“Надад байгаа хамаг сайн сайхан бүгдийг би номоос олсон” гэж М.Горький бичжээ. Харин “М.Горькийд байсан хамаг сайн сайхан гэгдэх тэр зүйлс нь хүнлэг сэтгэл, гүн мэдлэг байсан юм” хэмээн нэрт сэтгэгч Л.Түдэвийн “Хүүхдийн зохиолын онцлогууд” номын нэгэн өгүүлэл эхэлдэг. Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид баасан гарагаас эхлэн гурван өдрийн туршид Сүхбаатарын талбайд явагдах Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй ХОРИН номыг онцолж байна.
Б.Батзаяа "Сэтгэцийн асуудлууд"
Urban poems буюу хотын өнгө төрх бүхүй шүлгийг монголын яруу найрагт бий болгохоор яваа тэрээр 2017 онд “Лонхонд байсан шүлгүүд” номоороо утга зохиолд жинхэнэ шуугианыг тарьсан юм. Номын дэлгүүрүүдээр дууссан зурвасхан хугацаанд үнэ нь лавтай хоёр дахин өссөнийг санаж байна. Яруу найргийн номын хувьд энэ бол асар том амжилт. Үүнээс өмнө “Баяртай гуниг минь” /2010/, “Догдлолууд” /2012/ гээд хоёр ч түүвэр гаргасан билээ. Өдгөө эдгээр номыг хайгаад ч олдохгүй, гагц түүний үнэнч уншигчдын номын тавиурт л бий. Түүнийг ямар нэг “галзуу” зүйл туурвина гэдэгт итгэж найддаг, шинэ номыг нь үргэлж хүлээдэг уншигчдын олонх залуу хүмүүс байдаг.
Тэрээр энэ удаад "Сэтгэцийн асуудлууд" түүврээр хотжилт, бидний сэтгэцэд хэрхэн нөлөөлж ямар асуудлуудаар дарж буйг харуулах шиг. Хотжсон нийгэмд буй асуудал, зөрчлүүд бидний далд ухамсарт хэрхэн нөлөөлж буйг илчлэх мэт. Үнэхээр түмэн бухимдал, стресс дунд байгаа бидэнд магадгүй ийм л яруу найраг хэрэгтэй байж мэднэ.
Та бүхэн ЭНД дарж зохиолч, яруу найрагч Б.Батзаяагийн ярилцлагыг унших боломжтой.
Б.Энхцэцэг "Хөрөг"
Д.Урианхай "Цаг хугацааны МӨНХ БУС руу инээмсэглэгсэд"
“Цаг хугацааны МӨНХ БУС руу инээмсэглэгсэд” роман нь Монголын эмэг эх, ээж, охин гурван уран нугараачдын урлагт зориулсан хүнд, эмгэнэлтэй, хувийн амьдралын бахархалтай түүхийг өгүүлсэн драмлаг, оюун санааны үйл явдалтай сэтгэл зүйн роман юм. Эл бүтээл бол Монголын Циркийн урлагийн уран нугаралтын бодит түүх бус, уран нугараачдын амьдралаас авсан эх дүргүй, урлагийн болон уран бүтээлч хүний амьдрал, үзэл бодлын “дотоод хөгжил”-ийг харуулсан диалоги-роман болно.
Хүүхэд залуучууд, уншигчдад эх оронч үзэл, үндэсний өв соёл, сэтгэлгээний уламжлал, Монгол үндэсний “амьдрах арга”-ын философийг судлах, өөртөө эзэмших, танин мэдэх, өвлүүлэх, уламжлах сэтгэлгээг төлөвшүүлэх, Монголын урлаг соёлын түүхэн нэг өндөрлөг уран нугаралт, Монголын циркийн урлагийн түүх, урын сангийн үнэт өв соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгоход чиглэнэ. Үндэснийхээ болон дэлхийн кино урлагийн шилдэг найруулагч, продюсер, жүжигчин, судлаачдын анхаарлыг Монголын уран нугаралтын урлагт хандуулах, дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээлийг таниулах, гаргахад чиглэсэн болно.
