МХБХ-ны Моби Дээд лигийн 23-р тойрогт тэргүүлэгч Улаанбаатар клуб Дэрэнг 4:2-оор хожсоноор лиг өндөрлөхөөс дөрвөн тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангалаа.
Улаанбаатар клуб үүнээс өмнө 2011 онд түрүүлсэн амжилттай. Харин 12 жилийн дараа хоёр дахиа аваргын цомыг хүртэж байна. Тэд улирлыг -3 оноотойгоор эхлүүлсэн ч ийнхүү түрүүлэв. Тэдэнтэй адилхан Эрчим -3 онооноос улирлыг эхлүүлсэн бол Ховд, Төв буганууд, Улаанбаатар Сити багууд -6 оноотойгоор эхэлсэн. Энэ нь клуб лиценжүүлэлтийн журмын шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой шийтгэл юм.
Мөн Атлетик 220 клуб санхүүгийн хямралд орсноор энэ улирлын Дээд лигт өрсөлдөхөөс татгалзсан билээ.
Дээд лигийн 2-4-р байрт бичигдэж буй багуудын хооронд ердөө хоёр онооны зөрүү зааглаж байна.