Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Таны дотор орших бяцхан хүүхдийг сэрээх 13 "хөөрхөн" ном


Ном гэдэг ерөөс шинэ ертөнцийн үүд хаалгыг нээж, цаг хугацаа орон зайгаар аялуулах шидтэй билээ. Тэр дундаа хүүхдийн ном хүүхдүүдийг орчлон хорвоотой танилцуулж, томчуудыг хүүхэд насандаа очих боломжийг олгодог. Эдгээр гайхалтай 13 ном таны дотор орших бяцхан хүүхдийг сэрээж, хүүхэд насанд тань аваачих болно.  


1. Маринна Дюбюк “Арслан ба шувуу” - Орчуулагч Э.Мөнхбилэг

Намрын нэгэн өдөр арслан цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж байх үедээ бэртэж гэмтсэн хөөрхий шувууг олжээ. Гэмтсэн далавчийг нь боож, эмнэж байх зуур шувууд умрыг зорин нисэн оддог. Ачит арслан шувууг өрөвдөж хамт өвөлжихийг санал болгов. Ингэж нэгэн нөхөрлөлийн түүх эхэлнэ. Энэ номоос та эелдэг тусч байдлыг харж нөхөрлөлийн үнэ цэнийг дахин нэг санана. Мөн энэ номын хүүхэд багачууд төдийгүй томчуудад өгч буй чухал зүйл нь гол дүрүүдийн сэтгэл зүй юм. 


2. Канеко Мисүзү “Цуурай юм уу, чи ?” - Орчуулагч Б.Баясгалан

Номын зохиолч Мисүзү хүүхдийн дотоод ертөнцийн баялгийг хэзээ ч дутуу үнэлж, тэднийг томчуудын боддог шиг үүрдийн гэгээлгээр дүрслээгүй юм. Тэд ч бас аливааг дотроо гүн гүнзгий бодож, амьдралд өрнөж буй баяр, гунигийг томчуудтай хамтдаа туулдаг. Тийм ч учраас үхлийн тухайд хүүхдийн мэдрэмж, хагацлын тухай тэдний анхны сэрэмж, амьдралын энгийнээс ч аз жаргалыг бүтээж чаддаг хүүхдийн сууг бид үл ойшоож боломгүй билээ. Тэд амьдралыг өөрсдийнхөөрөө эргэцүүлж, тэр л эргэцүүлэл, эргэлзээ, асуултуудаа үүлсийн хэлбэр, навчсын хэлэнд шингээн, мэдрэмжээ хамгийн гэгээн, хамгийн бүтээлчээр илэрхийлж чаддаг жинхэнэ уран бүтээлчид билээ. Энэ номыг уншаад та ч гэсэн бага насныхаа гүнзгий бодол, мэдрэмжүүддээ дахин автаарай.  


3. Антуан Де Сент Экзюпери “Бяцхан хунтайж” - Орчуулагч Т.Төмөрхүлэг

Осолдож, төөрсөн нисгэгч, эгэлгүй бяцхан хүү хоёрын нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх 'Бяцхан Хунтайж' зохиол нь бүх насны уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг танд ойлгуулах болно. Зохиолын энгийн ойлгомжтой дүрслэлийн цаана зөвхөн хүүхэд багачуудад биш томчуудад ч хүргэхийг зорьсон гүн гүнзгий ёгтлолуудыг шингээжээ.