С.Дашдооров "Саруул талын болзоогүй учрал"
Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын уран бүтээлийн өвөөс яруу найргийн шилмэл түүврийг судлаач Х.Чойдогжамцын сонголтоор эмхэтгэжээ.
“Мартахуйн цэл мөсөн доогуур
Санахуйн сул усан жирэлзэнэ” хэмээн бичсэн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровыг “Говийн өндөр” роман, “Холын цэнхэр уулс” тууж, “Бууж мордох хорвоо” өгүүллэг, “Өндөр ээж”, “Саруул талын ерөөл” кино зохиол зэрэг туурвил зүйн бүхий л төрлөөр бичсэн олон бүтээлээр нь уншигчид таних биз ээ. Түүний зохиол бүтээлүүдийг Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр “Нүүдэлч малчин монголчуудын уран зохиолыг шимтэн судалдаг юм гэхэд ухааных нь шигшүүрт гарцаагүй тээглэх хүн бол Сормууниршийн Дашдооров” хэмээн үнэлжээ. Харин утга зохиол судлаач Ч.Билигсайхан “Арван хөрөг” номдоо “Уншигч олны хайр итгэлийг С.Дашдооров зохиолч бүрэн даах хүн” гэж тодорхойлсон нь бий.
Х.Нямхишиг "Жийд хэлний бадгууд"
"Жийд хэлний бадгууд" номын өмнөтгөл хэсэгт яруу найрагч Б.Эрдэнэсолонго "Сайн уу гэх нь муу юу гэх шиг, сайхан тааралдлаа, энэ яруу найрагтай. Гэхдээ гэгээтэй талаар нь зөрлөө. Зөрж байхдаа бодлын хурд гэрлийн хурдаас хэдэн хувь илүү юм гэдгийг мэдэв. Яг тийн бодох агшинд ертөнцийн нөгөө хязгаарт байгаа би Алтайн хөх уулсын оргил дээр зогсчихоод салхин дээр бичсэн үгсийг уншиж, Нямхишигийн ээжийн нулимсыг түүгээд явж байв. Бас цөөрөм мэт том цонхоор шагайж үзэв. Хачин хэл... тэгээд бас бодлоо. Бодлын хурдаас мэдрэмж нь хувь илүү хурдан ажээ. Яруу найргийг шүлэг доторх цаг хугацаа, орон зай, хэл гэсэн даацын гурван хана тогтоон барьж байдаг... Юу ч байлаа гэсэн би сая яруу найраг доторх янжуурын утааг үнэрлэчихээд ирлээ..." хэмээн бичжээ.
Та бүхэн ЭНД дарж зохиолч, яруу найрагч Х.Нямхишигийн ярилцлагыг унших боломжтой.
Тэрбээр яруу найргийн төрлөөр “Бөгтөр хөх өвс”/2008/, “Зун гээсэн чөдөр”/2010/, “Нэргүй ном”/2014/, “Хөх цэгцгий жиргэнэ”/2018/, эсээ бичлэгийн төрлөөр “Алхах тоолонд элс нурнам”/2017/, хүүрнэл зохиолын төрлөөр “Гашуун амт: Амтлаг үнэр"/2020/, орчуулгын төрлөөр Туркийн алдарт яруу найрагчдын шоронд бичсэн шилмэл шүлгийн түүврийг “Хоёр үетэй үг” /2021/ нэрээр хэвлүүлээд буй юм.
"Юу мэднэ гэж?"
Эл ном нийгэм, улс төрийн сэдэвт богино өгүүллэг, баримтат хүүрнэл, эсээний эмхэтгэл. Залуу үеийнхний шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, амьдран буй нийгмээ анзаарах, тулгарч буй бэрхшээлээ шийдэх эрмэлзэлд нэмэр болж юун магад хэмээн гаргаж буй богино өгүүллэг, баримтат хүүрнэл, эсээний эмхэтгэл.
Зохиогчид нь орон орны залуу бичээчид, орчуулагчид нь монгол хүүхдүүд.
Юун тухай яаж бичсэн юм бол? гэх асуултад тань хариулахаас татгалзъя. Тэдний ертөнцийг өмнөөс нь тайлбарлах илүүц биз ээ. Заримд нь сэтгэл өвдөж, заримд нь жуумалзаж, бүгдэд нь "үгүй ээ, ер!" хэмээн дуу алдан уншсан билээ.
