Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Боксын рингэнд өчигдөр Монголын гурван тамирчин тулалдсан юм.
Өнөө жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд буй Баатарсүхийн Чинзориг дэлхийн аварга Руслас Абдуллаевтай тулалдлаа. Тэд өнгөрсөн тавдугаар сард ДАШТ-ий финалд тулалдахад, Абдуллаев ялсан билээ.
Харин энэ удаад Б.Чинзориг өрсөлдөгчөө 5:0-ээр илүүрхэж, хариугаа авсан юм.
Улмаар Б.Чинзориг Азийн наадмын хүрэл медалийн төлөө Казахстаны Ертуган Жэйнуллиновтой тулалдана. Тэрбээр шөвгийн наймд энэ оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Баходур Усмоновыг ялаад буй юм.
Б.Чинзориг тулааны дараах ярилцлагадаа "Би энэ тэмцээнд түрүүлэх гэж ирсэн. Зорилгодоо хүрнэ" гэлээ.
Өнгөрсөн оны Азийн АШТ-ий хүрэл медальт О.Есүгэн өчигдөр Бангладешийн Зиннат Фердоусыг 5:0-ээр ялснаар Азийн наадмын хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга Назым Кызайбайтай тулалдахаар боллоо.
Харин Д.Бариахааны хувьд Казакстаны тамирчинд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Өнөөдөр 16:45 цагаас 71 кг-ийн жинд Б.Төгөлдөр Тайландын тамирчинтай тулалдах бол 19:30 цагаас 60 кг-ийн жинд Т.Номин-Эрдэнэ Японы тамирчинтай тулалдах хуваарьтай байна.
