Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Өнөөдрөөс эхлэх сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий тухай НАЙМАН баримт


Австрийн Вена хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлөөрх дэлхийн шилдэг 40 баг хуран чуулжээ. Өнөөдрөөс эхэлж, 6-р сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд тэд шинэ аваргаа тодруулах юм. Бид сагсан бөмбөгийн ДАШТ-ий тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


#1. Сербийн шигшээ багийг хэн зогсоох вэ?

Деян Майсторович, Марко Бранкович, Страхина Стоячич нарын сербийн шилдэг гурвалыг хэрхэн зогсоох вэ? гэдэг асуултад таамаг дэвшүүлэх хэцүү, магадгүй боломжгүй мэт. Тэдний бүрэлдэхүүнд Михайло Васич нэмэгдээд байна. ДАШТ долоон удаа зохиогдоход Серби тавд нь түрүүлээд буй юм. Тэдний амжилтын ноёрхол өнөө жил зургаа болж өргөжих үү?, Хэн тэднийг зогсоох боломжтой вэ? Сагсан бөмбөгийн спорт хэзээд урьдчилан тааварлашгүй үр дүнгүүдийг бидэнд харуулдаг учраас талбайд бүх зүйл боломжтой. Гэхдээ эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн ноёрхол өрсөлдөөнийг улам ер бусын болгож байна.


#2 Монголын шигшээ багууд ДАШТ-ий өмнө

Таамаг ёсоор Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар нарын шилдгүүд ДАШТ-д тоглоно. Харин үндсэн багаас Э.Дөлгөөн хуруугаа бэртээж, ДАШТ-ийг өнжиж байна. Тэрээр 2017 оны Азийн АШТ-ий "Үнэ цэнэтэй тоглогч"-оор тодорч, 2018 оны Азийн АШТ-ий бэлгэдлийн багт нэрлэгдэн, 2020 онд дэлхийн шилдэг дөрвөн ашигтай тоглогчийн жагсаалтад багтсан гэхээр Үндэсний шигшээ багт ямар чухал нөлөөтэй тоглогч болох нь тодорхой биз ээ. Харин энэхүү гол орон зайг нөхөхөөр Ц.Отгонжаргал зэхэж байна. Мөн тэмцээний өмнөхөн шигшээ багийн дасгалжуулагч С.Тулгыг чөлөөлсөн нь багийн амжилтад нөлөөлж магадгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Эмэгтэй шигшээ багт О.Хулан, М.Цэрэнлхам, Б.Ариунцэцэг нар дуудагдаж, сүүлийн үед тоглолт нь байнгын олны анхаарлын төвд байх болсон Ө.Индра нэмэгджээ. ДАШТ-ий өмнөх чансааны оноогоор эрэгтэй баг зургаад, эмэгтэй баг 11-д бичигдэж байна.


#3 ДАШТ-ий шилдэг АРВАН тоглогчийн жагсаалтад А.Ананд нэрлэгдэв

ФИБА-гаас ДАШТ-ий үеэр тоглолтыг нь заавал үзэх шилдэг арван тоглогчийг нэрлэв. Тус жагсаалтад Монголын багаас Ариунболдын Ананд багтжээ. Өдгөө 26 настай тэрээр Азийн АШТ-ий шигшээ тоглолтод Австралитай 18:18-аар тэнцээд байх үед хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн нэмэлт алдаа авч "баззер" хийсэн билээ. Түүний шидэлтүүд Австрийн талбайд "гал асааж" магадгүй юм. "Сансар ММС Энержи" багийн хамтаар дэлхийн цуврал тэмцээнүүдэд тоглож, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар 2022 оны дэлхийн шилдэг тамирчнаар тодорсон А.Анандын шидэлтээс гадна түүний дамжуулалтууд ч мөн багийн бусад тоглогчдод довтолгооны сул орон зайг гаргаж өгөх боломжтой. Ялангуяа нуруугаар өндөр багуудын эсрэг ийм төрлийн довтолгооны хувилбаруудыг сонгох нь үр ашигтай гэдгийг дэлхийн цуврал тэмцээнүүдийн үеэр хангалттай харуулсан билээ, тэр.


#4 Лили Вангийн хурдыг зогсоох хэн нэгэн гарч ирэх үү?

Сүүлийн жилүүдэд 1,75 метр өндөртэй ч ийм хурдтай тоглогчийг харах ховор болсон. Хятадын баг тоглох бүрт Лили Вангийн шилдэг тоглолтыг үзэх боломжтой. Өрсөлдөгчдөө айдас төрүүлэгч Лили Ванг дэлхийн цуврал тэмцээнүүдэд ноёрхлоо эхлүүлээд байна. Тэрээр Хятад үндэстний сагсан бөмбөг дэх том мөрөөдөлд урам зориг төрүүлж байгаа гайхалтай шидэгч юм. Лили Ванг Венад оноо авалтаар тэргүүлэх магадлал өндөр гэж таамаглахад хилсдэхгүй. Түүнийг зогсоох хэн нэгэн одоохондоо гарч ирээгүй л байна.  


#5 Хейли ван Лит Америкийн багийг аварга болгож чадах уу?

