Бид өнөө жил Улсын наадмаар цолоо ахиулах, дээгүүр даваанд хүрч барилдах магадлалтай гэж Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнийн тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.
#1 Улсын наадмаар Аваргад л унадаг
Тэрээр улсын наадамд гурав зодоглохдоо гурван аваргад өвдөг шорооджээ. 2016 онд цолгүй бөх Улсад анх барилдаж гурав даваад, дөрвийн даваанд өөрийн багш Г.Өсөхбаяр аваргатай таарч унасан юм. Тэр жилээ улсад гурав даваад, гурав хоногийн дараа сумандаа очиж түрүүлээд, дараахан нь аймгийн начин цолонд хүрчээ. "Сумын заан цолтой зургаа л хоносон доо. Тэр жилийн наадмаар аав, ээж хоёр хотод ирсэн юм. Орой гэртээ иртэл цонх битүү сүү болчихсон байлаа. “Энэ юу болоо вэ” гэсэн “Ээж нь сүү өргөөд” гэж билээ. Ээж даваа эхлэхээр л цонх руугаа сүү өргөөд байсан юм билээ л дээ. Түүнээс хойш улсад мөн хоёр удаа зодоглож П.Бүрэнтөгс, О.Хангай нартай таарч аварга болсон наадамд нь унасан даа" хэмээн тэрээр ярьсан байдаг.
#2 Нэрний утга арсланг бэлэгшээдэг
"Аав бөхөд их дуртай. Намайг төрөх үед Д.Мөнх-Эрдэнэ арслан ид тодорч байсан юм билээ. Аав их дэмждэг, барилдааныг нь үзэх дуртай болохоор “Нутгийн бөх маань аварга болно байх” гэж бэлэгшээгээд надад ижил нэр өгсөн гэж ярьдаг юм. Дараа нь дүүг төрөхөд Бат-Эрдэнэ гэж нэр өгсөн гэхээр “Хоёр Эрдэнийн цаг үе байсан” гэдэг нь тодорхой байгаа биз дээ" хэмээн тэрээр ярьжээ. Түүний багад аав нь "Арслан" гэж хүүгээ бэлэгшээн дууддаг байсан гэдэг. О.Мөнх-Эрдэнийн өвөөгийнх нь төрсөн ах Улсын наадамд хоёр удаа дөрөв давж байсан аж. Мөн эмээгийнх нь төрсөн ах улсын начин Жадамбаа юм.

Зургийн тайлбар: Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аав Ч.Оюунбаатарын хамт.
#3 Зургаан арсланг дараалж хаясан нь
Тэрээр 2019 оны бүх цэргийн наадмаар аймгийн начин цолтой зодоглож цэргийн харцага цолонд хүрсэн билээ. О.Мөнх-Эрдэнэ тэр наадмаар Э.Сумъяабат, Н.Мустафа, Л.Жамбал, Э.Ууганбаяр, Д.Бадамгарав, Х.Цогтгэрэл нарын зургаан аймгийн арсланг дараалан хаяж байв. Өдгөө эдгээр бөхчүүдээс гурав нь улсын цолонд хүрчээ. Улмаар Их шөвөгт аймгийн арслан Б.Цэдэнсодномд өвдөг шороодсон юм. О.Мөнх-Эрдэнэ тухайн жилээ өөрийн өссөн нутаг Орхон аймгийнхаа наадамд найм даван түрүүлж, аймгийн арслан цолонд хүрсэн билээ. Тэр наадмын үзүүрт Завхан аймгийн арслан Б.Уртбаярыг шуудагны барьцнаас мордож түрээд давсан.
