Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2010 онд Гуанжоуд болсон Азийн наадмын дараа тус наадмын хөтөлбөрөөс шатрын спортыг хассан билээ. Тэгвэл хоёр Азийн наадмыг өнжсөний хойно "Ханжоу 2022"-д шатрыг ахин нэмсэн юм.
Есөн өрөг бүхий швейцарь системээр өрсөлдсөн хувийн төрөлд эрэгтэйчүүдээс Их мастер С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар өрсөлдөв.
Тус ангилалд Хятадын шатарчин И Вэй 7.5 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны Нодирбек Абдусатторов 7.0 оноогоор, Жавохир Синдаров 6.5 оноогоор мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм. Монголын шатарчдаас Их мастер С.Билгүүн 5.5 оноогоор VII байрт, С.Ган-Эрдэнэ 4.5 оноогоор 19-р байрт жагсжээ.
Их мастер С.Билгүүн өнгөрсөн тавдугаар сард явагдсан 3*3 Азийн бүсийн АШТ-ий Нээлттэй ангилалд есөн өргийн тоглолтыг хожигдолгүй өндөрлүүлж, 7.0 оноотойгоор түрүүлсэн билээ.
Харин эмэгтэйчүүдээс Их мастер Т.Мөнхзул 5.0 оноогоор 11-р байрт, Их мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор 13-р байрт бичигдлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Хятадын Их мастер Жу Жин Ир 7.0 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны Умида Омонова 6.5 оноогоор мөнгө, Хятадын Их мастер Хоу И Фан 6.5 оноогоор хүрэл медаль хүртжээ.