Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Онцгой хамгаалалттай "эмзэг мэдээлэл"-ийнхээ талаар та хэр сайн мэдэх вэ?


Ердөө 10 жилийн өмнө Монголд хурууны хээгээр бүртгэх, фэйсбүүкийн нууц үгээ алдах, хэн нэгний зургийг ашиглаж цахим залилан хийх гэх мэт үйлдлүүд гэмт хэрэгт тооцогдох нь байтугай эдгээр технологи байдгийг ч бид тэр бүр мэддэггүй байсан. Харин техник технологи хөгжихийн хэрээр хүний мэдээллийн халдашгүй байдал гэх шинэ нэр томьёо хэрэглээнд нэвтэрч, үүнийг дагаад цахим мэдээлэлд халдах гэмт хэрэг, зөрчлүүд нэмэгдсээр байна. 

2022 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн Монголд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэн таны нэрээс эхлээд захидал харилцаа, эд хөрөнгө, нүүр царай бүр цаашлаад дахин давтагдашгүй зан байдлыг тань хүртэл хуулиар “мэдээлэл”-д тооцон хамгаалж эхэлснийг та мэдсэн үү? 

Таныг биеэ даасан, нэр төртэй, дахин давтагдашгүй өгөгдөл бүхий эрхэм чанартай хүн гэдгийг тань тодорхойлох бүхий л зүйлийг хуулиар “хувийн мэдээлэл” хэмээн тодорхойлж, төрлөөр нь ангилсан.

Тэгвэл иргэд бид хувийн мэдээллийнхээ ангилал, нууцын зэрэглэлийг мэдэж авснаар мэдээллээ хэрхэн хамгаалах, хэр хэмжээнд задруулах, бусдад алдсан тохиолдолд эрх ашгаа хамгаалах талаар мэдлэг, мэдээлэлтэй болох юм. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний хувийн мэдээлэл, биометрик мэдээлэл, эмзэг мэдээлэл, генетик мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл болон захидал харилцааны мэдээлэл зэргээр мэдээллийг дотор нь ангилжээ. Тэгвэл эдгээр ангиллуудаас хамгийн онцгой үр дагавар, ач холбогдол бүхий мэдээллийн талаар энэ удаа хүргэж байна. 

Хурууны хээгээр цагаа бүртгүүлэх нь хууль бус уу? 

Сүүлийн жилүүдэд хүний нүүр царайг хууль бусаар ашиглах, хурууны хээг цуглуулах нь нэмэгдсэн. Ялангуяа Ковид-19 цар тахлын үеэр хүний биеийн дулаан зэрэг эрүүл мэндийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр боловсруулсан нь дэлхий дахинаа ихээхэн асуудал дагуулсан билээ. Манай улсад ч ажилчдын цаг бүртгэлийг хурууны хээгээр хийхээ больсныг та бүхэн мэдэж байгаа биз ээ. 

Хувийн мэдээлэл

Тэгвэл техник технологи хөгжихийн хэрээр хувийн мэдээллийн халдашгүй байдалд хамаарах шинэ төрлийн гэмт хэргүүд нэмэгдсээр байгаа юм. Үүний нэг тод жишээ нь Элон Маскийн Tesla компанитай холбогдох хэрэг юм. 2018 онд алдарт Apple компанийн инженер Валтер Хуанг гэх залуу Tesla компанийн Tesla Model X загварын жолоочгүй машиныг унаж явахдаа осолд орж, амиа алдсан байдаг. Ослын шалтгаан нь тус машины автомат удирдлагын программ доголдож, ослын үеийн автомат тоормос ажиллаагүй гэж Валтер Хуангийн гэр бүл үзсэн байна. Ингээд тэд бүтээгдэхүүний үйл ажиллагааны доголдлын улмаас осол болсныг нотлохоор Элон Маскийн 2016 онд “Model S болон Model X нь өнөө цагт машиныг хүнээс ч илүү аюулгүй жолоодох чадвартай загварууд” гэж хэлсэн илтгэлийн хэсгээс эш татаж, нотлох баримт болгож ашигласан байна. Элон Маск Tesla Model X машиндаа аюулгүй байдлын баталгааг гаргаж өгсөн, программын доголдол үүсэхгүй гэж баталсан атал Tesla-ийн машин доголдолтой байсан гэж маргажээ. Харин Tesla компанийн хуульчид уг бичлэгийг Элон Маскийн жинхэнэ бичлэг биш, “Deepfake” буюу Элон Маскийн нүүр царайг ашиглан хуурамчаар хийсэн бичлэг гэж хамгаалсан байна. 

Хүний нүүр царайны мэдээлэл л гэхэд Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан биометрик хувийн мэдээлэл юм.

Энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа ба шүүхээс тухайн бичлэгт үнэхээр Элон Маск өөрийн биеэр байсан эсэх, тухайн үгсийг ярьсан эсэхийг шалгах ажиллагаа хийгдэж байгаа юм. Энэ бол хүний биометрик мэдээллийг ашигласан сонгодог жишээ юм. Сүүлийн үед “Deepfake” технологийг ашиглан олны танил хүмүүсийн нүүр царайны мэдээллийг цуглуулж, ашиглах тохиолдол нэмэгдсээр буй. Хүний нүүр царайны мэдээлэл л гэхэд Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан биометрик хувийн мэдээлэл юм. Биометрик мэдээлэл гэдэгт хүний дахин давтагдашгүй нүүр царай, хурууны хээ, нүдний солонгон бүрхэвчийг хамааруулдаг ба уг мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, задруулах, олон нийтийн сүлжээнд байршуулах нь багагүй хохирол учруулах бөгөөд Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдох боломжтой. 

