Орос болон Украины хооронд өрнөсөн дайны нөхцөл байдлаас улбаалж Европын хөлбөмбөгийн холбооноос 2022 оны 2-р сард Оросын бүх насны шигшээ баг болон клубүүдийг өөрсдийн зохион байгуулдаг хөлбөмбөгийн тэмцээнүүдэд оролцохыг хориглосон билээ.
Эл шийдвэрээс 19 сарын дараагаар УЕФА өөрсдийн далбаан доорх 17 хүртэлх насныхны тэмцээнүүддээ Оросын багийг оролцуулахаар болсноо мэдэгдлээ. Эл мэдэгдэлд "Охид, хөвгүүд насанд хүрэгчдийн буруутай үйлдлийн төлөө шийтгэгдэх ёсгүй" гэдгийг онцлон дурджээ.
Гэхдээ ямар ч хөлбөмбөгийн тоглолтыг Оросын нутаг дэвсгэрт явуулахгүй бөгөөд оросын багуудыг үндэснийхээ хувцас өмсөх, туг далбаагаа ашиглах, сүлд дууллаа эгшиглүүлэхийг хориглоно гэв.
Харин Оросын насанд хүрэгчдийн шигшээ баг болон тус улсын клубүүдийг Европын тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрээ дайн дуусах хүртэл хүчинтэй хэвээр байлгана гэлээ.
Гэвч УЕФА-гийн зарим гишүүн холбоод тус шийдвэртэй санал нийлэхгүй байгаа агаад тухайлахад, Английн шигшээ баг Оростой тоглохгүй гэж мэдэгдэв.
Мөн Украины хөлбөмбөгийн холбоо (UAF) үүний хариуд Оросын багуудын оролцсон тэмцээнд тоглохгүй гэдгээ мэдэгдэж, бусад улс орнуудыг ч үүнд нэгдэхийг уриалжээ.
УЕФА-гаас мөн 2022 оны Аваргуудын лигийн финалын тоглолт, 2023 оны Супер цомын тоглолт Оросын Санкт-Петербург болон Казань хотод явагдах хуваарьтай байсныг өөрчилж, Оросын эрчим хүчний магнат "Газпром"-той үзэглэсэн ивээн тэтгэгчийн гэрээгээ цуцалсан билээ.