Ж.Тэгшзаяа "Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй"
I
Хамтдаа тийм өндөрт дүүлэх мэт агшин зуур гарчихаад
Харанхуй ангалын ёроол руу нэг нь зугуухан унаж байгааг
Хажуунаас нь харах
Харамсмаар байсан уу?
Унаж байхдаа өрөөсөн далавчаа урлана гэж
Ухаангүй итгэсэндээ л улам их шархалсан, шархлуулсан
Улаан цайм намайг аврахаар сунгасан гарыг чинь
Увайгүй түлхсэн, улам харанхуй нүхэнд шигдэж тарчилсан
Хэцүү байсан уу?
II
Хайр гэдэг миний хувьд одоо
Хаалгыг нь татаж үзсэн үхэл
Хав харанхуйд ганцаар хоцрох
Итгэл гэх бөхөж өгдөггүй сүүмэлзсэн гэрлийг
Инээж байгаад ганц амьсгалаар үлээж унтраах
Хатамжлах, хүлцэх
Хамтдаа гэсэн зүрхээ
Хагаслан хуваах
Дүүрээд ирдэг нулимсаа дутуу залгивч
Дурсамж бүрийнхээ ард бүтэн цэг тавих
Хайр гэдэг миний хувьд одоо
Асан дүрэлзэх халуун гал биш
Тэмүүлэл биш
Асгарч буй хүйтэн бороо
Цөхрөл
Хайр гэдэг миний хувьд одоо
Тэмцэх бус ялагдаж сурах
Автах бус ангижирч сурах
Хорих бус чөлөөлөх
Хоосрох, хов хоосорсон ч
Халуунаар өгсөөр байх
Харамсахгүй байх
Сүүлчийн тэнхэл
Хайр ийм болохоор
Хайртай болохоор ингээд Хагацъя. (Ж.Тэгшзаяа)
Орчуулагч Ж.Тэгшзаяагийн анхны шүлгийн ном. Түүнийг "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", "Гоо үзэсгэлэн бол шарх", алдарт дуучин Лана Дель Рейн "Өвсөнд мэхийх нил цэцэг" шүлгийн номуудыг орчуулсан гэдгээр нь уншигчид андахгүй биз ээ. Энэ удаад тэрээр гэрэл зурагчин Г.Цолмон (MOrris)-той хамтран шүлгийн номоо гаргажээ.
Уг номоор дамжуулан Ж.Тэгшзаяагийн 23 настайгаасаа өдийг хүртэл бичсэн шүлгүүдийг уншиж, Г.Цолмонгийн гэрэл зургийн бүтээлүүдтэй танилцах боломжтой.
"Буддын ном"
Будда Шагжамүни сургаал номлолоо айлдсанаас хойш 2500 гаруй он улирч, Монгол газар гурвантаа дэлгэрэх зуур гарсан ном бүтээлийг тоолшгүй боловч юуг анх удаа хэмээн онцгойлсноо эхлээд тайлбарлая.Бурхны шашныг лам хуврагаар тайлбарлуулах, сүсэгтнээр нь яриулах, эсвэл ондоо шашинтны нүдээр харах бүгд өөр, сэдэв нэг боловч үзүүлэх өнцөг тусдаа байдаг. Харин National Geographic-ийн түүхийн альманах нь тодорхой сэдвийг үүсэн гарсан, мандан бадарсан цаг үеийнх нь хэлхээс дунд, хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харуулдгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл шүтэн бишрэгчийн сэтгэлийн хөдөлгөөн, үгүйсгэгчийн эрс үзэл, тоомжиргүйн эндлийг аль болох тойрч, бодит үнэнийг эрэлхийлсэн хэлбэр ч гэж болно.
Энэ онцлогоороо шинжлэх ухааны танин мэдэхүй, түүхэн үнэнд дурлагчдын таашаалд нийцдэг танин мэдэхүйн брэнд National Geographic-той зохиогчийн эрх хамтатгасан НЭПКО хэвлэлийн газрын бүтээл Буддын ном анх удаа гарч байна.
