Испанийн "Реал Мадрид" клубын ахлагч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог БаллонДор шагналыг өнгөрсөн онд хүртсэн Карим Бенземад Саудын Арабын "Аль Хилал" багаас албан ёсны санал ирүүлжээ. Тэд уг саналаа өнгөрсөн долоо хоногт Севильятай хийсэн тоглолтын өмнөхөн түүнд дуулгасан аж.
Бензема энэхүү саналын талаар нухацтай бодож буй юм. Хэрэв Карим Испанид үлдэхээр шийдвэл Реал Мадрид 2024 оны 6-р сар хүртэлх шинэ гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна.
Гэвч Бензема хэрвээ Саудын Араб руу явбал жилд 100 сая еврогийн цалин авах боломжтой.
"Аль Хилал" баг Бензема болон Лионел Месси нарыг ирэх улиралд эгнээндээ нэгтгэхээр төлөвлөж байгаа ч аль алинаас нь хараахан албан ёсны хариу аваагүй байна.
Мадридчууд ирэх зуныг хүртэл довтлогч худалдан авах дургүй байна, ялангуяа зуны солилцооны цонхоор Боруссиа Дортмундын Жуд Беллингхэмийг асар өндөр үнээр худалдан авахаар төлөвлөж байгаа тул.
Өдгөө 35 настай Бензема 2009 оноос хойш Реал-д тоглож байгаа бөгөөд 450 гоол оруулсан Криштиано Роналдугийн ард 354 гоол оруулсан амжилттайгаар багийнхаа бүх цаг үеийн мэргэн буучдын хоёрдугаарт бичигдэж байна.