4. Диана Уинн Жонс “Хаулын нүүдэг цайз” - Орчуулагч З.Гандарь 

“Надтай тохиролцвол ямар вэ? Чи миний гэрээг хүчингүй болгож өгвөл, би чиний хараалыг буцааж өгье” гэж галын савдаг хэлэв. Ганцхан алхахад долоон бээр газар хороодог шидэт гутал, үл үзэгдэх нөмрөг зэрэг зүйл энэ ертөнцөд жинхэнээсээ оршдог Ингарий улсад аж төрөн суудаг Софи Хаттер охиныг хорон санаат Цөлийн шулам харааж орхино. Шулмын хараалаас ангижрахын тулд Софи уул толгодоор хэрэн хэсүүчилдэг нүүдэг цайз руу явдаг. Харин тэр цайзад залуу охидын зүрхийг иддэг шидтэн Хаул амьдардаг гэнэ. Ид шид санаанд оромгүй явдлаар дүүрэн энэ ер бусын ертөнц таныг хором ч уйдаахгүй. Ид шид гайхамшигт итгэдэг дотоод хүүхдээ сэрээгээд хамтдаа уншаарай.  


5. Андрэа Пеклар  “Фердо нэрт аварга шувуу”  

Энэхүү ном нь ямар ч үг текстгүй учраас та өөрийн төсөөллөөрөө номын зургийг харан үлгэрээ хүссэнээрээ хэдэн ч янзаар зохион унших боломжтой. Та өөрийн бүтээлч сэтгэхүй, төсөөлөн бодох чадвараа ашиглан байгаль дэлхийн тогтвортой байдлын талаар Фердо шувуутай хамтдаа танин мэдээрэй.  


6. Оливер Жефферс “Бид энд амьдардаг” - Э.Мишээл

Эх дэлхийтэйгээ танилцах аяллаа энэ номоос эхлээрэй. Бүхий л насаараа амьдарсан энэ гарагтаа дөнгөж ирээд анх удаагаа харж байгаа мэт мэдрэмжээр номоо уншаад үзээрэй. Цэнхэрхэн дэлхий гэдэг хэн бүхний хувьд гайхширал төрүүлэм сонирхолтой сэдэв биз ээ. Толгойд чинь дүүрэн асуулт эргэлдэж байвал эх дэлхий маань юунаас бүтдэг, бид бүгд энд хэрхэн аж төрдөг тухай та энэ номоос олж мэднэ. 


7. Маурис Сендак “Мангасуудын оронд” 

Маурис Сендакийн “Мангасуудын оронд” зурагт ном нь байдаг л нэг хүүхдийн номууд шиг гэрэл гэгээ, аз жаргал бялхаж, цэцэг навч, эрвээхэйгээр дүүрсэн биш бараан, дүнсгэр зураг дүрслэлүүдээрээ эрс ялгардаг. Тэрээр амьдралаас хол, нөгөө л нэг үлгэр жишээ сайн хүүхдүүдийг биш, бодит амьдрал дээрх хүүхдүүдийг байгаагаар нь харуулдгаараа онцлог. Чонын өмсгөл өмсөн дэггүйтэж байгаад ээждээ загнуулсан Макс хүүгийн өрөөнд гэнэтхэн бут сөөг урган Мангасуудын оронд очих нь тэр. Тэрээр тэнд олон найзуудтай болж, адал явдал дүүрэн аялал хийгээд гэртээ эргэн ирнэ. Сендакын номууд таныг төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөр аялуулж  сэтгэхүйн цар хүрээг тань тэлэх болно. 


8. Л.Нямдорж “Эмээ бид хоёрын тухай бяцхааан ном” 

Хүүхэд байхдаа та хорвоо ертөнцийг ямар нүдээр хардаг байснаа санаж байна уу? Хиргүй тунгалаг нүдээрээ бүхнийг гэгээлгээр харж бяцхан ертөнцдөө хадгалдаг байсан тэр үе рүү тань эмээ ач хүү хоёрын тухай энэ зурагт ном аваачна. 