Буддизм, түүний дотор Монголын буддизмын түүх нь нэн баялаг билээ. Бурхан багш Шагжамүни бээр “Миний шашин умраас умарт дэлгэрнэ” хэмээн эш үзүүлж бошиглосон ёсоор Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрсэн бурхны шашин нь Богд Зонховын гэлүгийн ёсноос эхтэй боловч “Умар зүгийн Жавзандамбын шашин” хэмээгдэх бөлгөө. Монголчууд бол буддын өв соёлыг хадгалагчид, хамгаалан дэлгэрүүлэгчид төдийгүй бурхны шашны шинэ түүхийг бүтээгчид юм.
О.Элбэгтөгс "Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал"
"Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал" ном нь О.Элбэгтөгсийн яруу найргийн төрлөөр туурвисан дөрөв дэх ном юм. Тус ном Сахиусан тэнгэр ба лусын дагина, Тэнэгүүдийн товчоо, Далавчтай бүсгүйд зориулсан шүлгүүд, Эрвээхэй, Буддагийн тухай шүлгүүд, Үхлийн галт тэрэг, Харын баяр & Мандалговь, Жазз гараг дээрх Жон Колтрейний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал, Хүүбэрдийн гунигт шүлгүүд, Нүдний шил шиг хамар дээр тохоотой супермаркетууд, Ивайда арслан гэсэн 11 цуврал шүлгээс бүрдэж байгаа бөгөөд цуврал тус бүр дотроо 3-12 шүлэг агуулж буй.
"Хөх мэдрэхүй" бүлгэмийн гишүүн О.Элбэгтөгс өмнө нь яруу найргийн төрлөөр "Чимээгүй хот", "Эмгэнэлийн үр хөврөл", "Чөлөөт шувуу", "Тэнцвэр" номууд, мөн "Бүслэлт" өгүүллэгийн түүвэр хэвлүүлээд буй юм. Яруу найрагч О.Содномпил "Түүний шүлгүүдээс, нийгмээс шалтгаантай сэрэл мэдрэмжүүд, айдас, түгшүүр, шаналал зовнил, үзэн ядалт, ганцаардал шазуур, зөрчилдөөн байж ядсан цухал мэдрэгдэнэ. Тэр бол орчин цагийн нийгмийн дуу хоолой" гэж тодотгосон байдаг.
Б.Энхжаргал, Э.Мишээл “Цэцэрлэгт юу болдог вэ?”
Цэцэрлэгийн насны хүүхдүүд зуны амралтын дараа болон цэцэрлэгт анх орохдоо айх, дургүйцэхүйлдэл ихээхэн гаргадаг. Яг энэ шалтгаанаас болоод хүүхэд маань цэцэрлэгт явахдаа айж байнагээд ажилдаа эргэн орж чадахгүй, сэтгэл түгшсэн байдалтай өдрийг өнгөрөөдөг ээж, аавууднэлээдгүй байдаг.
Хүүхэд өөрийн дасаагүй орчноосоо айж байгаа учраас дургүйцлээ илэрхийлж байгаа. Гэр бүлийнанхдагч орчноосоо гарч олон хүний дунд орох нь тухгүй мэдрэмж төрүүлдэг. Томчууд ч бас шинэажил, шинэ хамт олонд орохдоо багагүй айдастай байдаг шүү дээ. Хэрвээ цэцэрлэгт юу болдгийг,юу хийдгийг болон орой ирээд өөрийг нь авахыг мэдэж байвал хүүхдийн сэтгэл зүйн түгшүүрбагасаж, орчиндоо дасахад нь дэмжлэг үзүүлэх юм.
“ЦЭЦЭРЛЭГТ ЮУ БОЛДОГ ВЭ?” номыг хүүхдэдээ уншиж өгснөөр цэцэрлэгт дасах, сэтгэл зүйг ньбэлдэхэд тус нэмэр болох юм.