Та нэг өдөр фэйсбүүк ортол таны царайтай хэн нэгэн дэлгүүр дээрэмдэж, хийгээгүй хэргийг тань хийсэн болгож, яриагүй зүйлийг “яриулчихсан” байвал яах вэ? Техник технологийн тусламжтайгаар таны нүүр царайны мэдээллийг авч хуурамч гэж мэдэх аргагүйгээр өөр хүний биетэй эвлүүлэх боломжтой болсон нь биометрик мэдээлэл ямар их ач холбогдолтой, алдсан тохиолдолд мэдээллийн эзэнд ихээхэн хохирол үзүүлэх эрсдэлтэйг харуулж байна

Эмзэг мэдээллийн ангилал

Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулиар биометрик мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд хамаардаг бөгөөд зөвшөөрөлгүйгээр халдах, гуравдагч этгээдэд задруулах зэрэг нь хувь хүний нууцад халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг анхаарах нь зүйтэй. 

Бусдын фэйсбүүк, и-мэйл рүү нэвтэрч, хувийг бичлэгийг нь хуулж авсан иргэн эрүүгийн хариуцлага хүлээжээ

Хуульд хүний эмзэг мэдээлэл гэдэгт хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хамааруулсан байдаг. Мөн бидний хамгийн их сонсдог “нууц” гэх ойлголтыг бүхэлдээ “эмзэг мэдээлэл”-тэй адилтган хуулиар хамгаалжээ.

Бидний хамгийн их сонсдог “нууц” гэх ойлголтыг бүхэлдээ “эмзэг мэдээлэл”-тэй адилтган хуулиар хамгаалжээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүний эмзэг мэдээлэлд хууль бусаар халдсан, нэвтэрсэн, дамжуулсан буюу эмзэг мэдээлэлд хууль бусаар халдсан хэрэг цөөнгүй шийдэгдсэн. Тухайлбал, 2022 оны 11 сард Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс нэгэн хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал, шүүгдэгч нь хохирогчийн фэйсбүүк хаяг болон и-мэйл хаяг руу нэвтэрч төрсөн өдрөө тэмдэглэж буй бичлэгийг нь бусад бичлэгүүдийн хамт утсандаа хуулан авч, нэгэн мэдээний сайтын фэйсбүүк хуудас руу дамжуулжээ. 

Тэрээр бусдын фэйсбүүк болон и-мэйл рүү нэвтэрснээр хүний захидал харилцааны нууцад халдсан, мөн төрсөн өдөр тэмдэглэж буй бичлэг буюу хүний нүүр царай, дүрсийн эрхэд халдаж, бусдад дамжуулсан хэрэгт буруутгагджээ. Шүүхээс уг иргэний үйлдлийг гэмт хэргийн шинжтэйд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Шүүхээс Меган Марклын захидал харилцааны нууц зөрчигдсөн гэж үзсэн бөгөөд энэ нь хүний хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалсан сүүлийн үеийн томоохон дуулиант хэргүүдийн нэг юм.

Хүний эмзэг мэдээлэлтэй холбогдох өөр нэгэн дуулиант хэрэг хоёр жилийн өмнө шийдэгдсэн нь ханхүү Харригийн эхнэр Меган Марклтай холбоотой. Английн The Mail on Sunday сонин Меган Марклын аав руугаа илгээсэн гараар бичсэн захидлыг нийтэд түгээсэн ба Маркл өөрийнх нь захидал харилцааны нууц (эмзэг мэдээлэл) алдагдсан байна гэж үзэн шүүхэд хандсан аж. Олон удаагийн шүүх хурлын эцэст шүүхээс Меган Марклын захидал харилцааны нууц зөрчигдсөн гэж үзсэн бөгөөд энэ нь хүний хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалсан сүүлийн үеийн томоохон дуулиант хэргүүдийн нэг юм. 

Иймээс Монгол Улсад хувь хүний нууц буюу хүний эмзэг мэдээллийг задруулах, зөвшөөрөлгүй нэвтрэх нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нүүр царай, захидал харилцааны нууц, бэлгийн харьцаа, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг зэрэг нь хуулиар дээд зэргийн хамгаалалтад байдаг тул та ч бас бусдын хувийн орон зайд халдахгүй байх, хэрэв хэн нэгэн таны хувийн нууцад халдсан гэж үзвэл хуулийн байгууллагад хандах бүрэн эрхтэй юм. 

Холбоотой мэдээлэл: Хувийн мэдээллээ яг одооноос хамгаалж эхлэх 5 шалтгаан


Нийтлэлийг бэлтгэсэн: Өмгөөллийн "Номин энд Адвокатс" ХХН-ийн партнер, хуульч, өмгөөлөгч Б.Амарбат

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.07
Мөнгөө захиран зарцуулахад ур чадварт суралцах үүрэгтэй Данийн өсвөр насныхан
2
2023.10.10
Сошиал сүлжээнд "share", "post" хийхээсээ өмнө өөрөөсөө асуух 4 чухал асуулт
3
2023.08.27
Хувийн мэдээллээ хуваалцахаас өмнө таны мэдвэл зохих ойлголтууд
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.