Сагсан бөмбөгийн спорт хамгийн өндөр түвшинд хөгжсөн Америкийн эмэгтэй баг анхны хоёр дэлхийн аваргад л түрүүлсэн. Итгэмээргүй санагдаж магадгүй ч энэ бол үнэн. Тэдний бүрэлдэхүүнээс Хейли ван Лит хэмээх 21 настай охиныг ФИБА онцолж байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын өмнө ч түүнийг хамгийн түрүүнд онцолж байв. Гэсэн ч тэд шөвгийн наймд Канадад хожигдсоноор тэмцээнийг өндөрлүүлсэн билээ.

Ван Лит 2018 онд 17 хүртэлх насны ДАШТ-д Америкийн багийн бүрэлдэхүүнд тоглож, алтан медаль хүртсэн амжилттай. Мөн 2019 онд Монголд болсон 19 хүртэлх насны ДАШТ-ий Үнэ цэнтэй тоглогчоор тодорч, багийнхаа хамтаар алтан медаль зүүсэн юм. Түүнээс том амжилт хүлээх нь дарамт болж магадгүй ч тэр үүнд хэдийн дассан. Ван Лит талбайд гялалзсан тоглолтыг үзүүлдгээрээ бидний урмыг хугалахгүй нь гэж найдаж болох юм.


#6 Тэмцээний гол найдварууд

Сагсан бөмбөгийн спорт хэзээд л урьдчилан тааварлашгүй үр дүнгүүдийг бидэнд харуулдаг учраас талбайд бүх зүйл боломжтой. Гэхдээ түрүүн дурдсанчлан, эрэгтэйчүүдийн төрөлд Сербийн ноёрхол өрсөлдөөнийг улам ер бусын болгож байна. Латвийн шигшээ баг 3х3 төрлөөрх анхны олимпын өрсөлдөөнд тэргүүлсэн ч тэд дэлхийн аварга болж байгаагүй гэдэгт итгэхэд бэрх. 

Европын шилдгүүд болох Бельги, Нидерланд, Литва, Францаас гадна тэмцээнийг зохион байгуулагч Австри ч алтан медаль горилж байна. Мөн энэ оны Азийн АШТ-д баатарлаг ялалтыг байгуулсан Монголчууд ердөө хоёр сарын дараагаар ахин нэг томоохон амжилтад хүрэхийг хичээх болно.

Эмэгтэйчүүдийн төрөлд, аваргын нэр төрийг хамгаалж буй Францын шигшээ баг өнгөрсөн жилийн ялалтын мэдрэмжээ ахин мэдрэхийг хүсэж байна. Тэдний бүрэлдэхүүнд өнгөрсөн жилийн ДАШТ-ий Үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон Лаетитиа Гуапо байгааг санацгаая. Ийм гайхалтай, шилдэг тоглогчийн эсрэг бооцоо тавина гэдэг тэнэг хэрэг биз ээ. 

Өнөө жил бид эмэгтэй сагсан бөмбөгчдийн хамгийн тааварлашгүй өрсөлдөөнийг харах болно. Канадын шигшээ баг олон жилийн турш хүчирхэг өрсөлдөгч байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэхдээ "O Canada" дуугаа бахдалтайгаар дуулахад тун ч ойрхон очсон билээ.

Америкийн баг аваргын титмээ эргүүлэн авахын тулд дахин нэг удаа хүчтэй дайралтыг хийхээр зэхэж байна, гэхдээ хамгийн сайн бэлтгэгдсэн багууд Азиас ирж магадгүй юм.

2023 оны Азийн аварга Австрали, дэлхийн аварга Хятад улсын тоглолтыг тааварлахуйяа бэрх.

Мөн Герман, Нидерланд, Литва, Испани зэрэг Европын хэд хэдэн хүчирхэг гүрнүүдийг анзааралгүй өнгөрөх аргагүй билээ. 


#7  Лаетитиа Гуапо оргилоо хамгаалж үлдэх үү?

Гуапо өнгөрсөн жил Францын багийнхний олон жил мөрөөдсөн аваргын алдрыг авчирч өгсөн. ДАШТ-ий Үнэ цэнэтэй тоглогч тэрээр энэ удаад ч өөрийн хүчирхэг байр сууриа алдаагүй хэвээр байна. Өнөө жил 27 настай франц бүсгүй энэ цаг мөчид амжилтынхаа оргилд тулж иржээ. Гуапо зөвхөн сагсан бөмбөгийн талбайд гялалзахын төлөө төрсөн мэт, тиймээс түүнийг Үнэ цэнтэй байр сууринаас нь холдуулж харах аргагүй юм.


#8 Парис хүрэх зам

2024 оны Парисын олимпын өмнөх хамгийн том сорилт бол энэ удаагийн ДАШТ болж байна. Олимпын төрөлд сагсан бөмбөгийн 3х3 төрөл багтах болсон нь эл тоглоомын цар хүрээ хэр өргөжиж, нөлөөлөл нь хэрхэн өссөнийг бодитоор харуулсан үйл явдал юм. Тэгвэл дэлхийн шилдгүүд энэ удаад олимпын өмнөх хамгийн том сорилтод өөрсдийн нөөцийг дайчлахаар зэхэж байна.  


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
12 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Өчигдөр
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.