Цэцэрлэгт явах сэтгэл зүйн бэлтгэлийг хийх нь зөвхөн хоёр настай хүүхэд 8-р сараас эхлэх үйл явц бишюм. Хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн ээж, хүүхэд тус тусын том ажилтай, миний хүүхэд нийгмийн нэггишүүн тул олон хүний дунд орно гэдгийг санаж байх нь зүйтэй юм. Иймд хүүхдийг зургаан сартайгаас ньэхлэн номыг уншиж өгснөөр илүү үр дүнтэй.
Ц.Гончиг "Цул мөнгөн гүүр"
К.С.Люис "Нарниагийн товчоон: Илбэчний зээ дүү, Арслан шулам ба шүүгээ"
К.С.Люис уг цуврал зохиолдоо уламжлалт Христийн шашны сэдвээс гадна Перс, Грек, Ром зэрэг өрнө дахины домгууд, Их Британи, Ирландын ардын аман зохиолын маш олон дүр, дүрслэл, уран санааг өргөнөөр ашиглажээ. Эл ном Б.Амарбаясгалангийн орчуулгаар монгол хэлнээ хэвлэгдээд байна.
Тачихара Мичизо "Зун шиг, зүүд шиг..."
Тачихара Мичизогийн шүлгүүд эртний европ хэв маягаар буюу 14 мөрт сонет хэлбэртэй. Японы яруу найрагчид дунд эл төрлөөр олон шүлэг бичсэн түүн шиг яруу найрагч нэн ховор. Тэрээр дуу хөгжимд тун дуртай, хөгжмийн өндөр мэдрэмжтэй байсан нэгэн. Шүлгүүдээ дууны үгэнд зориулж бичээгүй ч яруу найргийнх нь намуухан, эгшиглэнт өгүүлэмж нь хөгжимтэй ихэд найрсаж, олон хөгжмийн зохиолчид дуу болгосон байна.
Нас барсных нь дараа эмхэтгэн гаргасан түүний шүлгүүдэд залуусын сэтгэлийг өнөөг хүртэл татах увдис, соронздох эрчим байсаар...
Зун шиг ахархан түүний амьдрал “сэрүүн, зүүд” хоёрын гинжин хэлхээ “гэрэл, сүүдэр”-ийн дундах ямххан зайг дотоод дуу хоолойгоороо шивнэх мэт, хашхирах шиг үлдээж чаджээ. Эдгээж, эгог минь дарж, эгэл нэгэн болгосон эрхэм хүний 60 сонет, 2 шүлгийг сонгож Д.Дэлгэрсүрэн монгол хэлнээ орчуулжээ.
Жөүзи Малиновски “Зүүдний сэтгэл судлал”
Зүүдийг судалсан шинжлэх ухааны замд чухам юу юу тохиолдсон, ямар нууцыг олж нээсэн зэрэг олон асуултын хариуг энэ ном өгч чадна.
Зүүд бол унтаж байхад үзэгдэх хий хоосон дүр дүрслэл төдийхөн зүйл биш. Олон зууны туршид хүн төрөлхтөн зүүднийхээ утга учрыг эрэлхийлэн, төрөл бүрийн тайлбар, тайллуудыг хийсээр ирсэн авч шинжлэх ухаан хөгжсөн өнөө цаг үед л бид илүү итгэж болохуйц, бодитой тайлбарыг хийж буй юм. Хүний сэтгэл зүйн үзэгдлүүд дундаас магадгүй хамгийн ер бусын ч байж мэдэх зүүд нь нойрон дунд биднийг зүгээр л зугаацуулахаас хэд дахин илүү их ашиг тустай байдгийг аль хэдийн тогтоожээ. Тэгвэл тэрхүү ашиг тус нь юу болох тухай энэхүү бүтээлээр зохиогч машид тодорхой дэлгэрүүлэн харуулсан юм. Ингэхдээ тэрээр сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд зүүдийг судалсан судалгаа шинжилгээний ажлыг ашиглан тайлбарласан байна. Тухайлбал зүүд хэрхэн танин мэдэхүйн чадваруудад нөлөөлж байдаг, сэтгэцийн гэмтэл авсан хүний зүүд хэрхэн өөрчлөгддөг болох, эдгэрэх үйл явцтай зүүд хэрхэн уялддаг болон зүүд бидний тухай юуг хэлж чадах вэ зэрэг маш өргөн хүрээг хамран өгүүлсэн аж.