#4 Аваргаар дэмжүүлж, аваргыг давав
О.Мөнх-Эрдэнэ 2020 онд улсын начин цол хүртсэн билээ. Тухайн наадмын гурвын даваанд өөрийн багш Г.Өсөхбаяр аварга түүнийг амлаж, гар амар давуулсан юм. Дөрвийн даваанд улсын харцага Н.Батзаяаг шуудагнаас мордож дайраад давсан. Харин начины даваанд улсын аварга С.Мөнхбаттай нэлээд удаж, барьц сонгуулж барилдаад хаясан билээ. "Аваргад уналаа гэхэд харамсах зүйл байгаагүй учраас тайвширчихсан байлаа. Гарахын өмнө анхааралтай барилдаарай л гэж багш нар зөвлөсөн. Алдаа гаргаж, хайнга барилдаж болохгүй гэсэн. Тэгээд нягт хамгаалж, өөрөө түрүүлж ерөөсөө мэх хийгээгүй. Эцсийн мөчид барьц сонгуулаад давхар ачаад давсан. Наадам тараад автобус руугаа алхаж явтал Мөнхөө аварга замын хажууд хүмүүстэй сууж харагдав. Өсөхөө аварга “Очоод сайхан уулзахгүй юу” л гэлээ. Би очоод яг юу хэлэхээ мэддэггүй. Өдөр нь барилдчихаад “Сайхан наадав уу та” гэлтэй биш, юу гэж хэлнэ ээ гэж бодсоор дөхтөл харин аварга өөдөөс “Баяр хүргэе” гэж нүүр хаграад сайхан ярилцаад салцгаасан даа". Улмаар зургаагийн даваанд тухайн наадмын түрүү бөх улсын аварга П.Бүрэнтөгс түүнийг амлаж, унагасан юм. Тэд үүнээс өмнө нэг удаа таарч барилдахад мөн л П.Бүрэнтөгс даваад байв.
#5 Тусч, жудагт бөх
"Зарим хүн “Чи Пүрэвдагва арслан шиг, Зоригтбаатар харцага шиг характертай барилдаач” гэдэг л юм. Надад угаасаа байхгүй зүйлийг бий болгох гэхээр зохихгүй юм билээ, тиймээс тайван, шударга байх л миний хувьд гол зарчим. Би хувьдаа бөхчүүд гэж сайхан хүмүүс байдаг юм шүү гэдгийг харуулахыг хичээдэг. Тухайлахад, боломжтой үе таарвал зам дээр гараа өргөөд зогсож байгаа хэн нэгнийг мөнгө төгрөг гэлгүй дөхүүлж өгөхийг л бодно. Энэ үйлдэл маань бөхчүүдийн нэр хүндэд багахан ч гэсэн сайнаар нөлөөлөөсэй гэж боддог".
#6 "Арслан, аварга цолонд хүрэхийн төлөө чадах чинээгээрээ хөдөлмөрлөнө"
Тэрээр харцага болдог жилээ тавын даваанд гурван бөхөөс Ц.Сандагдорж начинг амласан. Энэ тухайд "Д.Анарын нэг ярилцлага байдаг даа. Би ч бас "Хоёр аймгийн цолтонг нь тунаачихъя, шинэ цолтон төрөг" гэж бодоод Сандагаа начинг амласан хэрэг. Зургаагийн даваанд мөн л гурван хүнээс Б.Түмэндэмбэрэлийг амлалаа. Би Түмээгийн барилдааныг сайн мэднэ. Сумын заан байхаасаа л түүний барилдааныг тогтож хардаг байлаа. Намайг сумын заануудын барилдаанд нэг давах, давахгүй байх үед Түмээ аль хэдийн түрүүлж, үзүүрлэдэг бөх байлаа шүү дээ. Налайхын наадамд түрүүлж аймгийн арслан болоход нь би нэг дээр таараад түүнд унаж байлаа. Харин өнгөрсөн жилийн наадмаар би давж, улсын харцага цолонд хүрсэн. Цаашид ч Төрийн наадамд дээшээ барилдахыг л зорьж байна. Арслан, аварга цолонд хүрэхийн төлөө чадах чинээгээрээ хөдөлмөрлөнө дөө" хэмээн тэрээр ярьжээ.
#7 Гол өрсөлдөгч Б.Зоригтбаатар
Түүний хамгийн дотно найз хэдий ч гол өрсөлдөгч нь улсын харцага Б.Зоригтбаатар юм. Тэд нэг оны нэг өдөр төрсөн төдийгүй нэг багшийн удирдлагад бэлтгэлээ хийдэг, хожим нэг өдөр хамт улсын цолонд хүрсэн гээд олон давхцлын эзэд. "Миний өрсөлдөгч Зоригтбаатар, Зоригтбаатарын өрсөлдөгч би. Миний сайн найз. Зөндөө л таарч барилдсан, нэг нэгэндээ уначихвал шаралхана. Хоёулаа ямар ч байсан нэг өдөр цол авах юм байна гээд ярьж суусан үе зөндөө". Тэд 2017 онд сар шинийн баярт зориулсан Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдааны үзүүрт шалгарч, Б.Зоригтбаатар түрүүлэн, О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэж байсан билээ.
