Австрийн Вена хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлөөрх дэлхийн шилдэг 40 баг хуран чуулжээ. Өчигдрөөс эхэлж, 6-р сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд тэд шинэ аваргаа тодруулах юм.
Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо өнөөдөр Унгарын эсрэг хийж, 21:19 харьцаатайгаар хожлоо. Тоглолтыг Унгарын баг тэргүүлж эхэлсэн ч, А.Анандын алсын зайн шидэлтүүд эргэлтийн цэг байлаа. Тэрээр эл тоглолтод 12 оноог авсан юм. Харин О.Энхбаатарыг хамгаалах үедээ өрсөлдөгч багийн тамирчин алдаа гаргаж, тэрээр торгуулийн шидэлтээ амжилттай гүйцэтгэснээр багийнхаа хожлын оноог гүйцээв. Улмаар 2017 оны ДАШТ-д долоодугаар байрт орсон Унгарыг хожиж, ДАШТ-ийг ялалтаар эхлүүллээ.
Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 20:00 цагаас Нидерландын эсрэг хийнэ.