Хэн ч нууцыг нь үл тайлах үзэгдэл мэт байсан зүүдийг хүмүүс бид орчин үед нэлээдгүй танин мэджээ. Бид таагүй, муу зүүдээ эсвэл үл мартагдах зүүднийхээ утга учрыг шууд ойлгож мэдэж чадахгүй ч гэлээ тэдгээр нь бидний сэтгэл зүйн байдалтай салшгүй холбоотой гэдгийг сайтар ойлгох болсон нь нэгэн амжилт юм. Тиймээс шинжлэх ухаан зүүдний талаар юу хэлж чадахыг энэхүү бүтээлээс уншигч та бүхэн олно хэмээн итгэж байна. Н.Өнөржаргал эл бүтээлийг эх хэлнээ орчуулжээ.
Стивэн Жэррард "Миний түүх"
Эл ном Стивэн Жэррардыг "Ливэрпүүл"-ээс явсны дараа хэвлэгджээ.
Тэрээр Премьер лигт түрүүлээгүй нь маргашгүй үнэн. Түүнийг үүгээр насан туршид нь шоолох байх. Гэхдээ өргөж болох байсан олон цомуудын оронд олон хөгжөөн дэмжигчээс үүрдийн хайр хүртсэн нь бас л үнэн. Тэр бол хөлбөмбөгийн үүрдийн баатар, ахлагч, домог, олон хүний хайрладаг тамирчин.
Домогт хөлбөмбөгчин Стивэн Жэррардын хүн бүрийг гайхшруулах ер бусын түүхийг хүүрнэх уг номыг хөлбөмбөгийн тайлбарлагч Л.Оюу-Од таван жилийн хугацаанд орчуулжээ. Энэ бол монгол хэлнээ орчуулагдсан Стивэн Жэррардын хоёр дахь ном билээ.
Рой Чапмэн Эндрюс "Эртний хүний мөрөөр"
АНУ-н нэрт судлаач, аялагч, өөр олон ч тодотголтой Рой Чапмэн Эндрюсийн 1926 онд туурвисан "Эртний хүний мөрөөр" бүтээлийг 10 гаруй жилийн дараа монгол хэлнээ дахин хэвлэжээ.
Уг алдарт бүтээлийг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын хүү Д.Гэрэлтөв, охин Д.Маралгоо нар хамтран орчуулж, нэрт зохиолч Дарамын Батбаяр, нэрт орчуулагч Гүрбазарын Амар нар ариутган шүүсэн юм.
Эндрюс 1921-1925 онд Монголын говьд гурван удаагийн эрдэм шинжилгээний аялал удирдан хийжээ. Ингэхдээ палентологи, археологи, хүн судлалд чухал ололт ахиц авчирч, тэдгээр нь Монголын талаарх чухал сурвалж болон түүхэнд үлдсэн билээ. Монголын нутгаар эртний хүн хайж ирсэн Төв Азийн шинжилгээний баг үлэг гүрвэлийн өндөг анх олсон юм. Үүнээс хойш 100 жил өнгөрөөд байна.
Иммануэл Кант "Үүрдийн энх тайван: Философийн ноорог"
Соён гэгээрлийн эрин үеийн Германы философийн гол төлөөлөгч Иммануэл Кантын 1795 онд хэвлүүлсэн “Үүрдийн энх тайван” хэмээх бүтээл нь олон улсын харилцааны либерал-идеалист онолын дэг сургуулийн үзэл санаа, мөн орчин цагийн олон улсын нийтийн эрх зүйн гол эх сурвалж хэмээн зүй ёсоор тооцогддог.
Түүний дэвшүүлсэн үүрдийн энх тайвны тухай үзэл санаа нь орчин үеийн олон улсын харилцаа, дипломат ажиллагаа хэлбэршин тогтоход томоохон нөлөө үзүүлсний зэрэгцээ дайны асуудлыг энхийн замаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байсан олон арван философич, улс төрчдийн үзэл номлол бүрэлдэн бий болоход чухал дэм болсон билээ. Эл номыг П.Мягмардорж монгол хэлнээ орчуулжээ.
