ үеэр уншина, тэгэнгүүт хүмүүс сэтгэгдлээр "Энэ нөгөө хамтлаг байна шдээ" гээд таниад юм бичдэг. Нэг л өдөр хамт дота яриад сууна даа гэж боддог.

Lujga: Хажуугаас хүн урам өгч байж гайгүй болдог. 

28.Ямар зан чанараа хэзээ ч алдахгүйг хүсдэг вэ?

Тэгшээ: Олон зан чанар байна өө.  Бүтээлч, шинэ зүйл санаачлах, нөхцөл байдалд дасан зохицох, шийдвэр гаргах чадвар зэрэг минь илүү сайн юм болов уу гэж хардаг.

Идэрээ: Хувь хүний хөгжлийн ном уншихаар "Байнга өлс" гэх мэт үг гардаг даа? Бас тийм худлаа ч биш. Тэр чигтээ ханасан мэдрэмж рүү орчихгүй байхыг л хүсдэг. 

Bay: Дандаа шинэ зүйлийг сурах гэж хичээдэг зангаа. Сүүлийн үед тэр мэдрэмж маань нэлээн унтрах гээд байгаа. Түүнийгээ алдмааргүй байна. 

29.Уншигч, сонсогчдодоо зориулан сэтгэлийн үгээ хэлнэ үү.

Тэгшээ: San Juniper хамтлагийн хийж буй дуу хөгжмийг сонсож байгаа хүмүүст маш их баярлалаа. Урлагийн хүмүүсийн хувьд сонсож, дэмжих хүмүүс байхгүй бол тэр төгсгөл гэсэн үг шүү дээ. Та бүхний дэмжлэгээс бид их урам авдаг. Үргэлж дэмждэг сонсогчдодоо, хамтран ажилладаг хүмүүстээ баярлалаа. 

Идэрээ: Манай хамтлагийг мэддэг хүмүүст маш их баярлалаа. Биднийг анх удаа харж байгаа хүмүүст хандаж хэлэхэд San Juniper гэх хамтлагийн дөрвөн залуу хүсэл мөрөөдөл дээрээ тулгуурлаад нэг болоод явж байна. Биднийг сонирхоорой, манай хуудсууд дээр орж like дараарай, дагаарай. Манай тоглолтод хүрэлцэн ирээрэй. 

Bay: Заавал мундаг амьдрах гээд хэрэггүй шүү. Маш амар амгалан амьдраасай гэж та бүхэндээ хүсэж байна. Өөрийгөө хүчээр түлхэж амьдрах үнэхээр хэцүү шүү дээ. Тиймээс амар амгалан, гоё амьдраарай гэж хүсэж байна. 

Тэгшээ: Бараг Rest in Peace гээд байгаа юм биш үү?  

Lujga: Баярлалаа.   

30. Та бүхнийг дагах бол...?

San Juniper: Facebook, IG, Spotify, Twitter, Soundcloud

Тэгшээ: tegshbayarr

Идэрээ: ideru_ider

Bay: Bayjuniper

Lujga: lujigad

Тоглолтын тасалбарыг: Shoppy

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
3 өдрийн өмнө
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.