9. У.Бямбаням “Домог” 

Улс үндэстэн бүр өөр өөрсдийн түүх, ёс заншлыг шингээсэн домгийг бүтээж, амнаас ам дамжуулан уламжлан хадгалж, улам төгөлдөршүүлсээр өдийг хүрчээ. Үүний нэгэн нотолгоо болон мянга мянган жил ам дамжигдан ирсэн зоригт баатар эрс, үзэшгүй муухай мангас, үзэсгэлэнт охид, цэцэн мэргэн түшмэд, сайхан сэтгэлт амьтад, саар муу явдалтны гайхамшигт ертөнцөд тавтай морилно уу. Бидний оршин буй дэлхий ертөнц хэрхэн үүссэн, нар сар яагаад хиртдэг болсон, үлгэр хийгээд хөгжим хаанаас улбаатай, бүүвэйн дуу хэрхэн үүссэн юм бол? зэрэг олон арван асуултуудад дахин давтагдашгүй ур, өнгө аяс бүхий зургаар домог бүрийг амилуулж ид шидийн ертөнцөд таныг хөтлөн оруулна. 


10. Жулиа Доналдсон “Мөчрөн хүн”  

Харахгүй байна гэж үү, хатсан мөчир биш ээ би
Мөчрөн хүн, Мөчрөн хүн байна.
Хар л даа, БИ ЧИНЬ МӨЧРӨН ХҮН
Харьж гэртээ буцмаар байна!
Мөчир хатагтай ганцаардаж, мөчирхөн хүүхдүүд гуньхарна.
Мөчрөн аавын эзгүйд зул сар ч уйтай юм...            
                                                                                  

Нэгэн өглөө гэрээсээ гүйхээр гарсан Мөчрөн хүн хачин сонин явдлуудтай учирч, саад бэрхшээлийг даван туулсаар санаанд оромгүй хүнтэй таарна. Төөрсөн Мөчрөн хүн хайртай гэр бүлтэйгээ эргэн уулзах болов уу? Английн хүүхдийн зохиолч Жулиа Доналдсоны энэхүү зохиол нь таныг уйдах зав олгохгүй мөчрөн хүний адал явдлаар аялуулах болно.  


11. Латрициа Тома “Шувуу”  

Нэгэн хүүхэд аав ээж хоёроосоо ийн асуужээ:
“Яагаад би энэ газар төрсөн юм бол?
Яагаад та хоёр миний аав ээж болсон юм бэ?“

Хариуд нь тэд яагаад энэ эх орноо, ээж ааваа сонгож ирснийг тайлбарлаж байгаа тухай энэ номд өгүүлнэ. Энэхүү ном нь танин мэдэхүйн, ялангуяа улс орнуудын тухай ойлголтыг өгөх зурагт ном юм.  


12. Ц.Дэлгэрмаа “Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх” 

Зуны амралтаараа хөдөөг зорин, өвөө эмээгийндээ очсон Бархас охин өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй үүрдийн сайн найзтайгаа учирна. Тэд хамтдаа тоглон наадаж, ханиндаа аюулыг давж, өсөн торних явцдаа онгон байгалийн зэрлэг амьтан, оюун ухаант хүн хоёрын дундах хамгийн үнэнч нөхөрлөлийг бий болгох ажээ. Зохиолч энэхүү бэсрэг туужаа хүүхэд ахуй цагийнхаа дурсамж болоод хөдөөгийн сууринд өрнөсөн үнэн түүхээс сэдэвлэн бичжээ. Энэ ном таныг ч мөн адил хүүхэд насанд тань аваачин дурсамжуудыг тань сэргээх болно.


13. Марк Твен “Хакельберри Финнд тохиолдсон адал явдал” 

Хакельберри Финн ядуу тарчиг амьдралд өссөн, сэргэлэн, цовоо хүү. Аав нь хаа яваа нь мэдэгдэхгүй ор сураггүй болсон учир хатагтай Дуглас хүүг өсгөж хүмүүжүүлэхээр болно. Багын дураараа өссөн Хак цэвэр цэмцгэр гэр, хээнцэр ганган хувцас, дасаж сураагүй соёлч зан, хичээл сургууль гээд олон зүйлтэй нүүр тулснаар зохиол маань эхэлнэ. Энэхүү зохиолоос та бүхэн нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэхийн хажуугаар Финнтэй болон түүний дотнын андтай хамт адал явдалд гарах юм. 


Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.