Д.Урианхай "Аз жаргалгүй амьдарч байвал монгол хүн та намайг уучлаарай"
Эл бүтээлд зохиолч, яруу найрагч Д.Урианхайн “Монголын нийгмийн хөгжил хийгээд монгол хүний тухай философи сэтгэмжит 109 бодрол” багтсан болно. Монголчууд бид үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэх нийгмийг бий болгож чадсан ч өдгөө бүх нийтээрээ оюун санаа, сэтгэлгээний эрх чөлөө, тусгаар тогтнолтой болж, хэрсүүжин урагшлах шаардлага тулгарч буй.
Нэгдмэл ойлголт, үнэт зүйлгүй цаг хугацааг улираасаар байгаа нь бид бүхнийг материаллаг ахуйгаас цааш давж сэтгэн хөгжихөд тушаа болж байгаа юм. Тиймээс зохиолч Д.Урианхай Монголын нийгмийн асуудлыг гаднын онолч, сэтгэгчдийн оюунаар шүүн тунгаасан бус монгол хүний оюун сэтгэлийн угаас, ул дол болсон үг хэллэгээр бус өдөр тутамдаа тэр бүр сонсоод байдаггүй “амьд” агуулгаар бичсэн нь уншигч танд монгол философи сэтгэлгээ, үзэл баримтлалын үндэс болж тавигдах буй за.
Кармен Мола "Араатан"
Кармен Мола хэмээх уран зохиолын нууц нэрийн ард Хорхе Диаз, Агустин Мартинез, Антонио Мерсеро гэсэн гурван эрэгтэй зохиолч байдаг. Тэд Кармен Мола нэрээр триллер, детектив төрлийн цуврал хэд хэдэн зохиол бичсэнээс "Араатан" бүтээл нь 2021 оны шилдэг номоор шалгарчээ.
Хэдийгээр үйл явдал нь 1830-аад оны Испанийн иргэний дайн, хямрал, тахал, гэмт хэрэг гардаг ч 2021 онд Испанид хэвлэгдсэн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, Испанийн түүхийн онцгой нэгэн үед (иргэний дайн, хаан ширээний төлөөх тэмцэл, талцал, тахал, ядуурал, гэмт хэрэг, лам нарыг хядсан хэрэг зэрэг) тохиосон аймшигт гэмт хэргийн тухай триллер зохиол.
Испани болон испани хэлт ертөнцөд (Латин Америк) томдоо ордог Planeta хэвлэлийн газрын 2021 оны шилдэг ном. Тус номыг испани хэлнээс монгол хэл рүү Б.Нямдорж орчуулжээ.
Түүний ярилцлагыг ЭНД дарж унших боломжтой.
Ингмар Бергман “Миний амьдрал кино хальсанд”
Хүний сэтгэлийг тэнгис далай юм гэвэл дурсамжийг нь чулуутай зүйрлэж болом. Ус руу чулуу шидэхэд цалгилан долгилж мяралзаад, эргээд тогтуун болдог доо. Шведийн нэрт кино найруулагч Ингмар Бергман найруулагчийн замнал хийгээд амьдралынхаа түүхийг уудалсан энэхүү номоо бичихийн тулд бүтэн хоёр жилийн турш сэтгэлийнхээ тэнгис рүү дурсамжийн чулууг эгээ л уургаа хаях загасчин мэт уйгагүй шидэж, баялаг, өрнүүн атлаа басхүү уйтай, тун ч үзэсгэлэнтэй долгисыг бүтээн бидэнд харуулжээ.
Бүх цаг үеийн хамгийн агуу найруулагчдын нэгэнд зүй ёсоор тооцогддог эл эрхэм цаг ямагт агуу байгаагүй гэдгээ чин шударгаар хүлээн зөвшөөрч, өөрийн доторх турьгүй бяцхан хүү, өтөл өвгөн, сахиусан тэнгэрүүд хийгээд ад зэтгэрүүдээ ч нуулгүй илчлэн хүүрнэснийг энэхүү номоос та унших болно. Уг номыг Н.Өнөржаргал эх хэлнээ орчуулжээ.